UBLife Logo
Технологи

AI жүжигчин Тилли Норвуд Холливудын оддын эсэргүүцэлтэй нүүр туллаа

AI жүжигчин Тилли Норвуд Холливудын оддын эсэргүүцэлтэй нүүр туллаа

Хиймэл оюун ухааны (AI) хөгжлийн эрин үед урлаг, тэр дундаа кино урлаг ч шинэчлэлийн давлагаанд автаж байна. Саяхан Цюрихийн кино наадмын хүрээнд танилцуулагдсан AI жүжигчин Тилли Норвуд нь Холливудын томоохон агентлагуудын сонирхлыг татаж, яг одоо олон нийтийн сүлжээгээр халуухан маргааны сэдэв болоод байна.

Энэ бүтээлийн санаачлагч, комедиан, жүжигчин, зохиолч Элайн Ван дер Велдэгийн үүсгэн байгуулсан "Xicoia" AI студи Тилли Норвудын анхны дүрийг "AI Commissioner" хэмээх инээдмийн бүтээлээр дамжуулж олон нийтэд хүргэжээ.

AI жүжигчин өөрийн инстаграмаараа дамжуулж мэдээлэл хүргэж байгаа аж.

Жүжигчин Мелисса Баррера өөрийн инстаграм сторидоо, “Хэрэв ийм жүжигчнийг төлөөлөх агентлаг байвал тэдний бүх жүжигчид агентлагаа орхих хэрэгтэй. Энэ бол үнэхээр жигшүүртэй зүйл” хэмээн шүүмжилсэн бол “Matilda” киноны од Мара Уилсон, “Түүний царайг бүтээхэд ашигласан олон зуун бодит охид байхад яагаад тэдний аль нэгийг нь ажилд аваагүй юм бэ?” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Харин Элайн Ван дер Велдэ өөрийн AI бүтээл болох Тилли Норвудыг хүнийг орлох зорилготой биш, харин уран бүтээлийн нэг хэлбэр гэж тодорхойлж, тайлбар нийтлэсэн байна.

“AI бол хүмүүсийг орлох хэрэгсэл биш, харин шинэ төрлийн бийр. Анимейшн, хүүхэлдэй, CGI шиг шинэ боломж нээх урлагийн хэрэгсэл юм. Бодит жүжигчний ур чадвар, мэдрэмжийг хиймэл оюун хэзээ ч орлож чадахгүй” хэмээн мэдэгджээ.

Гэсэн ч Холливудын томоохон одуудын санаа зовнил өндөр хэвээр байна. "A24" студийн шинэ бүтээл "The Smashing Machine"-ийн нээлтийн үеэр жүжигчин Эмили Блант уг мэдээллийг сонсоод, “Аймшигтай байна. Үнэхээр сэтгэл түгшээж байна. Бид хүн хоорондын холбоогоо алдаж байна. Агентлагууд аа, ийм зүйл бүү хий” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Variety сайтын зүгээс жүжигчин Блантад, “Тэд түүнийг дараагийн Скарлетт Иоханссен болгохыг хүсэж байгаа“ гэхэд жүжигчин бүсгүй хариуд нь, “Бидэнд хэдийнээ Скарлетт Иоханссен байгаа“ хэмээн хариулжээ.

Тилли Норвуд нь Xicoia студийн анхны бүтээл бөгөөд үүний дараа ижил төстэй AI жүжигчид илүү олон гарч ирэх төлөвтэй байгаа тухай Ван дер Велдэ сэтгэгдлээ хуваалцсан байна. Энэ үйл явдал нь урлаг болоод технологийн ирээдүйн огтлолцлыг тодорхойлох чухал үе шат болохоор харагдаж байгааг маш олон хүн тодотгож байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.