Спортод, тэр тусмаа НБА, НХЛ гэх мэт мэргэжлийн томоохон лигид "Game 7" буюу долоо дахь тоглолт гэх онцгой ач холбогдолтой тоглолт байх. Хасагдах шат буюу плэй-оффт хоёр баг түрүүлж дөрвөн хожил авсан нь цувралд ялаад явдаг. Тэгвэл хоёр багийн хожлын харьцаа 3:3 болсон үед долоо дахь тоглолт бүх зүйлийг шийддэг. Win or go home ч гэж ярьж, бичнэ. Ялсан нь цаашид дараагийн "даваанд" тоглоно, ялагдсан баг "дуусаа".

Гэхдээ л Game 7 гэхэд л ойлгомжтой. Ийм тоглолт үзэхээр ёстой л "шар үс босч", даралт ихэснэ. Үзэгчид, фэнүүд бол аваргын төлөө тоглолтоос ч чухалд тооцно. Оролцож буй баг, тоглогчид ч сэтгэл зүйн асар том дарамтад орно. "Game 7"-г би "Үхэх, сэхэхийн тулаан" гэж боддог. Ийм тоглолтод тамирчдын ур чадвар, дасгалжуулагчдын тактикаас ч чухал зүйл нь туршлага, сэтгэл зүйн бэлтгэл.
Өнөөдөр миний дэмждэг "Голден стэйт уорриорз" баг маань НБА-ийн 2025 оны плей-оффын эхний даваанд "Хьюстон рокитс" багтай "Долоо дахь тоглолт"-оо хийлээ.

"Пуужингууд" энэ жил тун сайн тоглож, улирлын тоглолтын эцэст "Зэрлэг өрнөд" бүстээ хоёрдугаарт бичигдсэн баг. Насны хувьд манайхаас хавьгүй залуу, хурдтай, манайхаас толгой өндөр баг. Манайд Стеф бий, бас Грин, Батлер байгаа. Нас "өндөр", дээр нь намхан баг л даа.
Гэхдээ "Үхэх сэхэхийн тулаан" долоо дахь тоглолтод тоглож үзсэн туршлагаараа "Хьюстон"-оос бол тохой өндөр. Стефен Көрри, Дрэймонд Грин нар тус бүр тав, тав, Жимми Батлер дөрвөн удаа "Game7"-д тоглосон туршлагатай. "Пуужингуудаас" Ванвлит л хамгийн олон буюу гурван удаа үхэх сэхэхээ үзэж.
Ийм багууд өнөөдөр тоглолоо, эцэст нь юм юм үзсэн "Дайчид маань шартай, амбицтай, хурдтай, өндөр "пуужингууд"-ыг талбай дээр нь 103:89-өөр нам дарж, дараагийн шатанд шалгарлаа.
Бадди Хилд плэй-оффын "career high" буюу 33 оноо авсан төдийгүй, гурваас 9 удаа "унагаж" "Game 7"-д нэг тоглолтод 3 онооны шидэлт хамгийн олон хийсэн НБА-ын рекордыг давтав. Эхний үед сулхан тоглосон, миний сагсанбөмбөгийн шүтээн Стеф маань хэрэгтэй үед хэн бэ гэдгээ харууллаа.
Энэ чинь л долоо дахь тоглолтын кайф, энэ чинь л " дайчид", энэ бол Стеф шүү дээ!
Баярлалаа!
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин