"Токио-2025" хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ-ий гурав дахь өдрийн тоймыг толилуулъя.
Энэ өдөр эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнээр эхэлсэн. Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын СЭР-ОД маань 12 дахь дэлхийн аваргадаа оролцож, хаанахын, хэний ч хүрч байгаагүй оргилыг давж, хэрхэн уралдсаныг өмнө нь мэдээлсэн болохоор дахин нурших илүү биз.
Марафоны бариа ёстой гайхалтай болсон, санаанд багтамгүй.
Германы "легионер" Эритрей гаралт Аманал Петрос яг барианд орохын даваан дээр Танзани улсын Альфонс Симбуд "дайруулсан". Хоёулаа ижилхэн 2 цаг 09 мин 48 гэсэн амжилт үзүүлсэн ч "бутархай" цагаар Симбу түрүүллээ. 42 км 195 метрийн марафоны түрүү дойлоор хэмжигдэж байна гэхээр "аймаар". 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт Симбу Танзаниас дэлхийн аварга болж буй анхны тамирчин боллоо.

Энэ хоёрын араас таван секундийн дараа "хүрлийн" хүн Италийн Илиасс Ауани барианд орсон гэхээр үнэхээр "нягт" уралдаан боллоо. Петрос, Ауани нар дэлхийгээс анхны медалиа авсан нь энэ. Мөн маш бүгчим, чийглэг халуун байснаас 22 марафонч замаас гарсан. Холын зайд алдартай Этиопын гурван марафонч гурвуулаа замаа дуусгаагүй нь бас шуугиан тарив.
Эрэгтэйчүүдийн 3000 метрийн саадтай гүйлтэд энэ зайд сүүлийн хоёр олимп (Токио 2020, Парис 2024) болон ДАШТ-д (Орегон-2022, Будапешт-2023) түрүүлсэн Марокко улсын Суфиан Эль-Баккалиг торолгүй түрүүлнэ гэж таамаглаж байв. Үнэхээр Эль Баккали барианд ороход хэдхэн метрт байхад уралдааныг хошуучилж байсан юм. Гэвч сүүлийн 30-аад метрт Шинэ Зеландын Жорж Бимиш гэнэт дайралт хийж 3000м-ын "Хааны" ноёрхолд цэг тавилаа.

Шинэ Зеландаас уралдааны замд төрж буй анхны дэлхийн аварга болсон Бимишийн тактик (уралдааны ихэнхэд "чимээгүй" явж байгаад төгсгөл хийх) үнэхээр Эль Баккалиг шоконд оруулсан. Тэрбээр түрүүлж чадаагүйдээ тун гонсгор, өөрийнхөө толгойг "балбаж" харагдсан.
Бимиш 8:33.88, Эль Баккали 8:33:95, Кенийн Эдмунд Серем 8:34.56 амжилтаар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон бөгөөд алт, мөнгийг зууны 07 доль "зааглалаа" даа.

Эмэгтэйчүүдийн дүүгүүр шидэлтэд олимп, дэлхийн аварга Канадын Кэмрин Рожерс 80.51 м амжилтаар алтан медаль авч, дэлхийн хошой аварга боллоо. Мөнгө, хүрлийг БНХАУ-ын хоёр бүсгүй зүүв. Парисын олимпын хүрэл медальт Жао Же 77.60 м, харин 20 хүртэлх насны дэлхийн аварга, мөн насны дэлхийн рекордыг эзэмшигч Жан Жяле 77.10 м амжилтаар томчуудын ДАШТ-ээс анхны медалиа авлаа.
Эмэгтэй халхалттай 100 метрт Швейцарийн Дитаже Камбунжи бүхний тааврыг эвдэн, 12.24 сек гүйж дэлхийн аварга боллоо. Түүний төрсөн эгч, ДАШТ-ий 200 м-ын хүрэл медальт, заалны ДАШТ-ий хошой аварга (60 м) Мужинга Камбунжи нь конго гаралтай гэр бүлийнхээ хамгийн нэр хүндтэй тамирчин байсан бол одоо 23 настай дүү нь хамгийн том алдрыг хүртлээ.
Энэ зайд алтын төлөө гол өрсөлдөгч гэгдэж байсан Парисын олимпын аварга АНУ-ын Масай Рассель бүүр медальгүй хоцров. 2022 оны дэлхийн аварга, Нигерийн Тоби Амусен 12.29 гүйж мөнгө, АНУ-ын Грэйс Старк 12.34 амжилтаар хүрэл медалийн эзэд боллоо.

Энэ өдрийн гол үйл явдал мэдээж тулгууртай харайлтын талбарт болсон. Эрэгтэйчүүдийн тулгууртай харайлтад хэн түрүүлэх нь тодорхой байдаг болсоор удаж буй. Шведийн супер од "Мондо" Арманд Дюплантистай өрсөлдөх битгий хэл дөхөж очих хүн өдгөө байхгүй. Харин түүний гол өрсөлдөгч нь өөрөө, хүмүүсийн хүлээдэг, хардаг зүйл нь Дэлхийн рекордыг шинэчлэх эсэх.
2020 онд Дюплантис 6.17 м дээгүүр гарч дэлхийн рекорд тогтоосноос хойш зөвхөн өөрөө өөртэйгөө өрсөлдөж, өөрийн рекордыг шинэчилсээр ирсэн. Олимпын наадам болон дэлхийн аваргад тус бүр хоёр түрүүлж, 13 удаа Дэлхийн рекордыг шинэчилж, 6.29 м болгоод байсан юм. Энэ 2025 онд гэхэд гурван ч удаа дэлхийн рекордыг шинэчилсэн, "МОНЬД" доо.

Тэгвэл Токиод 6.30 м дээгүүр гарч, шинэ Дэлхийн рекордыг тогтоолоо, АРМАНД.
Ёстой чадаж байгаа юманд арга алга. Дэлхийн аваргын гурав дахь алтан медаль, алтан медалийн шагнал 70,000 ам.доллар, Дэлхийн рекорд, түүний шагнал 100,000 ам.доллар гээд ганзага дүүрэн буцах нь, ДЮПЛАНТИС.
Мөн "Токио-2025" хөнгөн атлетикийн тэмцээн дээрх анхны Дэлхийн рекорд. Хамгийн гол нь цэнгэлдэхэд цугласан 68 000, цэнхэр дэлгэцээр харсан сая сая үзэгчдийг ангайлгаж, бахдуулж чадлаа, швед залуу маань.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин