Их Британи дахь монголчуудын уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол орны хөгжилд” чуулга уулзалт 18 дахь удаагаа Оксфорд хотод 5 дугаар сарын 17-нд боллоо. “Монголын ирээдүй: Залуусын нүдээр” сэдвийн дор явагдсан уг чуулганы үеэр тус улсад сурч, ажиллаж байгаа шилдэг мэргэжилтнүүд төдийгүй зохион байгуулагч, оролцогчдын төлөөлөлтэй ярилцлаа.
С.Гантигмаа, “Red Hat” компанийн инженер

Би Англид “Red Hat” компанид программ хангамжийн инженерээр ажилладаг. Энэ чуулганд анх удаа оролцож, маш олон мэргэжлийн хүмүүстэй танилцаж, сэтгэгдлээ хуваалцаж байгаадаа баяртай байна. Ялангуяа, өглөөний илтгэлүүд технологийн салбар, тэр дундаа технологи, хиймэл оюун, хамтын ажиллагаа зэрэг сэдэв хөндсөн нь миний ажил, сонирхолтой шууд холбоотой байлаа.
Би өмнө нь IBM компанид 6 жил орчим ажилласан. IBM бол олон жилийн түүхтэй, дэлхийд танигдсан технологийн компани. Харин одоо ажиллаж буй Red Hat нь open-source систем, тэр дундаа Linux-ийн хувилбараараа алдартай. Red Hat нь IBM-ийн охин компани болж, өөрийн боловсруулсан системүүдийг байгууллагуудад санал болгодог. Open-source буюу нээлттэй эх бүхий программ хангамж дээр ажиллах нь сонирхолтой, бас олон улсын инженерүүдтэй хамтран ажиллах, мэдлэгээ солилцох, шинэ зүйлд нээлттэй байх боломжийг олгодог.
Технологийн салбарт эмэгтэйчүүд ажиллах нь цөөн байдгийг бид мэднэ. Миний ажиллаж буй баг 30 гаруй инженерээс бүрддэг ч эмэгтэйчүүд тун цөөн. Гэсэн ч би "Women in Tech" зэрэг арга хэмжээ, хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож, залуу охид бүсгүйчүүдийг энэ салбарт татах, урам зориг өгөхийг хичээдэг. Менторшип, туршлага хуваалцах ажлуудад ч мөн оролцож ирсэн.
Харин Лондонд яг ийм холбоо, хүрээлэл үүсгэж чадаагүй байсан тул энэ удаагийн чуулга уулзалт тэр хэлхээ, холбоогоо нэмэгдүүлэх сайхан боломж байлаа. Цаашлаад ийм арга хэмжээ олон болж Монголд байгаа инженерүүдтэйгээ танилцах, оюутан залуустаа туслах боломж гарна гэдэгт итгэж байна.
М.Саранзаяа, Лондон Саутбанк их сургуулийн Манлайлал, менежментийн ахлах багш

Анх 2005 онд болж байсан “Монгол орны хөгжилд” чуулган цар тахлаас хойш хоёр жил завсарлаад эргэн зохиогдож байгаад баяртай байна. Энэ жилийн чуулганд залуусаа түлхүү урьж, тэднийхээ дуу хоолойг сонсъё гэсэн нь их зөв санаачилга байжээ. Энд өсөж, өндийж байгаа шинэ үеийн залуусаа бид монгол хүн шүү гэдэг онцлогийг нь мэдрүүлэх, өөр хооронд нь танилцуулах, цаашлаад чаддаг зүйлсээрээ нэгдээд байгаа газраасаа улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах боломж юу байна гэдгийг хэлэлцэхийг зорьсон. Энэ ч утгаараа танхим дүүрэн залуустай, эрч хүчтэй сайхан арга хэмжээ болж байна.
Би энэ удаад монголчуудын нүүдэлчин сэтгэлгээ гэж юу вэ, бидний бие хүн, мэргэжилтний хувьд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг харуулсан илтгэл тавилаа. 2017 оноос эхлээд докторынхоо ажлыг Монголын менежмент гэсэн чиглэлээр хийж, тэр дундаа хүний нөөц ба манлайлан гэсэн сэдвээр судалсан. Эхэндээ бид гаднаас юу сурах вэ гэдэг сэтгэлгээтэй байсан бол аажимдаа монгол менежментийн арга барил, онцлог нь юу юм бэ гэдэг рүүгээ өнгийж ирсэн. Менежмент гэдэг бол хүмүүстэй ажиллах, хүн хоорондоо ажиллах шинжлэх ухаан шүү дээ. Тэгэхээр соёл, үнэт зүйл гэхчлэн бид юугаараа нэгддэг вэ гэдгийг сайтар судалсны үндсэн дээр хэрхэн хамт ажиллах вэ, амжилттай ажиллах вэ гэдэг рүү явна.
Монгол нүүдэлчдийн сэтгэлгээ маш том хүрээтэй боловч судалгаанаасаа товчлоод хэлбэл зөвхөн цар тахлын үеийн жишээг авъя л даа. Барууныхны хувьд төлөвлөгөөнд өөрчлөлт ороход, хямрал тохиолдоход маш их сандардаг. Аливаа зүйл хөдөлгөөнгүй байх ёстой, тогтвортой байх ёстой гэж ярилцдаг. Харин монголчуудын хувьд юмс үргэлж хөдөлгөөнд оршдог, түүнд дасан зохицох ёстой гэсэн хандлагатай. Түүндээ ч маш дадамгай. Нөгөөтээгүүр тэрхүү хөдөлгөөн, өөрчлөлтийг сөрөг утгаар биш боломж гэж хүлээж авдаг.
Ер нь бид эхлээд өөрсдийгөө сайтар судалж, таньж, онцлогоо харах хэрэгтэй. Гаднын ямар ч ололт, амжилтыг авахад маш их бэлэн зүйлс бий. Гэхдээ түүнийг шууд аваад хэрэгжүүлэх биш хөрсөндөө буулгахад бидэнд аль нь тохирох, аль нь үгүй вэ гэдэг авах, гээхийн ухаанаар хандах нь чухал.
Би Английн дээд боловсролын салбарт 17 жил ажиллаад байна. Ингээд харж байхад дээд боловсролыг хэмждэг хэмжүүр нь судалгаа, судалгааны арга зүй байна. Эрдэм шинжилгээний бүтээл хэдий хэмжээнд туурвив, тэр нь бодит амьдралд, нийгэмд ямар үр дүн авчирсан бэ гэдгээр хэмжигддэг. Өнөөдөр бидний чуулж буй Оксфордын их сургууль ч тэр нэр хүндтэй байгаа шалтгаан нь нийгэмд эерэг өөрчлөлт авчирсан ямар судалгаанууд хийв гэдэг нь. Тиймээс Монголд ч бас судалгаа, шинжилгээ сайтар хөгжөөсэй, түүнд үндэслэн хууль, журмаа гаргадаг байх нь чухал гэж боддог.
Б.Энхсүх, Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин Сайд

Хилийн чанадад амьдарч, сурч байгаа монголчуудын маань үзэл, санаачилгаар болон “Цахим өртөө” сүлжээний санаачилгаар 2005 оноос энэ чуулга маань тогтвортой зохион байгуулагдаж байна. Энэ жил Оксфордын их сургуульд болж байгаа чуулганыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Хилийн чанадад амьдарч, сурч боловсорч байгаа монголчуудынхаа улс, орондоо анхаарал, санаа тавьж байгаа асуудлуудыг нь сонсох нэгэн талбар нь энэ арга хэмжээ юм. Түүнчлэн гадаадад судалгаа, эрдэм шинжилгээ хийж байгаа залуусынхаа сурсан, мэдсэнийг улс орны хөгжилтэй хэрхэн уяж болох, УИХ-аас тавьж байгаа зорилтуудыг биелүүлэхэд ямар байдлаар холбох боломж байна вэ гэдгийг эрэлхийлж байна.
Энэ удаагийн чуулганы үр дүнгээс хамаараад дараа нь Их Британи төдийгүй бусад оронд ч үргэлжлэх боломжтой гэж харж байна. Дэлхийн өнцөг, булан бүрд ажиллаж, сурч байгаа Монгол Улсынхаа төлөө санаа тавьж буй монголчуудыгаа нэгтгэсэн, цогц үйл ажиллагаа болж үргэлжилнэ байх аа.
Их Британийн хувьд боловсролын салбарт тэргүүлэгч, дэлхийн жишиг сургуулиудын өлгий болсон газар. Сүүлийн жилүүдэд ирж суралцах монгол оюутнууд, судлаачдын тоо ч нэмэгдэж байгаа нь энэ системээс суралцах боломж юм. Мөн манай улс англи хэлийг албан ёсны анхдугаар гадаад хэлээ болгох бодлого баримталж байгаа энэ цаг үед Британид суралцах нь өндөр ач холбогдолтой.
Монгол Улсын хувьд Их Британийн Засгийн газартай хамтарсан “Chevening” тэтгэлэгт хөтөлбөр олон жил хэрэгжүүлж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Гадаад харилцааны яам, Боловсролын яамаар дамжуулан удаа дараагийн хэлэлцээрийн дүнд энэ хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнуудын тоог хоёр дахин нэмэгдүүлсэн нь, цаашид үе шаттайгаар хэрэгжээд явна. Мөн “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Британид одоо 70 орчим оюутан суралцаж байна. Энэ бол боловсролын хувьд төрөөс авч байгаа бодлогын үр дүн гэж бодож байна. Эдгээр оюутнуудын маань төлөөлөл энэ удаагийн чуулганд илтгэл тавьж, хэлэлцүүлэгт ярилцан идэвхтэй оролцож байгаа нь сайн хэрэг.
Г.Гэрэл, “Чевнинг” хөтөлбөрийн тэтгэлэгт, UCL их сургуулийн оюутан

Би тэгш хамруулах боловсролын чиглэлээр магистрын түвшинд суралцаж байна. Урьд нь Унгар улсын Анагаахын их сургуулийг төгсөж, 10 жилийн өмнөөс тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн. Энэ утгаараа хүүхдийг өөр өөрийнх нь онцлогт тохирсон арга барилаар сургах ёстой юм байна гэж боддог. Бүх хүүхэд суралцах боломжтой, харин өөр өөрийнх нь арга барил өөр байдаг тул ижил замаар, ижил түвшинд, ижил стандартаар суралцдаггүй. Энэ үүднээс Унгарт ганцаарчилсан маягаар хүүхдүүдтэй ажиллаж боловсрол олгодог байсан. Харин эндээс би яаж илүү олон хүүхдэд буюу 10, 100 цаашлаад мянган хүүхдэд хүргэх вэ гэж бодсоны эцэст магистрын хөтөлбөрт өргөдлөө өгч боловсролын бодлого, хөгжилд хувь нэмрээ оруулахаар суралцаж эхэлсэн.
Би есдүгээр сард хичээлээ дуусгаад Монгол руугаа буцна. Очоод хүүхэд хөгжлийн сургалтын хөтөлбөрийг сурсан зүйлсээрээ боловсруулаад, эцэг эхчүүд, боловсролын байгууллагууд, багш мэргэжилтнүүдэд хүргэх сэн гэж бодож байна. Улмаар хүүхдүүдийг аль болох хүртээмжтэй сургах аливаа хөтөлбөрт мэргэжилтнээр ажиллаж сурсан, мэдсэнийхээ үр жимсийг гаргах төлөвлөгөөтэй байна. Одоогоор бол сошиал медиа орчинд буюу Instagram-д gerel.education хаягаараа дамжуулаад эцэг, эхчүүдэд аль болох хэрэгцээтэй мэдээллүүдийг өгөхийг хичээдэг.
Би өмнө нь Унгарт байхдаа монголчуудынхаа ийм төрлийн хурал, арга хэмжээнд оролцож байсан. Энэ удаагийн чуулганаар мэргэжилтнүүд маань идэвхтэй оролцож, Монголынхоо хөгжилд ямар оролцоотой байж болох вэ гэсэн идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь урамтай байна. Мөн Монгол Улсаас бодлогын судалгааны хүрээлэн, бодлого тодорхойлогчдын төлөөллүүд ирж харилцан ярьж, сонсож байгаа нь онцлог. Энэ нь маш хүртээмжтэй, олон шинэ санаа төрүүлсэн хэрэг боллоо.
