Монголын номын зах зээл агуулга бүтээгчдэд ээлтэй, эрүүл байж чаддаг болов уу. Энэ сэдвийн хүрээнд “Эрдэмт” паблишингийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэнтэй ярилцлаа.
-Монголд хэвлэлийн үйл ажиллагаа явуулахад юу нь амархан, юу нь хэцүү байдаг вэ. Ялангуяа энэ салбар руу шинээр орж ирсэн агуулга бүтээгчид маань ямар сорилтуудтай нүүр тулдаг юм бол?
-Орчуулгын ном, бүтээлийг эрхлэн гаргадаг газрын хувьд анхны номын эрхээ авах нь эр зориг шаардах том алхам юм. Гадаадын паблишингууд олон жилийн хамтын ажиллагааг чухалчилдгаас ихэнх тохиолдолд туршлагатай компанид хэвлэлийн эрхээ өгөх сонирхолтой байдаг.
Тэгэхээр анхандаа бол хүссэн номоо орчуулж, гаргая гэхэд “Бид орчуулгын эрхээ туршлагатай компанид л өгнө” гэсэн хариу сонсож л бүх ажил маань эхэлдэг. Ингэж туршлагагүй ч гэсэн эрхийг нь авч болох номыг хайхад хүрч байгаа юм. Хоёр ном гаргасны дараагаас энэ нөхцөл байдал өөрчлөгдөнө л дөө.
Тухайн ном хэвлэгдэн гарах хүртлээ тодорхой хугацааг туулдаг. Хамгийн багадаа хагас жил. Заримдаа удсаар таван жилийн гэрээ нь дуусах ч тохиолдол бий. Ном бүтээх цаг хугацаа бол ямар ч орлогогүй, зөвхөн зардалтай үйл ажиллагаа юм. Зохиогчийн эрхийн төлбөр, орчуулагч, редакторуудын ажлын хөлс, хэвлэлийн зардал зэрэг бүхэл дүнтэй зарлагууд гарах ч, тухайн ном худалдаанд гарахад орлого нь бага багаар орж ирнэ. Иймд өдгөө үйл ажиллагаа явуулж байгаа паблишингууд бүгд л цэвэр өөрийнхөө хүсэл зоригоор ажиллаж байна. Шинээр эхлэхэд тийм ч хурдан өсөж, өндийдөггүй бизнес л дээ, энэ. Гэхдээ өөдрөгөөр харвал урт хугацаандаа, тогтвортойгоор өсөх боломжтой.
-Өдгөө танай паблишингийн үйл ажиллагаа хэр тогтворжиж байна вэ?
-Бид 2020 онд “Жек Магийн бүтээсэн Алибаба” номын эрхийг авч, эх хэлнээ орчуулснаар “Эрдэмт” паблишингийг байгуулах суурь тавигдсан.
Таван жилийн хугацааг таван настай хүүхэдтэй харьцуулан бодоход сурахын төлөө эрмэлзэж, туршилтыг даван туулж, алдаж оносоор л одоо бид өөрийгөө илэрхийлдэг хэмжээнийх болж өсөөд байна. Монгол дахь номын салбарын зах зээл жижигхэн. Цөөн хүн амтай, уншигчдын тоо ч төдийлөн их биш. Зах зээл жижиг, дээрээс нь зах зээлд яаж номоо хүргэх вэ гэдэг чинь дараалсан том сорилтууд юм. Ер нь бид номынхоо үнийг тогтоохдоо үндсэн үйлдвэрлэлийн өртөг гэж нэрлэж болох зардлуудыг л шингээж чаддаг. Харин энэ зуурт хэвлэлийн үнэ тасралтгүй өсөж байна шүү дээ. Гэлээ ч бид номынхоо үнийг тэр хэмжээгээр нэмж чадахгүй байгаа юм. Үүнээс улбаалаад орчуулагч, редакторууддаа хангалттай ажлын хөлс өгөх боломжгүй болсон.

Бүх л паблишингууд өөрсдийн эрхлэн гаргасан номоо зах зээлд танилцуулах, маркетингийн зардлыг номынхоо үнэд шингээж чаддаггүй. Ном нь өөрийгөө зарах байлгүй л гэж боддог байх.
