Та Улаанбаатар хотноо бүтээн босгож буй “20 минутын хот”-ын тухай сонссон уу? Тав тухтай орон сууцнаас гадна хүнд хэрэгцээтэй нийгэм, соёлын үйлчилгээг бүхэлд нь 20 минутын зайд төвлөрүүлсэн хотод амьдрах сан гэж хэн боловч хүсдэг биз ээ. Улаанбаатарын хүн ам нэмэгдэж, барилга байгууламжууд тэлэхийн хэрээр түгжрэлгүй, санаа зовнилгүй амьдрах боломж улам улмаа хомс болж буйг харж л байна шүү дээ, өдгөө бид. Иймээс хот доторх хотыг хөгжүүлэх нь нэн чухал болжээ. Та бүхэнд хоёр жилийн дараа сүндэрлэн босох “Сэлбэ” 20 минутын хотын тухай ХОРИН баримтыг хуваалцаж байна.
#1. Сэлбэ хот хэр томоор сүндэрлэх вэ?
Сэлбэ хот нь Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрийг хамарч 158 га талбайд сүндэрлэнэ. Зүйрлэвээс, энэ нь III, IV хорооллыг, “Өнөр” хороололтой нэгтгэсэнтэй дүйцэхүйц хэмжээний бүтээн байгуулалт юм.

10067 айлын орон сууц бүхий ийм том хотыг 2027 оны 6-р сарын 30-ны өдрийг хүртэлх ердөө 24 сарын хугацаанд бүтээн босгохоор төлөвлөж байна.
#2. “20 минутын хот” гэж юуг хэлнэ вэ?
“20 минутын хот” гэдгийг энгийнээр тайлбарлавал хүнд хэрэгцээтэй нийгэм, соёлын ямар ч төрлийн үйлчилгээнд явган, дугуйтай, машинтай алинаар нь ч 20 минутад элбэг хүрэхээр төлөвлөж, цогцлоосон бүтээн байгуулалт юм.

Сэлбэ хотын иргэд ямар ч ажлаа 20 минутын дотор амжуулаад түгжрэлгүй, бухимдалгүй амьдрах боломжтой. Энэ нь алсдаа Улаанбаатар хотын түгжрэлийг ч багасгах давуу талтай.
#3. Ногоон байгууламжаар баян хот
Та өөрийн амьдрах орчныг сонгохдоо хамгийн түрүүнд юуг нь онцолж хардаг вэ? Тухайн бүтээн байгуулалт нь амралтын орчин, хүүхдийн тоглоомын талбайтай, дуу чимээнээс ангид уудам орон зайтай байвал сайхан биз дээ.

Тэгвэл Сэлбэ хотын гол давуу тал нь голын эрэг дагуух 1.5 км зайг хамрах ногоон байгууламж, амралтын хэсэгтэй.
Ер нь Сэлбэ хотын нийт талбайн 36 хувьд ногоон байгууламж тохижуулахаар төлөвлөсөн байна.
Мөн автомашингүй бүсийг зурагласан нь Монголд анхдагч тохиолдол болжээ.
#4. Сэлбэ хотын эмнэлэг 100 ортой

Эрүүл мэндийн тусламж яаралтай хэрэгтэй боллоо гэж бодъё. Гэрийн тань ойролцоо эмнэлэг байхгүй бол хэцүү шүү дээ. Хол газар түгжирч цаг алдахгүй, хүлээж авах бололцоотой эсэхэд санаа зоволгүй үйлчлүүлэх боломжтой Сэлбэ хот доторх 100 ортой эмнэлгийг барьж байна.
#5. Сэлбэ хотынхон дулаахан өвөлжинө
Сэлбэ хотын иргэд дулааны асуудалд санаа чилээх шаардлагагүй юм. Тухайн хотыг дулаанаар хангах 63 МВт-ийн хүчин чадал бүхий “Дамбадаржаа” цахилгаан станцыг босгох ажил өдгөө ид өрнөж байна.

Энэхүү цахилгаан станцыг 2026 оны 12-р сараас ашиглалтад оруулах юм.
#6. Сэлбийнхэн гоожуурын усаа шуудхан уусан ч болно
Сэлбэ хотод сүндэрлэх орон сууцуудын хэрэглээний усыг зэс хоолойгоор угсрах юм. Иймээс зэвтэй ус гоожихгүй.
Түүнчлэн тус хотын байшин бүрийн дээвэр дээр нарны панел байрлуулж, орцны гэрэлтүүлэг, лифт зэрэг нийтийн хэрэглээний эрчим хүчийг үүгээр шийднэ. Ингэж иргэдийн хэрэглээний зардлыг багасгах юм.
#7. Зүүн талдаа хөв цөөрөм, нууртай
Сэлбэ голыг түшиглэж хөв цөөрөм байгуулахаар ажиллаж байна. Сэлбэ гол нь үерийн эрсдэлтэй орон зай билээ. Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд хөв цөөрөмтэй уялдуулан борооны ус зайлуулах шугам, шуудууг угсрахаар төлөвлөжээ.
#8. Улсын цирк Сэлбэд сүндэрлэнэ
Сонирхолтой нь, Сэлбэ хотод Улсын циркийг бүтээн байгуулахаар Соёлын яамтай зөвшилцсөн байна.
#9. Агаарын бохирдлыг 6 хувиар багасгана

