UBLife Logo
Спорт

Ууландаа үлдлээ, НАТАЛЬЯ ...

Ууландаа үлдлээ, НАТАЛЬЯ ...

Энэ наймдугаар сард уулын спорт, спортын ертөнц  төдийгүй дэлхий дахинд дуулиан дагуулсан, харамсалтай хэрэг Кыргызстаны Тэнгэр уулсын хамгийн өндөр цэг 7439 метр Ялалт оргилд болсон билээ.

Наймдугаар сарын 12-нд ОХУ-ын уулчин, 47 настай Наталья Наговицина оргилоос буух үедээ осолдон, хөлөө хугалсан тул цаашид буух боломжгүй болсон юм. Натальягийн багт ОХУ-ын Роман Мокринский, Италийн Лука Синигилья, Германы Гюнтер Зигмунд нарын эрэгтэй уулчид хамт явсан бөгөөд Лука биеийн байдлаас болоод яг оргил руу авиралгүй нилээн доор цасан оромж хийн үлдсэн, Гюнтер оргилд Наталья, Роман хоёроос бараг 3-4 цагийн түрүүнд оргил дээр гараад  уруудсан байсан тул Наталья хөлөө хугалах үед Роман хамт байж, анхны тусламж үзүүлэн, харьцангуй аюул багатай газар, 7100 метр орчимд том хадны нөмөрт үлдээгээд тусламж дуудахаар доошилсон байна. Энэ үед цаг агаар муудаж эхэлж.

Хугархай хөлтэй, цасан дээр инээмсэглэн суугаа Наталья, мөн хэдхэн цагийн дараа амиа алдахыг огтхон ч төсөөлөөгүй Италийн уулчин Лука нарын хамгийн сүүлчийн зураг. Бодвол Гюнтер энэ зургийг авсан байх.

Романаас Натальяд тохиолдсон золгүй явдлын талаар сонссон Лука, Гюнтер нар буцаж авиран Натальяд ус, идэх зүйлс (4-5 хоног хүрэлцэх), хүчилтөрөгчтэй баллон, уутан хөнжил , майхан зэргийг хүргэж өгчээ. Маш их ядарч туйлдсан тул тэд Натальятай майханд хамтдаа хоносон байна.

Хөл нь хугарсан, өөрөө явж чадахгүй Натальяг хоёулахнаа авч буух ямар ч боломжгүй тул тэд маргааш нь бааз руу буцаж. Буцахдаа Лука бээлийгээ гээснээс гараа хөлдөөсөн аж.

Наймдугаар сарын 14-нд Лука, Гюнтер хоёр өөр маршрутаар өгсөн Наталья руу очихоор явсан ч Лукагийн биеийн байдал муудаж, 6800 метрийн өндөрт цасан оромж хийн, уутан хөнжилд орж хоногложээ. Маргааш нь Лукагийн тархинд хөлдөлтөөс үүдэн хаван үүсэн итали уулчин амиа алдан, Гюнтер ганцаараа бааз руу буухаас өөр аргагүй болжээ.

Наталья Наговицина явган аялал, холын зайн марафонд тогтмол оролцдог идэвхтэй амьдралын хэв маягтай нэгэн байлаа...

Наймдугаар сарын 15-нд (Наталья Наговицина осолдсоноос дөрөв хоногийн дараа) Кыргызстаны тал аврах ажиллагааг эхэлж "Ми-8" нисдэг тэргийг Натальягийн байгаа 7100 м рүү явуулж. Харин байгалийн хатуу нөхцөл (салхи, шуурга) байдлаас шалтгаалан дөнгөж 4600 м хүрээд маш хүчтэй газарджээ. Нисэх болон аврах багийн гишүүдээс 2-3 хүн нилээд хүнд бэртсэн тул өөр нисдэг тэрэг ирж тус аврах багийг, мөн Роман, Гюнтер нарыг авч, эмнэлэгт хүргэжээ.

Наймдугаар сарын 19-нд Кыргызстаны армийн "Ми 17" нисдэг тэрэг , тэдний аврах баг, мэргэжлийн туршлагатай уулчдын хамт ослын газар руу хөөрсөн ч багийн ахлагчийн бие гэнэт муудсан тул бас л зорьсон газартаа хүрэлгүй буцаж.

Наталья уулын спортоор 2016 оноос эхлэн хичээллэжээ.

Яг энэ өдөр хийсэн дроны бичлэгт Наталья Наговицина майхандаа хэвтэж, гараараа даллаж буй нь тод харагддаг.