Томоохон номын дэлгүүрүүд дэргэдээ паблишингтай, хэвлэлийн үйлдвэртэй болохоор бүхэлдээ нийлмэл хүчээр ажиллаж буй тогтолцоо юм. Цар тахлын дараа жижиг номын дэлгүүрүүд олноороо хаагдсан. Би нэг сарын дотор хаалгаа барьж буй таван дэлгүүрээс буцаалтын номоо очиж авсан удаатай. Зах зээл агшиж, тоглогчид нь цөөрөөд ирэхлээр номын дэлгүүрүүд өөрсдийн паблишингийн номыг хамгийн боломжтой тавиурт байршуулаад, хамгийн боломжит хувилбараар хүмүүст хүргэж байна. Гэтэл өөрийн гэсэн номын дэлгүүргүй, дан ганц паблишингийн бизнес эрхэлдэг газруудын хувьд багагүй сорилттой нүүр тулна гээч. Бидний номыг борлуулахгүй гэж хэлэхгүй л дээ, гэхдээ адилхан боломжийг хүртээхгүй. Түүнчлэн зарим номын дэлгүүрүүд хямдрал зарлахдаа зөвхөн өөрсдийн паблишингийн номыг хямдруулна гэдэг нь биднийг улам л том сорилт руу түлхэж байгаа хэрэг юм.
Тухайн номын агуулгыг бүтээж, эхийг нь бэлдээд, англи номоос нь гоё хавтастайгаар хэвлүүлэх мэдрэмж хичнээн сайхан гэж санана аа. Энэ бол есөн сар хүүхэд тээгээд, төрүүлж буйтай дүйцэх мэдрэмж байдаг. Эмэгтэй хүнд төрчихвөл л боллоо гэж санагддаг ч үнэндээ хүүхдээ төрүүлсэн цагаас бүх зүйл эхэлдэг. Үүний адилаар 500-1000 ширхгээр хэвлүүлсэн номоо дэлгүүрт байршуулах гэхэд “20-ийг л авна даа, 10-ийг л авъя” гэсэн хариу сонсогдоно. Иймээс л 500 ширхгийг хэвлүүлсэн номынхоо 20-ийг нь дэлгүүрт байршуулаад 480-ийг нь өөртөө хадгалахад хүрдэг. Дараагийн 20 номыг маань хэзээ авахыг би мэдэхгүй. Паблишинг байгуулахын хэцүү хэсэг нь номоо борлуулах, зах зээлд таниулах, уншигчдад хүргэх юм байна гэдгийг үүнээс ойлгосон. Тэгэхээр номын борлуулалт, маркетингаар дагнан ажиллах боловсон хүчин энэ салбарт үгүйлэгдэж байгаа юм.
Түүнчлэн монголчуудад оюуны өмчийн мэдлэг, ойлголт төлөвшөөгүй. Дөнгөж нээгдээд байгаа аудио номын аппликейшн нүүрэн хэсэгтээ бидний эрхийг нь аваад буй номын англи хувилбарын зургийг нийтэлчихсэн байхтай тааралдсан. Тухайн аппликейшнд тэр ном байхгүй, зургийг нь ашиглах эрхийг аваагүй хэр нь ээ ийнхүү дураараа авирлаж байгаа нь тэд оюуны өмчийг ойшоож, хүндэлдэггүй болохыг харуулж байгаа юм.
Мөн эрхийг нь худалдаж аваад орчуулж байсан номыг маань биднээс урьтаад хэвлэчихсэн тохиолдол ч бий. Тухайн хүн эрхийг нь авалгүйгээр бидэнтэй зэрэгцээд орчуулчихсан байгаа юм. Уг асуудлаар оюуны өмчийн маргаан үүсгэж, тэр номыг дэлгүүрээс буцааж хураах, зарахыг хориглох, торгох шийтгэл оногдуулсан. Өдгөө бол тухайн номыг орчуулахдаа эрхийг нь аваад дараа ажиллах нь аюулгүй, үгүй бол зэрэгцээд өөр хүн орчуулж байх эрсдэлтэй гэдэг мэдрэмж хүмүүст бий байх аа.
-Орчуулагч О.Чинбаяртай ярилцахад “Сайн зохиол уншигчдад хүргэе гэвэл сайтар бэлтгэгдсэн боловсон хүчнийг мөнгөөр “зодож” ажиллуулдаг л байх ёстой. Ингэж гэмээнэ тухайн хэвлэлийн компанийн нэр хүнд өснө” гэж байв. Сайн орчуулагч, редакторыг олоход хэр бэрхтэй байдаг вэ?
