Өглөө бүр жингээ үзээд тоонд нь онц ялгаа гараагүйг хараад сэтгэлээр хямардаг бүсгүй цөөнгүй. Гэвч жин бага тоо заасан ч тураагүй байх нь бий. Турах, биеэ дасгалжуулах үйл явцаа хянах дараах аргуудыг Калифорнийн их сургуулийн эрдэмтэд зөвлөжээ. Эдгээр нь бие тань тохиромжтойгоосоо хэр илүү ачаа үүрч байгааг харуулна.

Тойргоо хэмжих
Булчин өөхнөөс хүнд байдаг атлаа илүү бага зай эзэлдэг. Иймд өгзөг, гуя, гарын булчин, гэдэс гэхчлэн тураах гэсэн хэсгийнхээ тойргийг хэмжиж гэмээнэ (долоо хоног эсвэл сард нэг удаа) бодит үр дүнгээ харна. Дасгал хийгээд л байдаг, жин өнөөх тоогоо л харуулаад байгаа нь ийм учиртай байх нь.


Өгзөг, бүсэлхийний тойргоо харьцуул
Энэ бол бодисын солилцоо тань хэр явагдаж байгааг харуулах гол үзүүлэлт. Гэдэсний өөх муу бол өгзөг хавиараа тарган байх нь зүрхний үйл ажиллагаанд харин ч сайн гэж Оксфордын их сургуулийн судлаачид үзжээ. ДЭМБ-аас өгзөг, бүсэлхийний харьцааг 0.85 хувиас бага байвал эрүүл гэж зөвлөсөн. Бүсэлхийний тойргийг өгзөгний тойргийн хэмжээнд хувааж эл үзүүлэлтийг гаргаж ирдэг. Тухайлбал таны бэлхүүс 64 см, өгзөг 97 см-ээр хэмжигдэж байгаа бол харьцаа нь 0.66 гэсэн үг.

Өөртөө зориулж хоолны тэмдэглэл хөтлөх
Хоолны зөв зуршилтай байх нь эрүүл байхын үндэс гэдгийг бид мэднэ. Тэгвэл хоолны дуршил сайтай байх нь турахад ач тустай ажээ. Ямар цагт хэр хэмжээний калори хуримтлуулахаа мэдэх хэрэгтэй ч тэр бүр тоолох нь үр дүнгүй арга. Иймд зөвхөн өөртөө (хүсвэл бусадтай хуваалцаж болно) харагдах инстаграм хуудас нээгээд идсэн хоол бүрээ сэтгэгдэлтэйгээ тэмдэглэж үзээрэй. Хэсэг хугацааны дараа хоолыг таргалуулдаг дайсан гэж харахаа болино гэж судлаачид амлаж байна. Улмаар хоолны сайн дуршил, зуршилтай болно.


Суултын дасгал хий
Бидний ярьж хэвшсэнээр скуат гэгддэг суултын энгийн дасгал хэр чийрэг биетэйг тань харуулна. Скуат хийхдээ урд, хажуу талаасаа толинд сайн хараарай. Өвдөгний түвшнээс доош суухдаа гараа унагалгүй өргөж, өсгийгөө хөндийрүүлэхгүй, нэг тийшээ хазайлгүй, урагш тонгойлгүй хийж чадаж байгаа бол таны масс хэвийн гэсэн үг.
Хэрэв таны биеийн хэсгүүд булчинлаг бөгөөд нарийхан, бэлхүүс тань өгзөгнөөс тань мэдэгдэхүйц нарийн, суултын дасгал түвэггүй хийдэг, таргална гэж санаа зоволгүйгээр хүссэнээ идэж чаддаг бол жингээ үзэх хэрэггүй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Нэмж дурдахад, нойр, хоол, бэлгийн зуршил турахад чухал ач холбогдолтой. Бас цусны даралтаа тогтмол шалгаж хэвших хэрэгтэй. Цусны даралт тэжээлийн хүртээмж, зүрхний эрүүл мэнд, бухимдлын хэмжүүр учраас эрүүл, эсэхийг тань харуулна.