Канадын алдарт хүүхдийн зохиолч Роберт Манч сайн дураар энэ ертөнцийг орхих албан ёсны зөвшөөрөл авчээ. Өдгөө 80 настай түүнд 2021 онд Паркинсоны өвчин, мөн Dementia гэсэн онош тавьсан.
Манч нийт 85 ном бичсэнээс Монголд “Стефаны сүүл” зэрэг зохиол нь хэвлэгдэн гарч байлаа. Тэрээр “New York Times Magazine” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Яг хэзээ амьдралаа төгсгөх талаар шийдсэн зүйл байхгүй байгаа. Ярьж чадахгүй, хүмүүстэй харилцаж чадахгүй болохоороо бодож эхэлнэ” гэж хэлсэн байна.
Канад улс 2016 оноос эхлэн хүнд, эдгэршгүй өвчтэй хүмүүст сайн дураар нас барах зөвшөөрөл өгч эхэлсэн. 2021 онд тус хуульд “Амь насанд халгүй ч архаг, хүнд өвчтэй хүмүүст зөвшөөрөл өгч болно” гэж нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Манчийн бүтээлүүд монгол, орос, араб зэрэг 20 гаруй хэлээр орчуулагдсан. Хойд Америкт гэхэд л 80 сая ном зарагдсан алдартай зохиолч. 1999 онд Канадын Хүндэт одонгоор шагнагдаж, 2009 онд Канадын Алдрын гудамжинд одтой болж байлаа.
Манч сайн дураар амьдралаас татгалзаж байгаа шалтгаанаа “Ах минь маш хүнд өвчтэй эмчлүүлж байлаа. Эмч нар янз бүрийн аргаар түүнийг торгоогоод байсан. Маш хэцүү. Харин би дотроо “Түүнд үхэх боломж олгооч” гэж бодож байсан” гэж тайлбарласан байна.
Зохиолчийн хамтран ажилладаг Scholastic хэвлэлийн газраас “Ил тод, шударга зан нь Манчийг хайрлах хамгийн том шалтгаан байдаг. Ингэж үнэнээ хэлнэ гэдэг агуу, хүнлэг үйлдэл. Яагаад Робертын номууд хүмүүсийн сэтгэл зүрхийг хөдөлгөдөг вэ гэдэг асуултын хариу нь энэ” гэж мэдэгдсэн байна.