UBLife Logo
Спорт

Хөнгөний ДАШТ-ий “хөнгөн бус” тойм #5

Хөнгөний ДАШТ-ий “хөнгөн бус” тойм #5

"Токио-2025" хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ-ий тав дахь өдрийн тоймийг хүргэе!

Эрэгтэйчүүдийн тулгууртай харайлтад Арман "Мондо" Дюплантистай "арсалдах" өрсөлдөгч байдаггүй бол эмэгтэйчүүдийн тулгууртай харайлт жинхэнэ сонирхолтой өрсөлдөөн дунд өрнөдөг. Манай "Хоёр Мөнх", "Хоёр Эрдэнэ" гэдэг шиг энэ төрөлд хоёр америк бүсгүй дэлхийн тавцанд олон жил "нэгийгээ үзэлцэж, нэхий дээлээ уралцаж" байгаа билээ. Тоолбол нас чацуу, төөлбөл нуруу чацуу энэ хоёр бол Кэтрин Мүүн, Сэнди Моррис нар.

Мүүн дэлхийн хошой аварга, Токиогийн олимпын аварга, Парисын олимпын мөнгөн медальтай бол Моррис Олимпын нэг (Рио-2016), ДАШТ-ий гурван мөнгөн медальтай байсан, өчигдрийг хүртэл. Энэ удаагийн ДАШТ-ээс өмнө Мүүн, Моррис хоёр нийтдээ 80 тэмцээнд хоорондоо өрсөлдсөн ажээ.

Тэгвэл 81 дэх "уулзалт" Токиод, ДАШТ-ий дэвжээнд өчигдөр боллоо.

4.85 м дээгүүр Моррис эхний оролдлогоор амжилттай гарсан бол Мүүн хоёр дахь оролдлогоор давсан.

Хөндлөвчийг 4.90 м болоход хоёулаа эхний оролдлогоороо бүтэлгүйтэв.  Мүүн хоёр дахь оролдлогоор давсан. Харин Моррис 4.90 м дээгүүр хоёр удаа оролдоод  бараагүй тул 4.95 м дээр сүүлчийн оролдлогоо хийгээд чадсангүй, мөнгөн медальтайгаа эвлэрэхээс өөр аргагүй болов. Моррис дөрөв дэх мөнгөө, харин Мүүн гурав дахь алтаа авлаа.

Эмэгтэйчүүдийн 3000 метрийн саадтай гүйлтэд олимпын болон дэлхийн хүрэл медальт  Кенийн Фейт Черотич 8:51.59 амжилтаар дэлхийн аварга болохдоо ДАШТ-ий рекордыг шинэчиллээ. Дөнгөж 21 настай Черотич энэ зайд шинэ од төрж буйг зарлалаа. Тэрбээр замын ихэнх хэсэгт Олимп, дэлхийн аварга Бахрайны Уинфрид Явигийн "сүүдэрт" явсан ч сүүлийн 100 метрт хурд хийн аваргын (Яви 2:56.46) өмнө барианд орлоо.

Эрэгтэйчүүдийн уртын харайлт дүүрэн дуулиантай боллоо. Алтан медаль авна гэсэн таамагт байсан Олимпын хошой аварга, дэлхийн аварга Грекийн Мильтиадас Тентоглу эхний 10-т ч багтсангүй.

Харин сенегал цустай Италийн удам дамжсан харайгч (Аав нь гэхдээ өндрийн харайлтын тамирчин), энэ жил дөнгөж 20 настай Маттиа Фурлани 8.39 м харайж дэлхийн аварга боллоо. Фурлани хэдий нас залуу ч олимпийн хүрэлтэй, өнгөрсөн хавар танхимын ДАШТ-д бас түрүүлсэн харайгч.

Маттиа Фурлани уртын харайлтаар ДАШТ-ий түүхэн дэх хамгийн залуу аварга болж буй юм.

2019 оны дэлхийн аварга, 2023 оны ДАШТ-ий хүрэл медальт Тажэй Гэйл 8.39 м харайж мөнгөн медаль хүртэж, ДАШТ-ий иж бүрэн медальтай болов. Хүрэл медалийг Хятадын Ши Ю Хао 8.34 м амжилтаар хүртэж, бас шуугиан тарилаа.

Эрэгтэй 1500 м бас сюрприз. Их Британий Жош Керр, Жэйк Уайтмэн, Кенийн Тимоти Черуйот гээд энэ зайн гурван дэлхийн аварга, мөн мөн шинэ од гэгдэж буй Нидерландын Нильс Ларос нарын аль нь ч биш , харин томоохон амжилт бараг байхгүй, хэний ч танил бус Португалын Исаак Надер 3:34.10 амжилтаар дэлхийн аварга болов. 

Уайтмэн аварга 3:34.12 амжилтаар мөнгөн медаль зүүсэн бол хүрлийг Кенийн аваргын "амьдаа" (төрөл садан биш шүү!) Рэйнольд Черуйот 3:34.25 амжилтаар хүртлээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.