Сэлбэ хотод 113 орон сууцыг барина. Ингэснээр гэр хорооллын янданг 15,600-гаар цөөлөх юм.
Улмаар агаарын бохирдол ч бас 6 хувиар буурах төлөвтэй байна.
#10. Хотдоо суралцах боломж
Сэлбэ хотод 3780 хүүхдийг хүлээн авах чадалтай 3 сургууль, 1200 хүүхдийн багтаамжтай 5 цэцэрлэгийг барина. Үүнээс гадна гадаад хэл, техник, спортын төрөлжсөн хөтөлбөртэй 3 сургуулийг босгохоор төлөвлөжээ.
Иймд, хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөх гэж шөнө хагаслан босож, түгжрэлд бухимдах шаардлага гарахгүй ээ гэсэн үг.
#11. Уудам зогсоолтой

Автомашины зогсоол эзэмшинэ гэдэг манай хотын нэн чухал асуудал болсон байна. Шинэ жолоочид зуруулчихааргүй уудам зайд, санаа зовохгүй газар машинаа үлдээнэ гэдэг азтай явдал юм.
Сэлбэ хотод 47,530 мкв бүхий уудам зогсоол барихаар зэхэж байна.
#12. Хөрсний бохирдлоос ангид, эрүүл орчинд амьдрах боломж
Сэлбэ хотын бүтээн байгуулалт дуусахад 12 мянган нүхэн жорлонг хэрэглээнээс гаргана. Ингэж гэр хорооллын зарим айл, өрхүүд эрүүл, аюулгүй орчин амьдрах боломж нээгдэх юм.

Түүнчлэн хөрсний доройтол, бохирдол ч төдий хэрээр багасах нь байна.
#13. Газраа байраар солих нээлттэй боломж
Хорин минутын хотод түшиглэн зэргэлдээх Чингэлтэй, Хайлааст, 5 буудал, Дарь-Эх, Дамбадаржаа орчмын айлуудыг хэлэлцээрт урихаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, энэ бүс нутаг дахь айл, өрхүүдийн газрыг орон сууцаар солилцох хууль батлагдсан билээ. Энэ ажил ирэх жилүүдэд бодитоор хэрэгжих юм.
#14. Явганаар алхах болон дугуйн замтай
Сэлбэ хотод 43 км явган зам, 28.9 км дугуйн зам барихаар төлөвлөжээ.
Үүний сацуу тухайн бүс нутагт спортын байгууламж мөн сүндэрлэнэ.
#15. Шинэ цагийн төлөвлөлт
Улаанбаатар хотын утаа, түгжрэлийн асуудлын эх үндсийг олон жилийн өмнөх хот төлөвлөлттэй холбох нь бий. Үнэхээр ч Улаанбаатар хотын шавийг тавьж байх үед Нийслэлийн хүн ам сийрэг байлаа.
Тэгвэл “Хорин минутын хот” төслийн хүрээнд хот доторх хотуудыг шинээр төлөвлөх боломж гарч ирсэн нь өнөөгийн нөхцөл байдлыг зөвөөр үнэлж, дээрх асуудлыг цэгцлэх болов уу гэсэн хүлээлтийг бий болгоод байна.
Сэлбэ бол сүүлийн 30 жилд Монгол улсад хийгдэж буй анхдагч хот төлөвлөлтийн ажил юм.
#16. Жишиг хот босгосны хойшдын нөлөө

“Сэлбэ” хотын бүтээн байгуулалт нь анхдагч 20 минутын хот гэдгээрээ онцлог. Бид жишиг 20 минутын хотыг босгосноор уг төслийг орон нутагт ч мөн адилхан загвараар хэрэгжүүлэх, иргэд Төрийн үйлчилгээг хурдан, шуурхай авах, хүн амын төвлөрлийг багасгах зэрэг олон асуудлыг хялбар аргаар шийдэх боломж нээгдэх юм.
#17. Дараагийн хотоор Баянхошууг хөгжүүлнэ
“Хорин минутын хот” төслийг хэрэгжүүлэх дараагийн бүсээр Улаанбаатар хотын хамгийн их агаарын бохирдолтой хэсэг болох Баянхошуу орчмыг онилж байна. Ингэхдээ дэд бүтцийг ч мөн Сэлбэ жишиг хотын стандартаар шийдэх юм.
#18. Төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ
Сэлбэ, Баянхошуу орчмыг хотын жишиг загварын дагуу хөгжүүлснээр Төрийн болон хүмүүст хэрэгцээтэй бусад үйлчилгээний хүртээмж сайжрах юм. Ингэхээр бусад үйлчилгээний газрын ачаалал багасах давуу талтай.

#19. Нийслэлийн анхны, өргөн цараатай нөхөн олговор бүхий газар чөлөөлөлт
Үүнээс өмнө нь Нийслэлийн хэмжээнд ийм өргөн цараатай, нөхөн олговор бүхий газар чөлөөлөлтийн ажлыг өрнүүлж байгаагүй. Одоогийн байдлаар, Сэлбэ хотын газрыг чөлөөлөх ажил 96 хувьтай явагдаж байна.

Энэ зуурт хэдийн 1878 айл газраа чөлөөлжээ. Өдгөө 186 нэгж талбарыг чөлөөлөх ажил л дутуу байна.
#20. Ажлын явцыг шууд хянах нээлттэй боломж
Та бүхэн ЭНД дарж Сэлбэ хотын бүтээн байгуулалтын ажил ямар явцтай байгааг хянах боломжтой юм.
Харин 3, 4-р багцын 9767 айлыг орон сууцжуулах бүтээн байгуулалтыг тендерийг 8-р сарын 14-ний өдрөөс нээх юм.
