UBLife Logo
Боловсрол

Г.Батсуурь: ЭЕШ-д “Тамгагүй төр” жүжгийн зохиолоос эш татсан нь буруу биш

Г.Батсуурь: ЭЕШ-д “Тамгагүй төр” жүжгийн зохиолоос эш татсан нь буруу биш

Монгол хэлний ЭЕШ-ын агуулгад Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийн зохиолын харилцан яриа, өгүүлэмжид тулгуурласан хоёр дасгалыг багтаасан нь багагүй шуугиан тарьсан. Сүүлийн жилүүдэд Б.Баатар уг жүжгийг тайзнаа найруулж, “Монгол Хаан” нэрээр олон улсын театруудад тоглуулж буй. Үүнээс улбаалан зарим хүн ЭЕШ-д улс төржсөн асуулт орууллаа гэсэн саналыг цухуйлгаж байна. Бид энэ сэдвийн хүрээнд утга зохиол судлаач, МУБИС-ийн багш Г.Батсуурьтай ярилцлаа.


-“Тамгагүй төр” зохиол, “Монгол Хаан” жүжиг хоёул тусдаа бие даасан бүтээл шүү дээ. Гэтэл эдгээрийг нэг бүтээл мэтээр тайлбарлах байдал цөөнгүй ажиглагдаж байна. Энэ тухайд таны байр суурийг сонирхож болох уу?

-Б.Лхагвасүрэн гуай “Тамгагүй төр” жүжгийн зохиолыг бичсэнийхээ дараа “Энэ бол миний л хувьд оргил бүтээл” хэмээн хэлж байсан. Энэ зохиолыг Н.Найдандорж найруулан, 1998 онд анх тайзнаа тоглуулсан.

Жүжиг, жүжгийн зохиол гэдэг хоорондоо ялгаатай тус тусдаа бие даасан ойлголтууд юм. Тухайн жүжгийг хэрхэн найруулах юм, тавил нь ямар байх вэ гэдгийг найруулагч шийддэг. ЭЕШ-д багтсан асуултууд бол “Монгол Хаан” жүжгийн тухай биш байна лээ.

Харин “Тамгагүй төр” жүжгийн зохиолоос эш татсан хоёр асуулт монгол хэлний ЭЕШ-д орсон байна. Тиймээс эдгээрийг би байх л учиртай, хэвийн асуулт гэж үзэж байгаа. 

“Тамгагүй төр” гэдэг сонгодог зохиол юм. Сонгодог зохиолуудын гол өгүүлэмжид эцэг, эх, хүүгийн зөрчлийн асуудал хөндөгддөг. Тухайлбал, Шекспирын “Гамлет” жүжиг ч мөн л энэ асуудалтай холбогдоно.

Бүрэн, дунд боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүд “Тамгагүй төр” жүжгийн зохиолыг уншиж, ойлгоод төгсөх хэрэгтэй. Тийм ч учраас уг зохиолын агуулгыг ЕБС-ийн хөтөлбөрт багтаасан байдаг. 

-“Тамгагүй төр”-ийн харилцан ярианы хэсгээс жишээ байдлаар оруулаад өгүүлэмжийн эзнийг асуусан байна лээ. Зарим хүн үүнийг харчхаад уг жүжгийг бүтнээр нь цээжлэх албагүй гэж сөрөх хандлага цухалзуулах нь ажиглагдсан. Энэ хэр ончтой асуулт санагдав?

-ЕБС-ийн сурагчид хариулна гэдэгт зориулж, харин ч тухайн асуултыг хялбаршуулсан байдлаар ЭЕШ-д оруулсан байна лээ. Энэ асуултад хариулахын тулд “Тамгагүй төр”-ийг заавал ч үгүй цээжилсэн байх албагүй. Өгөгдсөн хэсгийг уншаад ямар баймж утга илэрхийлж байна вэ гэдгийг л сонгох дасгал ажил байсан шүү дээ. Тэгээд ч “Тамгагүй төр” жүжгийн зохиол нь шүлэглэсэн хэлбэрээр бичигдсэн тул бараг нэг уншсан хүний ой санамжид үг нь үлдэхээр, цээжлэхэд амархан санагддаг юм.  

-Та “Б.Лхагвасүрэнгийн садизм” өгүүллээрээ уг зохиолчийн бүтээн туурвих эрчим, онгодын хүчийг нээж, уран бүтээлийнх нь шинэлэг байдлыг задлан шинжилсэн, томоохон эрэлхийллийг тунхагласан шүү дээ. Гэвч энэ өгүүлэл тань нийтлэгдсэн даруйдаа багагүй шуугиан дагуулсан санагдана?

