UBLife Logo
Спорт

Тедеев: Садулаев бол чөлөөт бөхийн Месси, Роналду

Тедеев: Садулаев бол чөлөөт бөхийн Месси, Роналду

Хорватын нийслэлд явагдаж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-д ОХУ-ын баг амжилт тааруухан оролцож байна. Энэ нь ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Жамболат Тедеевт шүүмжлэх боломж олголоо. Оросын Спорт бөхийн холбооны тэргүүн Мамиашвилитэй муудалцаж, бөхийн ертөнцөөс холдоод байгаа тэрээр хатуу үг чулуудлаа.

Юуны өмнө “Дагестан танк” Абдулрашид Садулаевт виз олгоогүй асуудлыг тэр хөндсөн.

“Хөлбөмбөгийн ДАШТ-ий өмнө Лионель Месси, Криштиану Роналду хоёрт виз өгөхгүй байна гээд төсөөлөөд бодоод үз. Дэлхий даяар том шуугиан болно. Тэгвэл өнөөдөр Садулаев бол чөлөөт бөхийн Месси, Роналду гэсэн үг. Абдулрашид өнөө цагийн хамгийн олон цомтой, алдартай бөх. ОХУ-ын Спорт бөхийн холбоо тамирчнаа оруулах бүх арга хэмжээг авч, ГХЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газарт яаралтай, шуурхай хандах хэрэгтэй байлаа. Харин тэд тэгсэнгүй. Ямар ч мэдээлэл бидэнд өгсөнгүй. Хэрэв ДАШТ-ийг зохион байгуулж байгаа улс тамирчдад виз олгохгүй байгаа бол энэ улсад том тэмцээн нутагтаа хүлээн авах эрх өгөхгүй байх ёстой” гэж хэлсэн байна.

Дараа нь “ДАШТ-ий эхний өдрийн байдлаар манай баг ганцхан алттай, 4 жинд медальгүй хоцорлоо. Шигшээ багт ямар ч оноо орсонгүй. Багийн дүнгээр бид шагналын тавцанд зогсоно гэж би бодохгүй байна. Эхний гуравт шалгарах магадлал тун бага. Одоо АНУ тэргүүлээд Иран удаалж, Японы баг гуравт жагсаж байна. Ийм явдал хэзээ болж байсан бэ? ЗХУ-ын үед ч, ОХУ-ын түүхэнд ч болж байгаагүй. Энэ явдал юуг харуулж байна вэ? Бүгд зах зээл, ашиг орлогын төлөө хөөцөлдсөнөөс болж байгаа юм. ОХУ-ын Спорт бөхийн холбоо гэдэг нь хувийн дэлгүүр, мухлаг биш. Дарга нар нь хувиараа бизнес хийдэг л юм байгаа биз. Холбоонд тэдний оронд шинэ, мэргэжлийн хүмүүс ирэх ёстой” гэжээ.

Мэдээж хэрэг олон жил Мамиашвилитэй хэрүүл хийж байгаа гадаадад тамирчин гаргах асуудлаар үг хэллээ.

Тедеев “Бид бүгд ОХУ-ын иргэд. Ямар нэг бөхийг гадаад оронд өгөхийн өмнө түүний жинд хэдэн бөх байгаа, өрсөлдөөн хэр байгааг судлах хэрэгтэй. Сэлгээ ихтэй, доод тал нь гурван тэгш өрсөлдөгчтэй жингээс бөх гаргах ёстой. Жишээ нь, Абдулрашид Садулаев гэмтлээ гээд бодьё. Орлох хүн байхгүй. Заурбек Сидаков гэмтлээ, оронд нь барилдах бөх алга. Урьд өмнө 74 кг жинд гэхэд л манайд Сидаков, Чермен Валиев, Разамбек Жамалов нар байлаа. Намайг дасгалжуулагч байхад олимпын жилд чансааны 2 дахь бөхөө Европын АШТ-д, гурав дахь бөхөө Дэлхийн Цомд оруулдаг байлаа. Харин Сидаковыг олимпод сойдог байсан. Гурван бөхөө бүгдийг нь том тэмцээнд оруулдаг байсан. Тэгэж байж бүгд хичээж, зүтгэх хүсэл, эрмэлзэлтэй байдаг байлаа. Ойлгож байна уу. Харин одоо тамирчдыг баруун, зүүнгүй зараад л. Нэг жинд нэг л сайн бөх үлдлээ. Тэрэнд нь ямар нэг юм тохиолдоход харамсалтай нь сэлгэх хүн байхгүй. Магомед Курбановыг хэн ялав? Манай Ахмед Тажудинов. Бид гадаадад гаргасан бөхчүүдээ ялж чадахгүй болжээ. Тэднийг хэн гадаадад гаргасан, хэдэн төгрөгөөр зарсан бэ? Тэд бидэнд хэрэггүй гэж үү? Үгүй, маш хэрэгтэй. Хэн нэг нь өөрийн хувийн өчүүхэн ашиг сонирхлын төлөө улс орноо хохироосон байна. Энэ бол бодит баримт” гэж ” хэмээжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
б\13.228.25.134
хэдэн ядуу стан-ы орныхон үздэг ойлгомжгүй дампуу спортоо месси роналдутай жишчихэж ээ хаха
б\13.213.2.16
лол