-Манайх орчуулах номоо сонгохдоо бусад газруудынхтай давхцахгүй байхыг эрхэмлэдэг. Миний бодлоор сайн орчуулагч гэдэг нь тухайн номд тохирсон хүнийг хэлнэ. Номынхоо агуулгыг ойлгодог, мэдэрдэг хүнийг олох нь туршлагатай орчуулагч сонгохоос илүү онох магадлалтай. Сонирхолтой нь, Их сургуулийн орчуулагчийн ангид монгол хэлний хичээл ордоггүй юм байна лээ. Энэ бол маш том асуудал. Цаад хэлээ сайн ойлгож, цаад хэлнийхээ үзэл бодлоор буулгачихсан байгаа орчуулгыг монгол хэл рүү редакторлана гэхээр ахин орчуулахтай дүйцэх ажил болоод тухайн номын хэвлэгдэх үйл явц ч удааширдаг. Бид аль болох чанартай ном хэвлүүлэхийн тулд товлосон хугацаандаа гаргахыг чухалчлахгүй, тухайн ном хэзээ бэлэн болж, уншигчийн гарт хүрэх хэмжээнд очно уу тэр үед л хэвлэнэ гэсэн зорилго тавьдаг юм. Заримдаа орчуулгын ажлаасаа ч удаан хугацаагаар редакторлах, нэг номыг 6-7 удаа ч унших тохиолдол гарч байгаа. Манайх туршлагатай, сайн орчуулагч нарыг сонгохоос илүүтэй залуухан, авьяастай орчуулагчдыг олж нээх сэн гэж хүсдэг.
-Тэгвэл орчуулагчидтай хамтран ажиллахдаа голчлон ямар зарчмуудыг баримталж байна вэ?
-Үнэнийг хэлэхэд, бид орчуулагч нартаа хангалттай хэмжээний цалин, хөлс төлж чадахгүй байгаа болохоор харин тэр хүн орчуулгын ажлаасаа маш их сэтгэл ханамж аваасай гэж хүсдэг юм. Иймээс орчуулагч нартайгаа тухайн номын талаар сайтар ярилцаж байгаад хамтран ажиллах эсэхээ шийддэг.
Тухайлбал, Бриджертоны “Ван бид хоёр” номыг эрхлэн гаргахдаа Английн соёл, англи хүмүүсийн амьдралын хэв маяг, хайр дурлалын тухай романс зохиолд дуртай болохыг нь харгалзан орчуулагчаа сонгосон юм. Орчуулагч маань Английн язгууртнуудын зэрэг, цолыг эх хэлнээ буулгахдаа нэмэлт судалгаа хийх шаардлагагүй болж таарсан. Өөрөө энэ талаар сонирхдог болохоор өмнө нь гүнзгийрүүлж судалчхаад байсан юм билээ. Ингэж толь бичиг харах байдлаар үгийг үг болгож орчуулах бус харин түүний хоорондын ялгааг нарийн сайн ойлгоод зөв буулгаж байгаа юм. Үүний сацуу орчуулах явцдаа тухайн ажлаа эрч хүч, урам зоригтойгоор чин сэтгэлийн хайраар гүйцэтгэж байгаа нь чухал санагдсан.

-Хүмүүс ийм, тийм номыг монгол хэл рүү хөрвүүлэх юм сан гэж танайхтай холбогддог болов уу. Харин та бүхэн тэдэнд ямар хариу хэлдэг юм бол?
-Номыг бүтэн уншаад ойлгох, түүнийг монгол хэл рүү орчуулах хоёр хоорондоо ялгаатай. Номыг орчуулна гэдэг урт хугацааны ажил байдаг. Тэр хүний орчуулгын ажлаа эхлүүлэх үеийн сэтгэл зүй хэдэн сарын дараа ч хэвэндээ байх шаардлагатай. Бас сахилга бат сайн байж гэмээнэ ном орчуулах ажлын ард гардаг. Тиймээс Та уг номынхоо эхний 20 нүүрийг нь орчуулаад ирнэ үү, тэр үед ахин ярилцъя гэдэг юм. Зарим хүнд өөр туршлагатай орчуулагч санал болгож, монгол хэлний биш агуулгынх нь редактораар ажиллахыг хүсэх удаа ч бий. Өөрөө эх хувилбарыг нь барьж ирээд бидэнтэй хамтран тухайн номыг монгол хэлээр гаргасан тохиолдол байдаг л юм.
