Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс, аймгийн цолтой 128 бөх зодоглолоо. Энэ наадмыг улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай нар магнайлж барилдсан юм.
Бямба гарагт явагдсан уг наадмын түрүү бөхөөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын харцага Эрдэнэбатын Даш тодров. Тэрбээр аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан С.Сүхбат, улсын начин Б.Түмэндэмбэрэл, Баянхонгор аймгийн арслан Б.Бат-Орших, Хэнтий аймгийн арслан Г.Ганцоож, Өмнөговь аймгийн харцага Б.Амар-Амгалан нарыг давснаар заалны барилдаанд гурав дахиа түрүүлсэн нь энэ.
Э.Даш Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд 2016, 2017 онуудад үзүүрлэж байсан бол өнөө жил анхны түрүүгээ дархаллаа.
Эл наадам Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын залуу заан Сүхбаатарын Сүхбат зургаа давж үзүүрлэв.
Харин их шөвөгт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон, Увс аймгийн Ховд сумын харьяат улсын начин Л.Энхсаруул нар шалгарлаа.
Хөвсгөл аймгийн арслан М.Баасанжав шинэ цолтны иртэй, ассан зоригтой барилдаанаараа Монгол бахархлын өдрийг чимэв. Тэрбээр энэ наадмын үеэр аварга О.Хангай, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Завхан аймгийн арслан А.Нармандах нарыг хаяж, бөхийн өргөөг шуугиулсан. Түүний эрэмгий чадлаа гайхуулсан энэхүү бахдам амжилтыг улсын залуу арслан Ц.Бямба-Отгон тавын даваанаа тасалсан.
М.Баасанжав ид шуугиулах 24 насандаа Булганы наадамд түрүүлж, сумын заанаас аймгийн арслан цолонд хүрсэн билээ. Түүнчлэн мянган бөхийн наадамд хоёр түрүүлж, хоёр үзүүрлэсэн амжилттай бөх өө.
Өмнөговь аймгийн идэр заан Сугирын Даржпалам улсын начин Б.Даваа-Очир, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг өвдөг шороодуулж, гурвын даваанаа Увс аймгийн заан Т.Батсүрэнтэй тунан барилдаад уналаа.
Дээгүүр даваанд зүтгэж барилдана гэх таамагт яригдаж байсан бөхчүүдээс улсын заан Б.Бат-Өлзий гурвын даваанаа Дорнод аймгийн арслан М.Билгүтэйд, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нэгийн даваанаа Хөвсгөл аймгийн заан Х.Бөхбаярт, цэргийн арслан Д.Цэрэнням нэгийн даваанаа Булган аймгийн арслан Г.Ганбаатарт, улсын залуу начин Э.Батмагнай хоёрын даваанаа Увс аймгийн арслан Б.Нямсамбууд өвдөг шороодов.
Энэ наадмын түрүү бөхөд өнөө жилээс Чингис хааны цомыг гардуулах болсон бөгөөд анхны эзнээр Э.Даш тодорлоо.
Сонирхуулахад, энэ барилдаанд аварга Ч.Санжаадамба, гарди Ө.Бат-Орших нар хоёр удаа түрүүлсэн бол аварга П.Бүрэнтөгс, арслан Р.Пүрэвдагва, гарди Ц.Бямба-Отгон, Н.Ганбаатар нар, заан Д.Анар, харцага Э.Даш, начин Н.Баярбаатар нар тус бүр нэгэнтээ түрүүлээд байна.
