Ирэх жил АНУ, Мексик, Канад улсыг дамнан болох хөлбөмбөгийн ДАШТ-ий Европын бүс дэх урьдчилсан шатны тоглолтууд ид өрнөж байна.
“I” хэсэгт хуваарилагдсан Италийн шигшээ багийнхан даваа гарагт Израйлийн талбайд зочлон тоглоод 5:4-өөр хожсон нь энэ сарын шуугиант өрсөлдөөний нэг боллоо.
Израйльчууд нутагтаа 1:0, 2:1-ээр хошуучилж байсан ч, Италичууд 54-81 дэх минутын хооронд 4:2 болгож холдуулсан юм.
Гэлээ ч талбайн эзэд 87, 89 дэх минутад гоолдон, үндсэн цагт 4:4-өөр тэнцэв. Шүүгчийн сунгасан цагт “Ньюкасл” клубийн хагас хамгаалагч Сандро Тонали 20 метрийн зайнаас гоолдож, чухал ялалтыг багтаа авчирлаа.
Италичууд ДАШТ-ий урьдчилсан шатны өрсөлдөөнийг Норвегид 3:0-ээр хожигдож тааруу эхлүүлсэн.
Норвегийн багийнхан дөрөв тоглоод бүгдэд нь хожсон учир Италийн багийнхан дараалсан гурван ДАШТ-ийг өнжих бодит эрсдэлтэй нүүр тулаад байна.
Энэ тоглолтод Израйлийн багаас Дор Перец дубль толилуулсан бол бусад хоёр гоолыг Италичууд өөрсдийн хаалганд оруулсан.
Харин Италиас Мойс Кин дубль толилуулж, Маттео Политано, Жиакомо Распадори, Сандро Тонали нар тус бүр нэг гоолыг бүртгүүллээ.
Хэсэг тэргүүлсэн зөвхөн нэг баг ирэх жилийн ДАШТ-д шуудхан оролцох бол хэсгийнхээ дэд байрт эрэмблэгдсэн нь плей-оффт өрсөлдөнө.
Италичууд 10-р сарын 11-нд Эстонийн багтай, 10-р сарын 14-нд Израилийн эсрэг, харин 11-р сарын 13-нд Молдавтай хүч сориод хэсгийн сүүлчийн шийдвэрлэх тоглолтоо 11-р сарын 16-нд Норвегийн эсрэг талбайдаа хийх юм.
