UBLife Logo
Ярилцлага
Б.Болор-Эрдэнэ: Интернетгүйгээр дэлхийг төсөөлж чадахаа больсон шиг ирээдүйг хиймэл оюунгүйгээр төсөөлөх боломжгүй

Б.Болор-Эрдэнэ: Интернетгүйгээр дэлхийг төсөөлж чадахаа больсон шиг ирээдүйг хиймэл оюунгүйгээр төсөөлөх боломжгүй

Дэлхий даяар хиймэл оюуны салбар хурдацтай хөгжиж буй энэ цаг үед хамгийн эрэлттэй, сурах хэрэгтэй ур чадваруудын нэг болоод буй. Тиймээс Б.Болор-Эрдэнэ хиймэл оюуны боловсролыг хүртээмжтэй болгох зорилгоор дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг дүүргэсэн мэргэжилтнүүдийн хамт “AI Academy Asia”-г үүсгэн байгуулаад байна. Түүнчлэн “AI Academy Asia” нь Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан болон “М банк”-ны дэмжлэгтэйгээр “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг эхлүүлээд байна. Бид Б.Болор-Эрдэнэтэй хиймэл оюун сурахын ач тус, олон улсын технологийн салбарын хөгжлийн чиг хандлагын талаар ярилцлаа. 

-Таны хувьд ”AI Academy Asia” үүсгэн байгуулах болсон түүх их сонирхолтой санагдсан. Охидын код бичих хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхдээ одоогийн AI Academy шиг өргөн цар хүрээтэй зүйлийн эхлэл болно гэж төсөөлж байсан уу?

-Орон нутагт томилолтоор явж байхад охидын код бичих хөтөлбөрийг эхлүүлэх сэдэл анх төрж байсан. Энэ хөтөлбөрт 2021 оноос хойш хамрагдсан 120 төгсөгчөөс дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцаж байгаа, олон улсын кодын тэмцээнд түрүүлсэн хүүхдүүд хүртэл бий. Хөтөлбөр зарлагдахад дунджаар 2000 гаруй хүүхэд өргөдлөө илгээдэг. Эндээс ерөнхийдөө ямар их хэрэгцээ байгааг нь харж болно. Монгол Улсаа хөгжүүлэхэд бодитой оюуны хөрөнгө оруулалт хэрэгтэй юм байна гэж үзээд дэлхийд эрэлттэй ямар боловсрол, технологийг хүргэх вэ гэж эргэцүүлсний үндсэн дээр AI Academy-ийн эхлэлийг тавьсан. 

Өнөөдөр бид интернэтгүйгээр хорвоо дэлхийг төсөөлж чадахгүй шүү дээ. Яг үүнтэй адил ирээдүйг хиймэл оюунгүйгээр төсөөлөх боломжгүй цаг үед ирчихээд байгаа юм. Олон улсын байгууллагуудад ажилласан туршлагаасаа харахад дэлхийн хаана ч, аль ч салбарт хиймэл оюуны хэрэгцээ шаардлага байгааг харж, энэ жил нэгдүгээр сарын 1-нээс ажлаа эхлүүлсэн. Манай эхний сургалтын төгсөгч хиймэл оюуны моделийг өөрөө угсраад, ажилдаа ашигладаг болчихсон, хамт олноороо сургалтад хамрагдсан байгууллага ажлынхаа бүтээмжийг дор хаяж 50 хувь нэмэгдүүлэхүйц хиймэл оюуны технологийг нэвтрүүлчихсэн байх жишээтэй.

Мөн өсвөр насны суралцагчдадаа зориулж тусгайлан дэлхийн шилдэг их сургуулиудад суралцах, өргөдлөө илгээхэд хэрхэн бэлдэх  зэргийг заадаг. Харвард, Оксфорд, MIT, Кембриж зэрэг сургуулийг төгссөн мэргэжилтнүүд AI Academy-д багшилж байгаа нь манай гол хүч. Бидний үед бол ийм хүмүүсээр хичээл заалгах талаар мөрөөддөг ч үгүй байлаа. Гадны шилдэг их сургуульд ирээдүйд суралцах хүсэлтэй хүүхдүүдэд яг тэр сургуулиудыг нь төгссөн хүмүүсээр багшлуулах боломжийг нь бүрдүүлж өгч байгаа нь давуу тал болж байна.

