Японы нийслэлд хөнгөн атлетикийн ДАШТ явагдаж байна. Өчигдөр хүн төрөлхтний түүхэнд дахин давтах боломжгүй мэт нэгэн рекорд амжилтын гэрч нь бид боллоо.
Дюплантис бол домог, “харь гаригийн хүн”. Түүний өчигдөр тогтоосон тулгууртай харайлтын 6,30 метр амжилтад ойртож очих хүн байгаа эсэх ч эргэлзээтэй. Дэлхийн хөнгөн атлетикийн гол од байсан Усейн Болтын суудлыг Арман Дюплантис аль хэдийн өөрийн болгожээ. Тэр өнөө цагийн хөнгөн атлетикийн хамгийн том супер од.

Арман 6,10 м гэсэн амжилтаар дэлхийн аварга болсон. Үүнд эргэлзэх хүн байгаагүй нь ойлгомжтой. Түүний дэлхийн гурав дахь алтан медаль. Мэдээж гол өрсөлдөгч нь Эммануил Каралис. Грек залуу 6 метр даваад дараа нь 6,10, 6,15, 6,20 метрт зүтгэсэн ч барсангүй. Австралийн Кёртис Маршалл 5,95 м амжилтаар хүрэл медальтай.
Арман Дюплантис ДАШТ-д тасархай түрүүлснийхээ дараах гурван оролдлогоор дэлхийн рекордоо эвдэхээр довтолсон. Дюплантис 6,30 м захиалж, эхний хоёр оролдлого бүтэлгүй болсон ч рекорд эвдэхэд тун ойрхон байгааг нь харуулсан билээ. Ингээд сүүлийн оролдлого. Цэнгэлдэх хүрээлэн чимээгүй болж, зэрэгцээ болох байсан гүйлтийн гарааг хойшлуулав. Өрсөлдөгчид нь хүртэл дэмжиж, дэлхий ширтэж байхад харин Арман тайван гэгч нь харайж, саяхан л боломжгүй мэт санагдаж байсан 6,30 метр өндрийг эрхэндээ орууллаа.
Ингээд түүний түүх дуусахгүй. Дараагийн рекордоо тогтоохоор гүйх нь гарцаагүй. Хүний боломж хязгааргүй гэдгийг нотолсон Дюплантис домог гэдгээ баталсаар байх болно.