Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөх Их Британийн “Кроссрэйл Интернэшнл” ХХК (Crossrail International Ltd)-ийн Гүйцэтгэх захирал Пол Дайсон тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар метро төслийн санхүүжилт, ажлын явц болон цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.
Тус компани нь Их Британи улсын Зам тээврийн яамны харьяа бөгөөд хотын төмөр зам, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Тус компанийн зүгээс Монгол Улсын Эдийн засгийн форумд оролцох, метроны өртөө орчмын “Тээвэрт суурилсан хөгжүүлэлт” (TOD) төлөвлөлт дээр ажиллах, метроны трассын дагуу талбайн судалгаа хийх зорилгоор Улаанбаатарт ирээд байна.