Хорватын нийслэл Загреб хотноо чөлөөт бөхийн ДАШТ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Энэ өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Азийн АШТ-ий хүрэл медальт Бямбасүрэнгийн Мөнхнар зодоглож эхний тойрогт гоц мөргөсөн.
Тэрбээр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны тамирчин Наталиа Варакинаг 4:2-оор, Венесуэлийн Нохалис Лойог 2:0-ээр ялж хагас шигшээд шалгараад байна.
Б.Мөнхнар финалд шалгарахын төлөө Хятадын Юү Жантай барилдана.
Харин 65 кг-д Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Түвшинжаргалын Энхжин, Пан-Америкийн АШТ-ий хүрэлтэй Чилийн Виржиниа Хименезийг үндсэн цаг дуусахаас нэг минутын өмнө 10:0 оноогоор, залгаад Энэтхэгийн Вайшнави Патилыг шийдвэрлэх хагасын эхэнд даралтаар буулган авч, хагас шигшээд шалгараад байна.
Улмаар хагас шигшээд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Алина Касабиеватай хүч сорино.
Харин 76 кг-д зодоглосон ДАШТ-ий мөнгөн медальт Энх-Амарын Даваанасан, Канадын Брайанна Фрейзерийг 6:0 оноогоор ялж, энэ оны Европын АШТ-д түрүүлсэн Украины Анастасия Алпеевад хожигдлоо.
Мөн 57 кг-д зодоглосон Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Хүрэлхүүгийн Болортуяа шигшээ 16-д Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны тамирчин, "Токио-2020" олимпын мөнгөн медальт, ДАШТ-ий гурван хүрэлтэй Ирина Курочкинаг 4:0-ээр илүүрхэж байсан ч, үндсэн цаг дуусахаас 7 секундын өмнө бүхэл дөрвөн оноо алдаж, челленжид ялагдсанаар 5:4-өөр дийлдэв.
Сонирхуулахад, 59 кг-д зодоглосон ОУХМ Тогтохын Алтжин өнөө орой Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдаж буй орос бөх, Европын аварга А.Сиделниковатай хүрэл медалийн төлөө барилдана.