Түүнчлэн ном бичихийг хүсдэг хүмүүс ч бидэн рүү холбогддог. Хариуд нь “Наадахыгаа та хураангуй байдлаар бичиж, ерөнхий агуулгыг бүхэлд нь багтаасан нийтлэл болгоод ир” гэсэн шалгуурыг хэлнэ. Ер нь анхлан ямар нэгэн босго тавьж байгаа нь санааг ном болгоно гэдэг ямархуу ажил байдаг вэ гэдгийг тэр хүнд бага зэрэг ч атугай мэдрүүлэхийг хүсдэгтэй холбоотой юм.
-“Эрдэмт” паблишингийн номуудаас сонирхолтой байдлаар зохиогчийн эрхийг нь олж авсан нь гэвэл алийг нь нэрлэх вэ?
-“Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” номын эрхийг японоос автал тэр хувилбарынх нь хавтасны зургийг Монголын зах зээлд хүлээж авахааргүй санагдсан юм. Тиймээс уг номын доторх текстийнх нь эрхийг Японоос, хавтасны эрхийг нь Англиас худалдаж авсан. Зарим номын агуулга, доторх зураг, хавтасны зураг нь бүгд тусдаа зохиогчийн эрхтэй байдаг. Херманн Хессегийн “Сиддхарта” роман бол анх герман хэлээр бичигдсэн. Монголд өмнө нь хоёр ч удаа хэвлэгдээд байсан бол бид гурав дахь орчуулгыг нь хэвлэсэн юм. Бидэнтэй хамтарч ажилласан орчуулагч Ж.Тана сурагч байхдаа үүнийг орчуулсныг ээж, аав нь Их сургуулийн монгол хэлний багшаар редакторлуулаад хэвлэснийг зах зээлд борлуулаагүй, таньдаг хүмүүстээ л хүргэж чадсан байдаг. Бид эл орчуулгыг нь хүлээж аваад монгол хэлний хоёр ч редактораар хянуулж, сайжруулсны сацуу тухайн номд тохирох сайн хавтсыг мөн бүтээсэн. “Сиддхарта” номыг бид олон монгол хүнд хүргэж чадсан л гэж боддог.
Херманн Хессегийн “Сиддхарта” бол хүн төрөлхтний өмч болсон бүтээл. Зохиолч нь нас барснаас хойш Америк болон Монголд 50 жил, Европт 70 жилийн дараа тухайн бүтээлийн оюуны өмч нь нийтийнх болж хувирдаг. Биднийг “Сиддхарта”-гийн эрхийг авахаар уг номыг англи хэлээр хэвлэсэн паблишинг руу холбогдтол эрх авах шаардлагагүй, Хессегийн бүтээлүүдийн оюуны өмч нь нээлттэй гэж хариулсан.

-“Эрдэмт” паблишингийн үйл ажиллагаа хүүхдийн номын “Нахиа” редакцаар хүрээгээ тэлж байна гэж ойлгож болох уу. “Нахиа” редакцаас гаргасан номууд уншигчдад эрэлттэй байгаа харагддаг юм?
-Унших дадал хэдийн тогтчихсон хүмүүсийг олзлохоос илүүтэй уншдаггүй хүмүүсийг номд дурлуулах, номын зах зээлийг тэлэхийг эрмэлзэж байгаа юм, бид. Монгол хүүхдүүд гадаад хэлээр мэдлэг эзэмших нь нийтлэг болсноос улбаалаад сэтгэлгээ, ярьж байгаа өгүүлбэрийн бүтэц нь ондоошиж байна. Дэлхийн сонгодог зохиолуудыг 7-10 насныхан унших боломжтойгоор хялбаршуулан найруулж, зургаар баяжуулсан номуудыг бид эрхлэн гаргаж байгаа. Тухайлбал, Х.К.Андерсений “Цасан хатан” зохиолыг хялбаршуулан найруулж гаргасан. Сонгодог хувилбарыг нь томчууд бид ч мэдэхгүй бүтээл шүү дээ.
