Есдүгээр сарын 27-28-ны өдрүүдээр явагдах Үндэсний геометрийн олимпиадын тухай сонирхолтой баримтуудыг хуваалцаж байна. Уг олимпиад Монголд анх удаа зохион байгуулагдаж буй нь энэ агаад хойшид жилд хоёр удаагийн давтамжтайгаар болох юм.
#1. Дурсагдах учиртай гавьяатнууд
Уг олимпиадыг профессор Хандын Гэндэнжамц, Дамбийн Цэрэндулам нарын нэрэмжит болгосон. Монголын математик, боловсролын салбарт тэр дундаа ЕБС-ийн геометрийн сургалтыг хөгжүүлж, дэлгэрүүлэх үйлсэд хосгүй гавьяа байгуулж, үе үеийн багш, оюутны мэдлэгийн замыг гэрэлтүүлсэн хамтран зүтгэсэн гэр бүлийн хоёр нэрт эрдэмтэн багш нар бол профессор, ШУ-ны доктор Хандын Гэндэнжамц, профессор, PhD Дамбийн Цэрэндулам нар юм.
Тэд хамтдаа геометрийн сургалтын суурийг боловсронгуй болгож, сурах бичиг, гарын авлага, иж бүрэн хэрэглэгдэхүүн бүтээж, олон арван шавь нар төрүүлсэн нь өнөөдөр Монголын боловсролын үнэт өв болон үлдсэн билээ.
Иймд, тэдний алдар, гавьяаг тодотгож, залуу үеийнхэнд таниулахыг зорьж байна.

#2. V-XII ангийн сурагчид болон ЕБС-ийн багш нарт нээлттэй
Үндэсний геометрийн олимпиадад V-XII ангийн сурагчид насныхаа ангиллаар өрсөлдөх төдийгүй бага ангийн болон дунд, ахлах ангийн багш нар мөн оролцох боломжтой.
Өөрийн авьяас чадварыг сорих хүсэлтэй хэнд боловч нээлттэй учир IX сарын 22-26-ний өдрүүдээр орон зай үл хамааран бүртгүүлж болно. Та бүхэн ЭНД дарж бүртгүүлнэ үү.

#3. Оролцоо бүрийг урамшуулна
Оролцоно гэдэг их амжилтын эхний алхам байдаг. Тиймээс уг олимпиадыг зохион байгуулагчдын зүгээс оюунаа сорих оролцогч бүхэнд хүртээмжтэй байхаар дурсгалын цүнх, түлхүүрийн оосор, тэмдэгтийг зэхсэн байна.
Урьдчилсан тооцооллоор 500-1000 сурагч, багш нар уг олимпиадад оролцох төлөвтэй байгаа юм. Та ч бас эдгээр зоригтнуудын нэг нь байх бололцоотой.
#4. Олон улсын олимпиадад өөрийгөө бэлдэх боломж
Домогт тамирчид тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргахын өмнө дотооддоо өрсөлдөж, том амжилтын эхний шатыг давдаг. Та бүхний хувьд ч гэсэн Үндэсний геометрийн олимпиадад идэвхтэй оролцсоноор алсдаа олон улсын хэмжээнд өрсөлдөх боломж нээгдэнэ.
Геометрийн олимпиад ердөө 2-3 жилийн дараа гэхэд олон улсын олимпиад болж цар хүрээ, нэр хүндийн хувьд улам тэлэх төлөвтэй байна.

#5. Олимпиадын үр нөлөө
Олимпиад гэдэг нь дан ганц уралдаан биш юм. Энэ нь монгол хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг тэлэхээс гадна оюуны чадамжийг ч мөн өсгөхөд үнэтэй хувь нэмэр болох нь гарцаагүй. Хамгийн чухал нь геометрээр дамжуулан асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэх чадамжтай бие хүнийг бэлтгэхэд уг олимпиадын нөлөөлөл онцгой ач холбогдолтой юм.
#6. Хаана болох вэ?
Үндэсний геометрийн анхдугаар олимпиад есдүгээр сарын 27-28-ны өдрүүдээр Нийслэлийн ЕБ-ын 31-р сургуульд зохион байгуулагдана. Ахин сануулахад, энэхүү олимпиад нь жилд хоёр удаагийн давтамжтайгаар тогтмол явагдах юм.
#7. Уриа үг
Одоо бүгдээрээ Үндэсний геометрийн анхдугаар олимпиадын уриа үгийг санацгаая.
“Монгол хүүхдийн оюун сэтгэлгээ улам тэлж, ундран гэрэлтэж, бат орших болтугай!”.