Энэ бол түүнийг амьд буйг нотолсон хамгийн сүүлийн бичлэг, баримт.

Ямар ч байсан уулчин бүсгүй 7100 метрийн өндөрт, цаг агаарын асар хүнд нөхцөлд, -25 градусаас дээш хүйтэнд хамгийн багаар бодоход долоо хоног амьд байсан нь тодорхой болсон.

Наймдугаар сарын 23-нд Кыргызстаны тал аврах ажиллагааг зогсоосон. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж аврах ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж үзсэн байна.

Харин ОХУ-ын уулчдын холбооноос цаг агаарын боломжтой үе гарвал наймдугаар сарын 25-нд дрон хөөргөж, Натальяг амьд байгаа ямар нэг шинж тэмдэг илэрвэл дахин нэг аврах оролдлого хийнэ хэмээн мэдэгдэв.

Наталья хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг байсан орнуудад орших 7000 м -ээс дээш өндөртэй таван оргилын дөрөвт нь гараад байсан бөгөөд тав дахь нь Ялалт оргил болсон юм...

Италиас мэргэжлийн аврах анги, мөн 7000м өндөрт буулт хийх чадалтай  Airbus helicopters H145 нисдэг тэрэгтэйгээ ирсэн ч цаг агаарын байдлаас болоод юу ч хийж чадалгүй буцсан байна.

Наймдугаар сарын 27-нд Кыргызстаны армийн дроны агаарааас авсан зургаас Наталья амьд байгаа ямар нэг шинж тэмдэг илрээгүй гэж мэдэгджээ.

Хэдийгээр Натальяг амьд буйг хэн ч нотолж чадахгүй ч амь үрэгдсэн гэдгийг бас баталж чадахгүй буй тул сураггүй алга болсон хэмээн албан ёсоор хэлж буй гэнэ.

Мэргэжлийн уулчдын үзэж буйгаар Наталья амьд үлдэх ямар ч боломжгүй (7100 м өндөрт, цасан шуурга, хасах 25-аас дээш хүйтэнд, хоол хүнсгүй, усгүй, халаагуурын газ нь дууссан, уранхай майханд ийм олон хоног амьд байх боломж "О" гэдэг нь тодорхой л доо) ажээ.

Ялалт оргил 7439 м, Натальягийн "байгаа" газар нь 7100м орчим, нисдэг тэрэг "унасан" газар 4600м орчимд

Ийм нэгэн маш эмгэнэлтэй , бас сургамжтай үйл явдал болсон нь  уулын спортынхон, ууланд авирагчид, аялал зохион байгуулагчдын дунд чухам сэдэв болж байна.

Наталья Наговицинагийн нөхөр Сергей нь 2021 онд мөн л Тэнгэр уулсын хоёр дахь оргил Хан тэнгэрт (7010 м) авирах үедээ цус харван нас барсан бөгөөд Наталья нөхөртэйгээ хамт явж байсан бөгөөд Сергей эхнэрийнхээ гар дээрээ амьсгал хурааж байсан ажээ. Жилийн дараа Наталья Хан тэнгэр оргилд гарч нөхрийнхөө дурсгалд зориулсан жижиг самбарыг байрлуулж байсан гэнэ.

Харин хувь заяаны эрхээр Наталья нөхрийнхөө амиа алдсан газраас ердөө 16-хан километр зайтай өөр нэг оргилд мөнхөд нойрсох тавилан  иржээ,харамсалтай.

Ялалт оргил руу авирах маршрут

Долоон мянган метрийн өндөрт нүдгүй цасан шуурга, нүүргүй балбах салхи, хүйтэн харанхуй шөнө хөл нь хугархай орь ганцаар бүсгүй тэр олон хоног юу бодож, юуг дурсан хэвтэж байсан бол гэхээс "хүрэл зүрхтний" ч сэтгэл эмтрэм.

Амьдрал ямар үнэтэйг ойлгож, аврах багийнхан ирнэ гэж итгэж, найдаж, хүүгээ бодон, ханиа дурсан байсан нь лавтай...

Наталья Наговицинад тохиолдсон эмгэнэлт энэ явдал олон нийтийг мөн ихээхэн талцуулж, маргалдуулсаар байгаа.

