Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 150 ерөнхий боловсролын сургуульд 307 мянга гаруй хүүхэд суралцаж байгаагаас анги дүүргэлтийн стандарт хэтэрсэн болон гурван ээлжээр хичээлдэг олон сургууль бий. “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд зургаан дэд төвийг түшиглэн 23 сургууль, гэр хорооллын бүсэд 45, орон сууцны хорооллын бүсэд 16 буюу нийт 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай байгаа юм. Уг ажлыг хэрэгжүүлснээр сургуулийн хүртээмж нэмэгдэн, сургалтын чанар дээшлэхээс гадна зорчих хөдөлгөөн багасах аж.

Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг 2026-2028 онд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатайг судалжээ. Ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд ажиллаж, тухайн дүүргийн хороодын Засаг дарга болон сургуулийн захирлуудтай уулзаж, санал солилцлоо.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр “2024-2025 оны хичээлийн жилд манай дүүрэгт төрийн өмчийн 29 сургууль, 71 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн нийт 19 хороо сургуульгүй. Үүнтэй холбоотойгоор 11 байршилд сургууль барихаар төлөвлөсөн. Ингэснээр дүүргийн хэмжээнд сургуулийн хүртээмж стандарт түвшинд хүрэх юм. Энэхүү төлөвлөсөн байршилд сургууль, цэцэрлэгийн барилгын ажил шийдэгдвэл дүүргийн зүгээс газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлнэ” гэлээ.