UBLife Logo
Спорт

О.Бямба-Эрдэнэ боксын ДАШТ-ий шигшээ наймд шалгарлаа

О.Бямба-Эрдэнэ боксын ДАШТ-ий шигшээ наймд шалгарлаа

Английн Ливерпүүл хотноо 9-р сарын 4-14-ний өдрүүдээр болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 66 орны 540 тулаанч хүч сорьж байна. Энэ наадамд “Парис-2024” олимпын наадмаас медаль атгасан 17 боксчин тулалдсан юм.

Харин Монголын 10 тулаанч рингэнээ өрсөлдснөөс гурав нь дэлхийн медальт тамирчин билээ.


Эрэгтэйчүүдийн 70 кг-д тулалдаж буй О.Бямба-Эрдэнэ, эхний тойрогт гоц мөргөж, Литвийн Александр Трофимчукийг 5:0-ээр, Туркийн Некат Экинчиг 3:2-оор ялж, шигшээ наймд шалгарлаа.

Тэрбээр 9-р сарын 10-ны өдөр Английн Одел Камаратай хүрэл медалийн төлөө тулалдана.

Харин 60 кг-д хүч сорьсон Г.Лундаа тэгшитгэлийн шатыг алгасаж, Гүржийн Артюш Гомцяныг 5:0-ээр хожин, шигшээ 16-д хүрээд, Канадын Кеома Али Аль-Ахмадиед 5:0-ээр ялагдав.

Мөн 65 кг-ын жинд оролцсон ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлт тэгшитгэлийн шатыг даваад Ираны Али Хабиб Наждад 5:0-ээр хожигдсон.

Өнөөдөр Монголын хоёр эрэгтэй тулаанч рингэнд тоглоно.

50 кг-ын жинд өрсөлдөж эхний шатанд гоц мөргөсөн А.Баттулга, Өмнөд Солонгосын Ён Таэ-Геүнтэй хүч сорих юм.

Тэгвэл 55 кг-д тулалдаж буй Х.Билгүүнсайхан мөн л тэгшитгэлийн даваанд гоц мөргөсөн. Залгаад эхний тулаандаа “Парис-2024” олимпод оролцоод амжсан Шведийн Небил Ибрахимыг 2-р үед хүч техникийн давуугаар буулгаж авсан юм.

Х.Билгүүнсайхан шигшээ 16-д мөн өнгөрсөн оны олимпод тулалдсан, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Нижат Хусейновтой оноолт таараад байна.


Эмэгтэйчүүдийн:

54 кг-д Азийн наадмын хүрэл медальт О.Есүгэн оролцож, эхний тойрогт гоц мөргөөд, Тайванийн тамирчин, дэлхийн хошой аварга, “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт Хуан Сяо-Вэнд 5:0-ээр ялагдлаа.

57 кг-ын жинд тоглосон ДАШТ-ий хүрэл медальт М.Энхжаргал, Австрийн Жули Рамаданыг 4:1-ээр хожиж, Колумбын Валерия Арболедад 4:1-ээр ялагдсанаар ДАШТ-ийг шигшээ 16-гийн шатнаас өндөрлүүлсэн.

Түүнчлэн 60 кг-д оролцсон ДАШТ-ий V байрын шагналт М.Намуун эхний тулаандаа Хятадын боксчин, 2023 оны дэлхийн аварга Янь Ченгүд 5:0-ээр хожигдсон билээ.

Харин өнөөдөр Монголын хоёр эмэгтэй тулаанч рингэнд тоглоно.

48 кг-ын жинд тулалдах ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг, эхний тойрогт гоц мөргөсөн. Тэрбээр шигшээ 16-д Туркийн тамирчин, 2022 оны дэлхийн аварга Айше Чагыриртэй тулалдах юм.

51 кг-д хүч сорьж байгаа Б.Мөнгөнсаран, Украины Ярослава Марынчукийг 5:0-ээр буулгаж аваад буй. Түүний дараагийн өрсөлдөгчөөр Мексикийн Эсмеральда Патино тодорсон.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.