Хятадын CCTV телевизээс Өмнөд Солонгосын урлагийн агентлагуудад хандан, энэ жил к-поп цуврал тоглолт хамтран зохион байгуулах санал тавьжээ. Хятадын хамгийн том зургаан хот болох Бээжин, Шанхай, Гуанчжоу, Шэньчжэн, Чунцин, Чэндуд төлөвлөөд байгаа тус тоглолтыг CCTV телевиз шууд дамжуулан үзүүлэх гэнэ.
Есөн жилийн өмнө хоёр улсын харилцаа хүйтэрч, БНХАУ солонгос контент гаргахаа больсон. Харин энэ “шийтгэл” өндөрлөж байгаа бололтой. NoCut News-д бичсэнээр Хятадын талын урихаар төлөвлөж байгаа уран бүтээлчдэд BTS, SEVENTEEN, EXO, Stray Kids, TREASURE зэрэг томчууд байгаа гэнэ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх намар Кёнчжуд болох APEC-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох бөгөөд өмнө нь аялан тоглолт эхлэх юм. Цэргийн албаа хааж дууссан BTS хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ анхны тоглолтоо Хятадад хийж тун магадгүй болжээ. БНХАУ солонгос контентод тавьсан хоригоо цуцалж магадгүй гэсэн мэдээний дараа SM Entertainment агентлагийн хувьцаа 68 %, HYBE-гийн хувьцааны үнэ 28 % өссөн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Хятадын зах зээл нээгдсэнээр Өмнөд Солонгосын урлагийн агентлагуудын орлого 30 хувь өсөх гэнэ.