Фёдор Достоевскийн “Гэм зэм” романыг хураангуйлаад, зургаар баяжуулсан хувилбараар 7-10 насныханд зориулж хэвлэсэн. “Гэм зэм” бол агуу санааг тээсэн, гүн мэдрэмж төрүүлэх зохиол. Үүнийг бага насны хүүхдүүд бүтэн хувилбараар нь унших боломжгүй, тэр насныхан уншихад тохиромжгүй үг хэллэг, дүрүүд ч дотор нь бий. Тэгэхээр хүүхдүүдэд танилцуулж болох хэмжээний хувилбараар хураангуйлж, найруулах хэрэгцээ шаардлага байсныг бид олж хараад монгол хэл рүү хөрвүүлсэн юм. Эцэг эхчүүд маань ч гэсэн хүүхдэдээ ном худалдаж аваад хамтдаа уншиж, түүнээс сэдэл аваад бүтэн хувилбарыг нь унших тохиолдол ч байдаг.
Тухайн зохиол нь хүн төрөлхтний оюун санааны охь дээж, цагийн шалгуурыг давж, агуулга нь үргэлж шинэлэг, хэзээд хэрэгтэй хэвээрээ байдаг учраас сонгодог бүтээлд тооцогддог. Тиймээс л эдгээр бүтээлүүдийг хүүхдэд хүргэх нь чухал гэж үзсэн юм.
-“Нахиа” редакцаас анимэ киноны зохиолууд болох “Хаулын нүүдэг цайз”, “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” номуудыг орчуулан хэвлэсэн нь залуу уншигчдын таашаалд нийцсэн ажил санагддаг?
-Английн зохиолч Диана Уинн Жонсийн 1986 онд хэвлүүлсэн “Хаулын нүүдэг цайз” зохиолоос санаа авч 2004 онд японы алдарт найруулагч Хаяао Мияазаки анимэ бүтээсэн. Английн зохиолч бичсэн учраас барууны хэв маяг бүхий зохиол байж таарна. Хаяао Мияазаки өөрийнхөө үзэл санааг кинонууддаа нийтлэгээр шингээдэг учир уг зохиолыг кино болгохдоо тодорхой хэмжээнд өөрчилсөн. Хөгжилтэй, хайр дурлалын романтик жанрынх агаад ид шидийн ертөнцөд өрнөдөг үйл явдалтай энэ зохиол нь “Цайзын цуврал” хэмээх гурван номтой цувралын эхний боть бөгөөд, бид одоо гуравдугаар ботийн орчуулга дээр ажиллаж байна.
“Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” бол япон хэлээр найман цуврал хэвлэгдсэн. Кикид тохиолддог олон үйл явдал нь өсвөр насанд эргэлддэг тэрхүү эргэлзээг тусгаснаараа ихээхэн сонирхолтой. Харамсалтай нь энэ номоо олон хүнд хүргэж чадаагүй тул цуврал байдлаар үргэлжлүүлэн орчуулах эсэхээ шийдээгүй л байна.
-Агуу их үйл хэрэг цэгээс эхэлдгийг харуулах Петер Х.Рэйнолдсийн “Цэг” номыг бас л танайх орчуулсан байх аа?
-Тийм. “Цэг” угийн алдартай ном л доо. Энэ ном хүүхдүүдэд хийж бүтээх урам зоригийг өгдөг юм. Хаа холын том зүйлийг бодохгүйгээр жижигхэн зүйлээс ч агуу ихийг бүтээж болдгийг харуулсан бүтээл юм. Бяцхан уншигчид маань уг номыг уншчихаад зураг зурж байна гэсэн сэтгэгдэл, зурвас байнгын ирдэг. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг багасгая гэвэл номтой нөхөрлүүлэх нь хамгийн оновчтой гэж боддог. Энэ л яг хүүхдэд хэрэгтэй агуулга, сонирхолтой зурагтай юм байна гээд сонгосон номыг худалдаж аваад, уншаад, тэр дороо үр дүнгээ өгөөд өөрийн бүтээлээ зураад эхэлснийг харах үнэхээр урамтай шүү. Хүүхэд насны жаргалтай дурсамжид нь тод үлдэх, ахин дахин унших, урам зориг өгөх ном болоосой хэмээн хүсэж гаргасан номуудын нэг дээ.
-Ярилцсанд баярлалаа.