-Цахим технологи, хиймэл оюуны салбар хурдацтай хөгжиж буй энэ цаг үед хүн бүрд хиймэл оюуны тодорхой хэмжээний мэдлэгтэй болох хэрэгцээ үүсэж байгаа. Хиймэл оюуны талаарх мэдлэгийг анхнаас нь цэгцтэй, чанартай эзэмшихэд юун дээр анхаарах хэрэгтэй гэж зөвлөх вэ?

-Хүмүүс ихэнхдээ хиймэл оюуныг Chat GPT, DeepSeek зэрэг түгээмэл хэрэглэгддэг загвараар л төсөөлдөг. Гэтэл тэднээс хэдэн зуу дахин том, илүү хүчин чадалтай хиймэл оюуны бүтээлүүд өдөр бүр гарч байгаа. Тэгэхээр энэ хиймэл оюун гэх зүйлийн цаад үндэс суурийг нь л ойлгочихвол ямар ч салбарт хиймэл оюуныг ашиглахад маш дөхөм болсон. 

Нөгөө талаас, технологид удирдуулах биш, технологийг ажил, амьдралдаа ашиглаж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгсэл гэж харах хэрэгтэй. Сүүлийн үед хиймэл оюун, технологи мөдхөн хүнийг орлох нь, ажилгүй болох нь гэсэн айдас хүмүүсийн дунд их яригдах болсон. Бодит байдал дээр олон улсын хиймэл оюуны салбарын мэргэжилтнүүд хиймэл оюун таны ажлыг булаах бус ирээдүйд хиймэл оюуныг ашиглаж чаддаг хүн л ажлыг тань булаана гэж ярьдаг. 2030 он хүртэлх дэлхийн хамгийн эрэлттэй мэргэжил хиймэл оюуны инженер болчихсон байна. Үүнээс юуг харж болох вэ гэвэл хиймэл оюуныг сурснаар бүтээмжээ сайжруулаад зогсохгүй хөдөлмөрийн зах зээлд ч, хичээл сургуульдаа ч илүү өндрөөр үнэлэгдэх боломжийг өөртөө олгоно гэсэн үг.

-Хиймэл оюуныг ажил, амьдралдаа ашиглаж сурах нь хүнд ямар давуу талыг олгох вэ?

-Монголчуудын дунд боловсролын түвшний ялгаатай байдал харьцангуй их байна. Улсын болон хувийн сургуулийн чанар, цаашлаад Монголдоо их дээд сургуульд сурах, гадаадад сурах хүртэл асар их ялгаатай. Оюутан, залуус академик мэдлэг, чадвараа сайжруулахад хиймэл оюуныг ашиглавал тоочоод дуусахгүй олон давуу талыг авч болно. Өөрийнхөө дутууг нөхөх хэрэгсэл гэдэг үүднээс ашиглах хэрэгтэй. Хиймэл оюуныг хүний амьдралын шийдвэр гаргагч зүйл биш, хэрэглэх ёстой хэрэгсэл гэж харах нь зүйтэй юм. Мөн ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд хиймэл оюун маш сайн туслагч болдог. Жишээ нь, хоёр өдөр хийдэг ажлыг 1-4 цагийн дотор хиймэл оюуны тусламжтай хийх боломжтой. 

Нөгөө талаас технологид ч бас эрсдэлтэй тал бий. Хувь хүний нууц, аюулгүй байдалтай холбоотой асуудлууд, хиймэл оюуны төөрөгдөл гэх мэт. Тиймээс технологи хэрхэн ажилладаг вэ гэдгийг сайтар ойлгосноор болзошгүй аюул, асуудлаас өөрийгөө хамгаалахын зэрэгцээ өөртөө хэрэгтэй, зөвөөр ашиглаж чадна. 

