UBLife Logo
Спорт

Чөлөөт бөх: Оросууд яагаад муу барилдаж байгааг дүгнэв

Чөлөөт бөх: Оросууд яагаад муу барилдаж байгааг дүгнэв

Хорватын Загреб хотод болж байгаа сонгомол, чөлөөт бөхийн ДАШТ-д хүчирхэг Оросын баг тун тааруу оролцож байгаа. Холбооны тэргүүн Мамиашвили үүнийг Садулаевт виз олгоогүй, Загребийн нисэх буудал дээр визтэй Сидаков тэргүүтэй бөхчүүдийг таван цаг гаргалгүй, хорьсон гэх зэрэг шалтгаантай холбон тайлбарлаж байгаа.

Харин ОХУ-ын “Чөлөөт бөх” телеграм сувгийн шинжээчид ингэж үзжээ. Орчуулан хүргэж байна.

ОХУ-ын түүхэн дэх 2 дахь муу үзүүлэлт

Хамгийн муу үзүүлэлт нь 2017 онд Парист тохиосон билээ. Ер нь бол энэ нийтлэлийг ДАШТ дууссаны дараа гаргах ёстой байсан ч маргаашийн финалыг хүлээх утга алга. Угаасаа манай бөхчүүд алтан медалийн төлөө шалгараагүй. Гурван өдөр барилдаад тэд 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтай.  

Угуев байхгүй байсан бол бүр балрах нь. Харьцуулахад 2017 оны Парист бид 3 мөнгө, 2 хүрэл авч байсан. Ямар ч гэсэн одоогийнхоос медалийн тоо бол илүү байжээ. Арван жинтэй өнөө үед маш муу үзүүлэлт. Олон хүн дасгалжуулагч Царгушийг шүүмжилж байна. Түүний буруу гэж юу байх вэ? Дөнгөж саяхан ахлах дасгалжуулагч болсон шүү дээ. Та бүхэн анхаарлаа хандуулах чухал зүйл бол манай орос бөхчүүд ихэнх нь барилдааны төгсгөлийг алдаж байгаа явдал. Чөлөөт бөхийн хамгийн муу тактик бол 3 оноо авчихаад тэр жаахан онооны зөрүүгээ хадгалах гээд л оролдоод байдаг. Орос бөхчүүд бараг бүгд тэгж  барилдаж байна. Яагаад үргэлжлүүлэн оноо авч болдоггүй юм бэ? Хэрэв 2-3-4 оноо авсан бол дахиад ч оноо авч чадна гэсэн үг. Үнэн биз дээ? Америкчууд яг л тэгж ажиллаж байна. АНУ-ын бөхчүүд техник, хэвтээд барилдах ур чадвараар манайхнаас доор ч ялах аргаа олчихоод л байна. Ибрагимов өнөөдөр Японы Кийокаг ялж чадах байсан уу? Хэт болгоомжлоогүй бол чадах байсан. Харин манай бөх япон залуугийн олимпын аварга гэсэн цолноос эмээжээ.

Энэтхэг, Ираны бөхчүүдийн жишээг авья. Тэд манайхнаас техник муу ч оросуудтай ана мана үзэлцэж, ялаад байдаг болчихлоо. Энэтхэг бөхчүүд урагш дайрсаар орос бөхчүүд аргаа барж, гэмтсэн дүр үзүүлэн, челленж шидэж, цаг аван, амарч авах гэж оролдож байгаа талаар би бичсэн. Миний хэлээд байгаа зүйл ямар утгатай вэ гэдгийг тайлбарлахын тулд хэдхэн үг хэлэхэд хангалттай. Заурбек Сидаков сүүлийн секундэд ялагдсан, Ахмед Усманов, Ибрагим Кадиев, Аманула Гаджимагомедов нар ч хэдхэн секунд үлдсэн байхад ялалтаа алдсан, харин Магомед Курбанов оноогоор түрүүлж явсан ч сүүлийн сеукундэд цуцсан. Энэ бүхэн батлаж байгаа биз дээ?

Та бүхэн яасныг мэдэхгүй ч би энэ ДАШТ-ээс том сургамж авлаа, дүгнэлт гаргалаа. Бэлтгэлийн процессоо өөрчилж, сэтгэл зүйн тал дээр ажиллах шаардлагатай болжээ. Бие, тактикийн бэлтгэлийг “Авсан оноогоо хамгаалах” гэсэн зорилгоос “Секунд бүр урагш довтлох” болгон өөрчлөх хэрэгтэй байна.

 

Чөлөөт бөх хөгжиж, өөрчлөгдөж байна. Харин бид өнгөрсөн үедээ үлдэж хоцорчихоод америкчуудыг допинг хэрэглэдэг гэж шүүмжлээд л сууж байна. Допинг сайн барилддаг болгодоггүй. Садулаевт Снайдерийн допинг огт саад болоогүй шүү дээ. Сидаков ч гэсэн Дейк, Барроуз нарыг ялаад л байдаг байсан.

Энэ сайхан ирээдүйтэй, залуу шигшээ багаас 30 настай Угуев л дэлхийн аварга болсон нь гунигтай. Энэ бол шигшээ багийн дасгалжуулагч нар, Холбооны түшмэлүүдэд өгч байгаа дохио шүү. ОХУ-ын шигшээ ДАШТ-ий эхний гуравт ч орж чадахгүй байна гэдэг...

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.