Хосууд бие биенээ хуурахад насны байдал тодорхой хэмжээгээр нөлөөлж буйг саяхны нэгэн судалгааны үр дүн харуулжээ. Ashley Madison гэх болзооны сайт 2099 хүнийг хамруулсан судалгаа явуулж, хүмүүс хэдэн насандаа араар тавих магадлал нь нэмэгддэг болохыг тодруулжээ. Тэд судалгаанд оролцогчдыг насны бүлгээр нь 19-29, 30-39, 40-49 хэмээн гурав ангилж, эдгээр насны хүмүүсийн гэр бүлээ хуурч, араар тавих магадлалыг хувьчлан гаргасан байна. Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр бүлээ хуурах магадлал хамгийн өндөр байдаг насыг тодорхойлохыг зорьжээ.
Судалгаанаас үзэхэд эрчүүд 36 насандаа, эмэгтэйчүүд 33 насандаа эхнэр, нөхрөө хуурах магадлал хамгийн өндөр байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Үүний гол шалтгаан нь хосуудын амьдрал төсөөлж байсантай нь нийцдэггүйтэй холбоотой гэнэ.
Ashley Madison сайтын харилцаа хариуцсан захирал Эшли Мэдисон "Манай вэб сайтад бүртгэлтэй гишүүдийн олонхи нь гэрлэлт төсөөлж байсан шиг нь байгаагүй гэж ярьдаг. Бал сар дуусаж, хүүхэдтэй болоход бүх зүйл өөрчлөгддөг" гэж ярьжээ.
Төсөөлөл бодит байдлаас ялгаатай байх нь араар тавих нэг шалтгаан байж болох ч хууралтыг ганцхан шалтгаанаас үүнээс үүдэлтэй гэж үзэх нь өрөөсгөл юм. Мөн нас насны онцлогоос шалтгаалах хүчин зүйлс ч бий.
1. 30-39 насныхан гэр бүлээ хуурах "магадлал" 32 хувь

Судалгаанд хамрагдсан хүмүүсийг насны бүлгээр нь авч үзвэл эхнэр, нөхрөө хуурах магадлал хамгийн өндөртэй бүлэг нь 30-39 насныхан гэнэ. Асуулгад хамрагдсан хүмүүсийн 32 хувь нь 30-39 насандаа анх гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байсан гэж хариулжээ. АНУ-д гэрлэлтийн дундаж нас 28 байдаг бөгөөд дээрх судалгааны үр дүнгээс харахад хүмүүс гэр бүл зохиогоод удаагүй ч хуурах магадлал байгааг харуулж байна.
2. 20-29 насныхан гэр бүлээ хуурах "магадлал" 28 хувь

Тэгвэл судалгаанд хамрагдагсдын 28 хувь нь 20-29 насандаа гэр бүлээ хуурч байсан гэж хариулжээ. "The New Monogamy: Redefining Your Relationship After Infidelity" номын зохиогч, секс болон хосуудын харилцааны зөвлөх эмч Тамми Нилсон "Гэрлэлтийн талаарх бидний төсөөлөл, хамтрагч нь хэн байх, гэрлэлтийн дараа хэрхэн өөрчлөгдөх гэх мэт асуудал хүмүүсийг харилцаандаа сэтгэл гонсойход хүргэдэг" гэжээ.
3. 40-49 насныхан гэр бүлээ хуурах "магадлал" 24 хувь

Тэгвэл ахимаг насныхны 24 хувь нь 40-49 насандаа гэр бүлийн хүнээ хуурч байсан гэжээ. "Хосууд хүүхэдтэй болсны дараа л гэрлэлт ямар их сорилт, бэрхшээл дагуулдгийг ойлгодог. Бас энэ нь тэдний харилцаа, мэдрэмжид нөлөөлдөг. Нөгөөтэйгүүр олон хүн хүүхэдтэй болсны дараа эхнэр, нөхрөө хуурдаг. Магадгүй хүүхэд төрж, гэр бүлийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээхээс өмнө ямар байснаа санагалзаж, энэ стрессээсээ бага ч гэсэн ангижрахын тулд ийм алхам хийдэг байж болох юм" гэж Тамми Нилсон тайлбарлажээ.