UBLife Logo
Спорт

Ж.Анударь, Б.Ганхайч нар Душанбегийн Их дуулга тэмцээнд түрүүллээ

Ж.Анударь, Б.Ганхайч нар Душанбегийн Их дуулга тэмцээнд түрүүллээ

Тавдугаар сарын 2-4-ний өдрүүдээр Тажикстан улсад явагдсан Душанбегийн Их дуулга тэмцээнд 27 орны 226 жүдоч зодоглов.

Эл тэмцээнд Монголын 17 бөх хүч сорьсон юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Жамсрангийн Анударь, Туркменистаны Лейли Гелдиева, Узбекистаны Улбусин Хакимова, Францын Мелание Клемент, Хятадын Вэнна Жуан нарыг давж, нэвтхэн түрүүллээ. Душанбeгийн Их дуулга тэмцээний 48 кг-ын жинд сүүлийн хоёр жил дараалан монголчууд түрүүлсэн нь энэ.

Ж.Анударийн тухайд, 2022 онд өсвөрийн Азийн АШТ-д түрүүлж анх тодорсон бөх юм. Харин өнгөрсөн жил өсвөрийн ДАШТ-д үзүүрлэсэн төдийгүй бага дэлхийн аварга гэгддэг Токиогийн Их дуулга тэмцээний V байрт шалгарсан амжилттай.

Түүнчлэн 63 кг-д зодоглосон Болдын Ганхайч, Өмнөд Солонгосын Хео Сеулми, Хорватын Нина Симич, Австрийн Любляна Пиовесана, Францын Мелкиа Аучекорне нарыг ялж, түрүүллээ. Хүнд бэртлээ эдгээгээс удаагүй байгаа Б.Ганхайчийн Их дуулга ангиллаас авч буй зургаа дахь медаль энэ агаад мөнхүү ангиллын анхны түрүү нь юм. Тэрбээр Азийн АШТ-д иж бүрэн медальтай бөх билээ.

Харин 73 кг-ын жинд хүч сорьсон “Парис-2024” олимпын наадмын VII байрын шагналтай Б.Эрдэнэбаяр, Тажикстаны бөх Мухиддин Асадуллоевтай түрүү булаалдаж, үзүүрлэсэн. Улмаар Б.Эрдэнэбаярын тухайд Их дуулга ангиллын иж бүрэн медальтай боллоо.

Тэгвэл 66 кг-ын жинд барилдсан ДАШТ-ий үзүүр бөх Э.Ариунболд, +78 кг-д зодоглосон дэлхийн универсад наадмын хүрэл медальтай Д.Номинзул нар хүрэл медаль хүртэв. Тэд хоёул Их дуулга ангиллын хошой хүрэлтэй боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.