Б.Мөнхтулга, NICE ContactEngine компанийн өгөгдлийн ахлах шинжээч

Би Kings College London-д хиймэл оюуны чиглэлээр докторын ажлаа хийж дуусаад одоо NICE ContactEngine компанийн хиймэл оюуны судалгааны багт ажиллаж байна. Өнөөдрийн илтгэлээрээ хиймэл оюун ба хүний бүтээлч сэтгэлгээний талаар ярьсан юм. Бид цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах гэж ярьдаг ч технологийн хувьд бусдын хийж байгаа бүхнийг дагаж хуйлрах биш бидэнд тулгардаг, өөрсдийн онцлогтой асуудлыг шийдүүлэхийн тулд, өөрсдийн соёл, амьдралын хэв маягтаа тааруулахын тулд технологийг сурч, хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үндсэн санааг хөндсөн.
Нэг жишээ дурдахад, urban data science буюу хот төлөвлөлтийн тухай өгөгдлийн шинжлэх ухааныг авч үзэж болно. Үүнд хиймэл оюуны алгоритмыг гадаадын хотууд дээр ашиглаад барилгын хэв шинжийг суурь өгөгдөл болгосон. Гэвч энэ нь Монголд ажиллах уу гэдэг талаар Сингапурын их сургуулийн профессортой ярилцаж байсан юм л даа. Тэгтэл хэдэн сарын дараа надтай холбогдоод бид Монголыг судалгаандаа нэмж оруулахаар боллоо, учир нь гэрийн хэлбэр дүрс, өнгө төрх бүх юм нь өөр байдаг юм байна, энэ нь бидний алгоритмд бас нэгэн шинэ өнцөг болж байна гэдгийг хэлсэн. Тэгэхээр ямар нэг зүйлд зориулж хийсэн технологи контекстийн хувьд энэ мэтчилэн зорилт нь өөрчлөгдөх төдийд үр ашгаа өгч чадахаа больдог. Тиймээс бид технологийг өөрсдийн соёл, хэв маягт зориулж хөгжүүлж байх ёстой. Өөрсдийн онцлогоо мөн өөрийн хэлээр, зөвөөр төлөөлүүлж дата үүсгэж байх хэрэгтэй.
Би хиймэл оюун төдийгүй компьютерын шинжлэх ухаан монголчуудад хамгийн ойр салбар гэж боддог. Компьютер одоо бараг хүн бүрд байдаг болчихсон, инженерүүдийн бусад чиглэлүүдийг бодвол их хэмжээний биет, бодит зүйлс шаардахгүй. Харин гол зүйл нь оюуны чадамж. Монголчууд оюуны чадамж өндөртэй, математикт сайн хүмүүс шүү дээ, тиймээс хиймэл оюун бидний хувьд ирээдүйтэй салбар гэж бодож байна.
М.Мандхай, УИХ-ын гишүүн, Монгол-Британийн парламентын бүлгийн гишүүн

Англид сурч, ажиллаж, амьдарч байгаа болон төрж, өссөн олон монголчууд Оксфордын их сургуульд цуглаж, Монгол орны ирээдүйн хөгжил, цэцэглэлтэд хэрхэн хувь нэмрээ оруулж болох талаар салбар хуралдаанаар хэлэлцлээ. Ер нь гадаадад байгаа монголчуудынхаа мэдлэг, туршлага, хийж бүтээсэн ажил, судалгааг Монголынхоо хөгжилд яаж үр дүнтэй холбох вэ гэдэг чухал сэдэв. Хооронд нь холбох, гүүр нь болох, харилцан ойлголцлыг бий болгоход УИХ болон бодлого тодорхойлогчдын зүгээс онцгой анхаарч байна. Энэ утгаараа уг арга хэмжээ зөвхөн уулзалт биш, харин залуустаа мэдээлэл өгөх, хамтран ажиллах боломж нээж буй үйл явдал юм.
Цаашлаад гадаадад байгаа монголчуудыг салбар бүрээр нь хамруулж, чадвар, нөөц бололцоог нь танилцуулж, харилцаа холбоо үүсгэж байна. Монголдоо заавал биечлэн очихгүй ч, цахимаар, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хэлбэрээр, судалгаа шинжилгээний ажлаар гэхчлэн олон талаар хамтран ажиллах гарц нээгдэж байна. Ийм платформыг тогтвортой хөгжүүлэхэд УИХ-ын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн гол үүрэгтэй ажиллах юм. Тус хүрээлэн гадаадад байгаа монголчуудын санал санаачилга, дуу хоолойг бодлого боловсруулагчдад хүргэх "цонх" нь болж өгнө гэдэгт итгэж байна.
Илтгэл, хэлэлцүүлгийг хараад залуустайгаа уулзаж, ярилцаж байхад маш нарийн мэргэжлээр амжилттай суралцаж байгааг мэдлээ. Хиймэл оюун, өгөгдлийн шинжлэх ухаан, генетик, санхүү, барилга гээд олон чиглэлд судалгаа, шинжилгээ хийж байгаа юм байна. Тэд сурснаа харийн оронд биш, Монголдоо ч бас ашигламаар байна гэдгээ илэрхийлж байна. Бидний зүгээс энэ боломжийг нь бий болгох буюу судалгаа, шинжилгээний ажлын байр, цалин урамшууллын тогтолцоог эргэж харах гэхчлэн анхаарч ажиллана. Төгсгөлд нь хэлэхэд, бид 3.5 саяулаа биш, дэлхий даяар тархсан 10 сая монгол хүний чадамжийг нэгтгэж чадвал биднийг илүү гэрэлтэй, сайхан ирээдүй угтах болно гэдэгт итгэлтэй байна.
Э.Хангай, “Чевнинг” хөтөлбөрийн тэтгэлэгт, Сассекс их сургуулийн магистрын оюутан

Би эрх зүйч мэргэжилтэй. Харин магистрт Хиймэл оюун ба бодлого судлалын хөтөлбөрөөр суралцаж Монгол Улсын хиймэл оюуны стратегийг өөр бусад орны стратегитай харьцуулсан судалгаа хийж байна. Улс, орон бүр өөрийн онцлогтойгоор стратегиа хөгжүүлж байна л даа. Жишээ нь, АНУ-ын хувьд илүүтэй хувийн хэвшлээ дэмжиж байгаа бол БНХАУ төрийн захиргааны чиглэлтэй үйлчилгээнүүдээ бүрэн хиймэл оюунд шилжүүлнэ гэсэн зорилт тавьсан байна. Энэ мэтчилэн улс орнууд 2030 хүртэлх стратегиа гаргаад байна.
Дэлхий нийтийн хэтийн хандлагаас харахад улс орнууд хиймэл оюуны хөгжилд зарцуулах төсвөө үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байна. Зарим их гүрнүүд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2–3 хувийг энэ салбарт зарцуулж байгаа нь ихэнх орны батлан хамгаалах зардалтай дүйцэж байгаа хэрэг. Энэ нь улс, орнууд хиймэл оюунд ямар их ач холбогдол өгч байгааг тодхон харуулж байна.
Монгол Улсын хувьд зарим орныхтой төстэй чиглэлээр хиймэл оюуны стратегиа хөгжүүлж байгаа гэж харагдаж байна. Эхний чиглэл нь уул уурхайд суурилсан, цаашлаад төрийн захиргааны чиглэлээр автоматжуулалт, цахим шилжилт хийх төлөв гарсан байна билээ. Үүнийг үр дүнтэй хийж чадвал миний тооцоолсноор захиргааны 23 мянган албан хаагчийн тоог дөрвөн мянга руу буулгах боломжтой. Засгийн Газрын захиргааны шийдвэр гаргадаг хууль зүйн текстийг алгоритмд шилжүүлээд гааль, татвар, даатгалын ажлын үйл явц, тэр хэмжээгээр төсвийг хэмнэх боломж үүсэх юм.
Миний хувьд хиймэл оюун, дата инженерчлэлийн чиглэлээр суралцах болсон шалтгаан нь сүүлийн долоон жилийн хугацаанд Монгол Улсад авлигатай тэмцэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй дотоодын болон олон улсын байгууллагуудтай хамтран ажилласан туршлагатай холбоотой юм. Тухайлбал, Transparency Inc, шүүх дээр шийдвэрлэгдэж буй авлигын гэмт хэрэг, мөн НҮБ-ын дижитал шилжилтийн төсөл дээр ажиллаж байх хугацаандаа би нэг зүйлийг ойлгосон. Энэ нь манай улс авлигаас гарах цорын ганц гарц нь цахим шилжилтийг зөвхөн мэдээллийг цахимжуулах түвшинд биш, харин төрийн захиргааны шийдвэр гаргалтын 70 хувийг автоматжуулах түвшинд хөгжүүлэх явдал юм байна гэх итгэл үнэмшил төрснийх юм.