-Та өдөр тутамдаа хиймэл оюуныг хэрхэн ашиглаж байна вэ? Хиймэл оюун ашиглахаас гадна ажиллахдаа баримталдаг арга барил тань юу вэ?

-Хиймэл оюуныг өдөр тутамдаа хамгийн энгийнээр мейл бичих, ажлаа төлөвлөхөд ашигладаг. Манай ажлын онцлог нь хичээл заадаг платформ учраас мөн модель угсрахад цаг алдахгүйн тулд ашиглаж байна.

Олон улсад ажиллаад ойлгосон нэг зүйл бий. Америк, Английн технологийн компаниуд ер нь өвчтэй, ар гэрийн асуудалтай байх гэх мэт хувийн зүйлс огт хамаагүй, хийх ёстой ажлаа яг л даалгасан хугацаанд дуусгахыг шаарддаг. Ялангуяа, старт-ап компаниуд ажлыг тойрч биш дайрч ороод л шууд хийж дуусгахыг урьтал болгодог. Олон хурал, олон шат дамжлага тойрч явсаар ажлын гол зорилго бүдгэрэх тохиолдол цөөнгүй. Удаан хугацааны дараа Монголдоо ирэхэд энэ талын ялгаа тод харагдаж байна. Ажиллах арга барилын хувьд юу ч болсон, хийх ёстой ажлаа л дуусгах хэрэгтэй гэсэн зарчмыг баримталдаг.

Технологид удирдуулах биш, технологийг ажил, амьдралдаа ашиглаж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгсэл гэж харах хэрэгтэй.

Б.Болор-Эрдэнэ

Монголд яг Америкийнх шиг шулуун бөгөөд үр дүнд чиглэсэн зарчмаар ажиллаж чадахгүй байгаа мэт санагддаг. Үүний нэг шалтгаан нь ажилдаа хувийн асуудлуудаа нялзаахаас гадна “Би хичээсэн, би сэтгэлтэй” гэдгээ хэтрүүлэн онцолдог. Ингэснээр тухайн хүний мэргэжлийн байдал бус, хувь хүний өнцөг давамгайлж, ажлын харилцаанд үл ойлголцол үүсэх нь элбэг. Мэдээж Монголын нөхцөл байдалд Америк шиг бүтээмжтэй байна гэдэг хүндрэлтэй ч хиймэл оюуныг ашигласнаар бүтээмжээ тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж, олон улсад үнэлэгдэхэд илүү дөхөм болгох боломжтой гэж харж байна.

-Одоогоор хийж буй ажлын тань онцлог юу вэ? Өмнө нь ажиллаж байсан төсөл, эрхэлж байсан ажлуудаас тань юугаараа ялгарч байна вэ?

-Миний хувьд олон улсын байгууллагад, төрийн байгууллагад, хамгийн сүүлд Space X-тэй хамтарч энтрепрёнерийн замаар ажиллаж үзсэн.  Энтрепрёнер хүний хувьд нөөц бололцоо ихтэй газруудад ажиллаж байсантай харьцуулахад одоогийн ажил маань их өөр. Одоо бол яг бүх зүйлийг тэгээс эхлээд, нэг хүртэл нь босгож буй мэдрэмж нь их гоё. Шинээр бизнес босгохын хажуугаар ашгийн бус төслүүдээ үргэлжлүүлээд хийж байгаагаараа ялгаатай гэж хэлж болно. AI Academy-ийг эхнээс нь илүү мэргэжлийн, ахисан түвшний байлгахын тулд зөвхөн би ч биш манай хамт олон цаг зав, зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байгаа.

-”AI Academy Asia”-гийн алсын хараа юу вэ? Цаашид юунд төвлөрч, ямар зорилгод хүрэхээр ажиллаж байна вэ?

