Ираны баруун, хойд хэсгийн Баруун Азербайжан мужийн Урмия шоронд хулгайн гэмт хэрэг үйлдсэн гурван хэрэгтний хурууг тайрч шийтгэлээ. Тэднийг Шүүхээс “мэргэжлийн хулгайч” гэж тодорхойлсон бөгөөд баруун гарынх нь 4 хурууг тусгай төхөөрөмжөөр тайрсан байна.

Гэмт этгээдүүд 2017 оны наймдугаар сараас 2019 оны 11 дүгээр сарын хооронд баривчлагдсан бөгөөд Ираны 4 мужийн нутагт 40 гаруй хулгай үйлдсэн нь тогтоогдоод байгаа ажээ.
Тэд хэргээ хүлээлгүй, хулгайлсан эд зүйлээ буцаан өгөхийг хүсэхгүй байсан тул ийм хатуу шийтгэл оноосон байна. Харин хэрэгтнүүд “Хүний эрх зөрчлөө” гэж заргалдан, өлсгөлөн зарласаар хэрэг шийдэгдэхгүй их удсан гэнэ.

Ираны Хүний эрхийг хамгаалах байгууллагаас “XXI зуунд ийм эрт үеийн зэрлэг шийтгэл оноож байгааг эсэргүүцэж байна” гэж мэдэгдлээ. Тус байгууллагын мэдээлснээр 2000 оны нэгдүгээр сараас хойш Иранд нийт 131 хулгайн хэрэгтний хурууг тайрсан ажээ.