Тэр олон хоног болж байхад дорвитой аврах ажил зохион байгуулсангүй, нисдэг тэрэг очиж чадахгүй байсан юм бол мэргэжлийн уулчдыг авируулахгүй яасан юм гэх мэтээр ярих ч хүмүүс гарсан. Энэ бол уулын спорт, ууланд авиралтын тухай ямар ч мэдлэггүй хүмүүсийн яриа.

Ялалт оргил бол манай гарагийн хамгийн аюултай уулын нэг. 1956 онд анх Ялалт оргилд хүний  хөл тавигдсанаас хойш 70 гаруй уулчин мөнхөд нойрсчээ, тэнд.

Өвөрмөц байгалийн тогтоц, байц урт том хад ихтэй тул Ялалт оргилд хүрэхийн тулд маш тойруу урт замыг туулж байж хүрдэг аж. 6900 м -ээс 7100м хооронд 200 м -ийн л зайтай гэж хэн ч бодох байх. Тэгвэл Ялалт оргилын энэ 200 метрийн өндрийг туулахын тулд 5 км даяалж авирч байж л хүрнэ. Буухдаа ч мөн адил. 200 м өндөр авирч,  буухын тулд 10 километр зам туулдаг авай. Ийм урт хүнд зам туулсан уулчид маш их ядарч, туйлдаж, ямар ч тэнхээгүй болдог ба олон хүний ​​хувьд энэ нь бие махбодийн чадавхиас давсан байдаг тул сэтгэх чадвар буурч, буруу шийдвэр гаргаж, техникийн алдаа гаргадаг гэнэ. Осолд орсон , нас барсан уулчдыг аврах, өндрөөс буулгах гэж оролдсон хүмүүс ч өөрсдөө ийм байдалд ордог аж.

Энэ бүгдийг эс тооцоод мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн уулчид аврахаар авирахад 4-5 хоног болж байж 7000м хавьд очино, Ялалт оргилын. Тэгээд бас цаг агаар таатай байх нөхцөлд. Тэгвэл цагийн дотор тэнд цаг агаар хэдэн ч янз болохыг таашгүй.

Дээр нь Натальяг буулгахын тулд мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн 15-30 уулчин шаардлагатай болдог тул нэг хүний амь аврах гээд өдий тооны хүний амийг эрсдэлд орох аюултай байдаг байна.

Тиймээс ч Ялалт оргилд авирч байгаад осолдсон, гэмтсэн  нэг ч уулчныг аварч байсангүй, мөн нас барсан нэг ч уулчны цогцосыг уулнаас буулгаж байгаагүй гэнэ.

Мэргэжлийн уулчид Натальяг бэлтгэл муутай, авирч буй уулаа сайн судлаагүй, эрсдэлтэй үед юу хийх, яахаа мэдэхгүй, шаардлагатай бэлтгэл хангаагүй , хаашаа явж буйгаа ойлгоогүй, мэдээгүй хүмүүсээр багаа бүрдүүлсэн гэж мэргэжлийн үүднээс дүгнэж, шүүмжлэлтэй хандаж байгаа. Ортой ч байх.

Харин хамгийн жигшмээр нь олон нийтийн сүлжээнд Натальяг санаанд багтамгүй муухай үгээр муулж, мэдэхгүй зүйлээ дураараа бурж, бүүр "Нөхрийнхөө үхлээс сургамж авдаггүй тэнэг", "Түүнийг аврах хэрэггүй", "Муу ээж", "Өдий насандаа үр хүүхдээ орхиод (Натальягийн хүү Михайл насанд хүрсэн, 27 настай!) уул руу юугаа хийж явсан юм бэ?" гэх мэтээр бичиж байгаа нь өнөө цагийн хүмүүсийн хүн чанарыг харуулж буй толь юм даа.

Ямартаа ч Наталья Наговицина гэх бүсгүй, нөхрийнхөө адил Тэнгэр ууландаа үлдлээ. Ууланд, оргилд хүссэн болгон авирдаггүй, авирсан болгон бууж ирдэггүй гэдэг. Тэгвэл энийг мэдсээр байж яагаад хүмүүс уулсыг, оргилыг зориод байдаг юм бэ гэж үү? Ууланд зөвхөн спортын амбиц, нэр хүндийн төлөө авирдаггүй. Өөрийгөө таних, өөрийгөө ялах биеийн болон сэтгэлийн дуудлагаар уулсыг зорьдог. Зөвхөн ууланд авирч буй хэрэг ч биш дотоод сэтгэлийн дээд хязгаар руу авирдаг гэвэл зөв юм болов уу даа...

Ц.Энхтүвшин  Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.