“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 8-р сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотоос 40 гаруй километрийн зайд орших Тайж Хайрханы бэлд болохоор товлогджээ.
Нутаг, нутгийн соёлын давтагдашгүй баян өвийн тээгч нар хуран цуглаж, эл гурван өдөрт айраг цагаа далай мэт цалгиж, аман билэг рашаан мэт ундарч нүүдэлчдийн соёлын барагдашгүй баянаар гангардаг билээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа нэгэн ардын сониуч захидлын хариуд “Ардын урлагт аар саар, голох хаях юм гэж байхгүй. Ардын урлагийн авьяастан гэдэг бол нэг хоёр хүнийг тоочих биш нэн нийтлэг үзэгдэл” гэж хариулсан байдаг. Үнэхээр ч нүүдэлчдийн ахуй соёл өдгөө даян дэлхийд хүндтэй байр суурийг эзлэх учиртай юм.
Харин энэхүү хүндтэй байр сууриа батжуулах, цөөнх угсаатны өв соёлыг дархлаажуулах, нүүдэлчдийн өв соёлын сан хөмрөгийг улам баяжуулан тэлэхэд “Нүүдэлчин” фестивалийн ач холбогдол, үр нөлөө чухал билээ.