-Хиймэл оюуныг сайн зүйлд, зөвөөр ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлэх нь бидний алсын хараа. Ийм гоё, хүчирхэг технологи бий болчихсон байхад ашиглахгүй байна гэдэг харамсалтай шүү дээ. Нөгөө талдаа ашигласан ч системтэйгээр сурахгүй бол үр өгөөжийг нь ч хангалттай хүртэж чадахгүй. AI Academy-г цэвэр ашгийн бизнес гэж хэлэхээс илүүтэй нийгэм дэх асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж буй төсөл гэж хардаг. Энэ ч утгаараа суралцагчдынхаа хиймэл оюуны ур чадварыг эхнээс нь зөв сууриар хөгжүүлж, ирээдүйн олон улсын лидерүүдийг бэлтэж байгаа тул өөрсдөөрөө бахархах сэтгэл төрж байгаа. 

-Удахгүй AI Academy-ийн зуны сургалт эхлэх юм билээ. Зуны амралтаа хиймэл оюун сурахад зориулснаар өөртөө ямар боломжуудыг нээх вэ?

-Зуны амралт бол мэдээж амрах, аялах сайхан хугацаа л даа. Гэхдээ хүнд заавал сурч эзэмшсэн байх ёстой ур чадварууд гэж байна. Өнөө үед хиймэл оюун тэдний нэг болчихоод байгаа учраас хүүхдүүд зуны амралтаа үүнийг сурахад зориулснаар өөртөө маш олон боломж, үүд хаалгыг нээнэ. Зуны сургалтанд Кембриж, Колумбиа их сургуулийн багш нар монгол багш нартай хамтран хичээл заах юм. Гадаад хэлээр, гадаад багшаар хичээл заалгахад 100 хувь ойлгох, сурах тохиолдол бага байдаг учраас монгол багш нартай хамт заалгаснаар өөрийн гэсэн хиймэл оюуны загвар угсрах түвшинд чадваржина гэдгээрээ их онцлогтой. 

Энэ есдүгээр сарын 1-нээс Хятад улс хиймэл оюуны хичээлийг хүүхдүүдэд нэгдүгээр ангиас нь эхлэн зааж эхэлнэ. Энэ мэтчилэн дэлхий нийттэй мөр зэрэгцэн алхахын тулд зайлшгүй л хиймэл оюун сурах шаардлагатай болж байгаа юм. Эртнээс хиймэл оюуныг сураад, эзэмшчихсэн хүүхэд залуус ирээдүйд олон улсад өрсөлдөнө, бидний хүрээгүй газарт ч хүрнэ. Тэгэхээр амралтаараа хиймэл оюун сурах нь өөртөө хийж буй маш том хөрөнгө оруулалт болох болов уу.

-Дэлхийн олон улс орнууд хиймэл оюуны салбарт онцгойлон төвлөрч, тодорхой шат дараалалтай хөгжүүлж буй. Харин Монгол Улсын хиймэл оюуны салбар ямар хэмжээнд байна гэж хардаг вэ?

-Сингапур, Англи болон Арабын орнуудад 2014 оноос хойш Засгийн газрын түвшинд хиймэл оюуны салбарт маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, ач холбогдол өгөөд эхэлчихсэн. Харин манай улсад хиймэл оюуны салбарын ач холбогдол сүүлийн хоёр, гурван жилд л танигдаж эхэлж буй. Гэтэл дэлхийн улс орнууд аль эртнээс энэ салбарт анхаарлаа хандуулж, ажиллах хүчээ ч бэлтгэчихсэн байдаг. Тиймээс бид аль болох хоцрохгүйн тулд цаг алдалгүй тэр хэмжээнд зэрэгцэж очих хэрэгтэй. 

Бидний хамгийн сайн мэдэх “Microsoft Office” гэх маш мундаг программ байна. Түүний 5-10 хувьтай дүйцэх чадамжийг л монголчууд ашигладаг гэсэн статистик байдаг. Хиймэл оюун тэрнээс хэд дахин боловсронгуй, хүчирхэг зүйл. Тэгэхээр мянга том, сайн программ хангамж, технологи байлаа гээд тэрнийг ашиглаж, хэргийг нь гаргаж чадахгүй байна гэдэг их харамсалтай. Дэлхий даяар энэ салбарууд хурдацтай өсөж хөгжөөд явж байхад залуучууд ч бас өөрсдөө хичээж сураад, зэрэг хөгжөөд яваасай гэж хүсдэг. 

