UBLife Logo
Newsfeed

Бид гэрэлт цохыг үзэх сүүлийн үеийнхэн болж магадгүй

Ub.life
Ub.life
Бид гэрэлт цохыг үзэх сүүлийн үеийнхэн болж магадгүй

Гэрэлт цох (Firefly) нь биолюмисценц хэмээх тусгай гэрэлтэх шинж чанартай шавж бөгөөд дэлхий даяар 2,000 гаруй төрөл зүйл бүртгэгдсэн байдаг. Гэрэлт цох шөнийн цагаар гэрэлтдэгээрээ онцлог бөгөөд байгаль дэлхийн хамгийн үзэсгэлэнт, сонирхолтой биологийн үзэгдлүүдийн нэг юм. Харамсалтай нь уг нүд баясгам шавж сүүлийн 50-60 жил тасралтгүй цөөрч, зарим бүс нутагт бүрэн устах хэмжээнд хүрч байгааг судлаачид анхааруулжээ. Тэдний тоо толгой 1970-аад оноос хойш эрчимтэй буурч эхэлсэн гэж үздэг. Энэ бол зөвхөн байгалийн нэгэн үзэсгэлэнт амьтан алга болж буй асуудал бус, экосистемийн тэнцвэр алдагдаж буйг илтгэх ноцтой анхааруулга юм.

Хэрвээ бид дорвитой арга хэмжээ авахгүй бол энэ нөхцөл байдал нь бидний дараа үеийнхэн байгалийн сэтгэл татам үзэгдлийг бүр мөсөн харж чадахгүй болохыг илтгэж байгаа юм.

Гэрэлт цох цөөрч буй шалтгаанууд:

  • Хөдөө аж ахуй, хотжилт, зам, барилга байгууламжийн өргөжилтөөс үүдэн гэрэлт цохны амьдрах орчин устаж байна.

  • Эр, эм гэрэлт цохнууд гэрэлтдэг чанараа ашиглан хоорондоо дохио өгч, үржлийн үе явагддаг байна. Гэтэл гудамж, айл өрхийн шөнийн гэрэлтүүлэг нь гэрэлт цохны хосоо олох дохиог гажуудуулж, үржилд сөргөөр нөлөөлдөг.

  • Хортон шавж устгах бодисууд зөвхөн хорт шавжийг бус, гэрэлт цох зэрэг ашигтай шавжийг ч устгаж байна.

  • Уур амьсгалын өөрчлөлт нь тэдний үржих хугацаа, тархалтын нөхцөлд сөргөөр нөлөөлдөг аж.

Бид юу хийж чадах вэ?

  • Шөнийн гэрэлтүүлгийг багасгах.

  • Гэрэлт цохны амьдрах орчныг хамгаалах.

  • Зэрлэг өвс, чийглэг хөрстэй газрыг үлдээн, органик аргаар ногоо тарих.

  • Химийн бодисоос татгалзах.

  • Байгалийн гаралтай, хоргүй шавж устгах аргыг ашиглах.

  • Хүүхэд, залуучуудад шавж, амьтны төрөл зүйлийн ач холбогдлыг ойлгуулах.

  • Судалгаа, хамгаалалтын төсөлд дэмжлэг үзүүлэх.

Одоо хийж эхэлсэн жижиг өөрчлөлтүүд ирээдүйд энэхүү байгалийн гайхамшгийг үр хүүхэд, ирээдүй хойчдоо хадгалж үлдэх суурь болох боломжтой юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.