Хиймэл оюун бүхий л салбарт хурдацтай хөгжиж буй энэ үед тусгайлан бэлтгэгдсэн хиймэл оюуны тусламжтайгаар ирээдүйд үүсч болзошгүй эрүүл мэндийн асуудлуудыг ч урьдчилан таамаглах боломж арав гаруй жилийн дараа нээгдэх нь.
Delphi-2M гэх хиймэл оюун нь хүмүүсийн өвчний түүх, амьдралын хэв маягаар дамжуулж ирээдүйд үүсч болох мянга гаруй өвчний эрсдлийг тооцоолох байдлаар ажиллах ажээ. Яг л цаг агаарын мэдээнд бороо орох магадлалыг хувиар тооцоолдог шиг. Уг технологийг бүрэн боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлснээр хүмүүс аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгүүд тухайн суурьшиж буй бүс нутгийн хүмүүсийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээг эртнээс ойлгох боломжийг нээх аж.
Уг хиймэл оюун нь “та долоо хоногийн дараа зүрхний шигдээс болж магадгүй байна” гэх мэт нарийн огноо, эрсдлийг таамагладаггүй, харин 1231 өвчний магадлалыг тооцоолох аж. Delphi-2M хиймэл оюуны загварыг анх Их Британийн Биобанкны судалгааны төслийн хүрээнд 400,000 гаруй хүнээс цуглуулсан эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон аливаа үзлэг оношилгоонд хамрагдсан байдал, өвчний түүх, мөн ажил амьдралын хэв маяг, муу зуршил зэрэг мэдээллүүдийг ашиглан боловсруулжээ. Үүний дараагаар Дани улсын 1,9 сая хүний эрүүл мэндийн бүртгэлийг ашиглан зөв таамаглаж буй эсэхийг шалгахаар туршсан байна.
Европын молекул биологийн лабораторийн гүйцэтгэх захирал, профессор Эван Бирни “Цаг агаарын мэдээ үзээд маргааш бороо орох багахан магадлалтай байвал хэдэн хувийн магадлалтайгаас нь шалтгаалаад шүхэр авч гарах эсэхээ шийддэг шүү дээ. Яг үүний адил биед үүсч болзошгүй өвчлөлүүдийн магадлалыг урьдчилан мэдсэнээр өөрт тохирсон эмчилгээ, оношилгоог хийлгэж, амьдралын хэв маягтаа анхаарч эхэлнэ. Цаг агаарыг хэрхэн таамагладаг, бид эрүүл мэндийн салбарт адилхан зүйл хийх болно” гэж BBC News-д өгсөн ярилцлагадаа дурджээ.