-Та хиймэл оюунтай анх хэрхэн холбогдож байв? Хиймэл оюунтай танилцсан түүхээсээ хуваалцаач.

-2020 оноос хойш И-Монголиа төсөл дээр ажиллаж байхад хиймэл оюуны тухай Монголд анх мэр сэр сонсогдож эхлэх болсон. Тухайн үед одоогийнх шиг хиймэл оюуны том моделууд хараахан үүсээгүй, технологийн хувьд ч бэлэн биш биш байсан. Миний хувьд Оксфордод хиймэл оюуны судлаачаар ажиллах боломж тохиож, эхнээс нь бүх зүйлийг нь судалж, танилцаж байлаа. Цаашлаад олон улсын технологийн компаниудад ажиллаад, тэдний дотооддоо ашиглаж байгаа хиймэл оюуны систем зэргийг нь харж туршлага хуримтлуулснаар илүү сайн ойлгож авсан. 

-Хиймэл оюуныг анхлан сурч буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ? Таны бодлоор хиймэл оюуныг заавал сурах хамгийн том шалтгаан юу вэ?

-Англи хэлийг заавал сурах хэрэгтэй шиг одоо бол хиймэл оюун үүнтэй яг адилхан эзэмших ёстой энгийн чадваруудын нэг болчихлоо шүү дээ. Биднийг бага байхад сургуульд англи хэлтэй хүүхдүүд аягүй мундаг, күүл харагддаг байлаа. Харин одоо бол англи хэл зүгээр л хэрэглээ болчихсон учраас хүн бүр тодорхой хэмжээгээр сурчихсан. Хиймэл оюуныг цаг алдалгүй л сурах хэрэгтэй. Яагаад гэвэл дэлхий нийтээс арай ч хоцорчихоогүй байна. 

Хиймэл оюуныг сурах гол шалтгаан бол бүтээмжээ сайжруулах боломжийг хүнд нээж өгнө. Хичээлдээ, ажилдаа ашиглаж болно. Гэхдээ шууд хуулах, ажлаа хийлгэх гэхээс илүү улам сайн сурах, хийж байгаа зүйлээ чанаржуулах боломж гэж харах хэрэгтэй. .

“AI Academy Asia”-н сургалт, хөтөлбөрүүд болон “Үндэсний хиймэл оюуны аян”-ы талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцаарай. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
‘’Authentic Mongolia’’ номын зохиолч Ц.Дөлгөөн: Эх орноо би хайрын линзээр хардаг

‘’Authentic Mongolia’’ номын зохиолч Ц.Дөлгөөн: Эх орноо би хайрын линзээр хардаг

Ц.Дөлгөөн эх орноо гадаад дотоодын жуулчдад таниулан танилцуулах ажлыг хийгээд 16 жил болжээ. Тэрбээр амин хайртай Монгол орныхоо эгэл сайхныг элдэв өнгө будаггүйгээр, өөрийн оюун бодол, ухаарлаа шингээсэн ‘’Жинхэнэ Монгол’’ номоо англи хэлээр бичсэн юм

Д.Цэрэнбат: Эх орондоо ихийг хийж чадах гадаадад төрж, өссөн монголчуудын бүтэн үе гараад ирлээ

Д.Цэрэнбат: Эх орондоо ихийг хийж чадах гадаадад төрж, өссөн монголчуудын бүтэн үе гараад ирлээ

Энэ жилийн хувьд яах аргагүй нэг ийм “мартагдсан” гэх үү, Монголоо хайж байгаа гэх үү үе гараад иржээ. Анзааралгүй орхичихвол хэдэн жилийн дараа эдний хүн шугуйд уусаад алга болчихож мэдэх юм гээд энэ сэдвийг сонгосон хэрэг.