Хорватын нийслэл Загреб хотноо есдүгээр сарын 13-18-ны өдрүүдээр явагдаж буй чөлөөт бөхийн ДАШТ-д Монголын 20 бөх зодоглож байна.
Эмэгтэйчүүдийн 65 кг-д хүч сорьсон Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Түвшинжаргалын Энхжин, эхний барилдаанд Пан-Америкийн АШТ-ий хүрэлтэй Чилийн Виржиниа Хименезийг үндсэн цаг дуусахаас нэг минутын өмнө 10:0 оноогоор буулгаж авсан.
Залгаад Энэтхэгийн Вайшнави Патилтай хүч сорихдоо шийдвэрлэх хагасын эхэнд даралтаар ялаад хагас шигшээд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдаж буй Оросын Алина Касабиевд 13:3 оноогоор дийлдсэн юм.
Ингэж тэр ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Пан Америкийн АШТ-ий хошой аварга АНУ-ын Эллен Килтитэй хүрэл медалийн төлөө барилдахдаа 4:2 оноогоор хожиж, дэлхийн медальтанэ боллоо.
Т.Энхжин, энэ наадамд оролцож буй Монголын баг, тамирчдын гурав дахь медалийн эзнээр тодорсон юм.
Өмнө нь эрэгтэйчүүдийн 70 кг-д Т.Тулга мөнгө, эмэгтэйчүүдийн 59 кг-д Т.Алтжин хүрэл медаль хүртээд байсан билээ.