-Тухайн цаг үедээ сод, сонгодог бүтээл туурвиж байгаа зохиолчдыг хооронд нь харьцуулж, эрэмбэлнэ гэдэг төвөгтэй байдаг. Харин тэдгээр зохиолчдын бүтээлүүд юугаараа ялгаатай юм бэ гэж асуувал бид хариулж болно. “Б.Лхагвасүрэнгийн садизм” өгүүллийг би 10-аад жилийн өмнө бичсэн юм. Энэ өгүүллийг бичихдээ би “Б.Лхагвасүрэн бол том сэтгэгч, сод уран бүтээлч юм байна” гэдгийг өөрийнхөөрөө л нээсэн ухаантай. Б.Лхагвасүрэнгийн “садизм” гэж бичсэний тухайд, хэрцгий, гаж, харгис гэмээр өгүүлэмжийг хачин сайхан уянгатайгаар илэрхийлээд утга санаагаа нээж чаддагийг нь тодорхойлсон юм. Зарим хүн “Б.Лхагвасүрэнгийн садизм” өгүүллийг маань шүүмжлэлт өнгө аястай гэж ойлгосон. Миний хувьд, Б.Лхагвасүрэн гуайн уран бүтээлийг өөрийнхөөрөө нээх оролдлого хийсэн л гэж боддог.

Энэ өгүүлэл маань одоо ч гэсэн яригддаг нь муугүй бичигджээ гэсэн бодлыг төрүүлдэг.

-Сурах бичгийн агуулгад уран зохиолын бүхий л төрөл, зүйлийн бүтээлийг эн тэнцүү оруулах учиртай. Харин жүжгийн зохиолыг хураангуйлсан байдлаар сурах бичгийн агуулгад багтаана гэдэг хэр төвөгтэй ажил байдаг вэ?

-Сурах бичгийн агуулгад жүжгийн зохиол цөөн бий. Жүжгийн зохиолыг уншихад төвөгтэй шүү дээ. Харилцан яриагаар гол үйл явдлаа зангиддаг онцлогтой. Б.Лхагвасүрэн гуайн “Тамгагүй төр” жүжгийн зохиолыг сурах бичгийн агуулгад багтаасан нь сайн сонголт гэж боддог. Уншихад сонирхолтой, ойлгоход амархан.

Түүнчлэн ЕБС-ийн сурах бичгийн хүрээгээр мэдлэгийг хязгаарлаж, үндэстнийхээ ерөнхий боловсролын хэмжээг тодорхойлж боломгүй шүү дээ. Сурах бичигт “Тамгагүй төр” жүжгийн зохиолыг, “Тунгалаг тамир” романыг бүтнээр нь багтаах боломжгүй. Хүүхдүүдэд унших сэдлийг төрүүлэх үүднээс хамгийн сонирхолтой хэсгээс нь товчилж оруулсан байх тул эх зохиолыг нь дэлгэрүүлж уншаарай гэж багш нар хэлж өгдөг учиртай юм.

-Уран зохиолыг монгол хэлний хичээлийн хавсарга байдлаар заадаг тухайд та юу хэлэх сэн бол?

-Олон жилийн туршид уран зохиолыг монгол хэлний хичээлийн хавсарга байдлаар ЕБС-д зааж байна. Сурах бичгийн агуулгад уран зохиолын тухай бага хэмжээтэй оруулчихдаг. Түүнчлэн багш нар хичээлийнхээ үеэр уран зохиолыг заах байдал нь харилцан адилгүй байна.

Уран зохиол хүний амьдралыг юутай ч зүйрлэшгүйгээр баяжуулах шидтэй. Уран зохиол ямар ч хүнийг амьдралд хайртай байхад сургадаг. Энэрэнгүй, хүч чанартай, үнэнч, ёс суртахуунтай байх гэдэг чинь бүгд уран зохиолд багтдаг юм. Иймд, уран зохиолын боловсролыг ерөөсөө орхигдуулж болохгүй.

-“Тамгагүй төр” зохиолыг уран зохиолын аль төрөлд хамааруулан авч үзвэл зохилтой вэ?

-“Тамгагүй төр” бол түүхэн зохиол биш. Яах вэ түүхийн сэдэвтэй гэдэгт хамааруулж болох л байх. Гэхдээ Хүннүгийн түүхэнд ийм үйл явдал байхгүй. “Тамгагүй төр” бол цэвэр уран сайхны бүтээл юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.136.203.32