Өмнөд Солонгосын жүжигчин Чон Жи Хёны тоглосон “Tempest” кино Disney+ платформын хамгийн үзэлттэй киногоор шалгараад байна. Энэхүү кино нь Солонгосын тусгай албаныхан, улс төрчид алан хядагчдын эсрэг хэрхэн ажиллаж байгааг харуулсан цуврал бүтээл.
Гэвч киног түүхэн үнэнийг гуйвуулсан хэмээн хятад үзэгчид шүүмжилж эхэллээ. Тэд тус киног үзэхээ болихыг уриалж, эсэргүүцэл зарлажээ. Мөн Иракаас ч гэсэн гомдол ирсэн байна. Иракийн үзэгчид “Энэ цувралд Ирак улс маш хоцрогдсон, бүдүүлэг, зэрлэг орон мэтээр гарч байна. Дээр нь алан хядагч орон гэж биднийг нэрлэжээ. Дайны галд зовж зүдэрч үзсэн Ирак орныг ингэж доромжилж болохгүй” гэж бичсэн байна.

Энэ бүх шүүмжлэлийг хүлээн авч, La Mer, Louis Vuitton брендүүд Weibo сүлжээнд тавигдсан байсан Чон Жи Хёнтой холбоотой бүх мэдээллээ устгаж, үнэт эдлэлийн Piaget бренд жүжигчин бүсгүйтэй байгуулсан гэрээгээ яаралтай цуцаллаа. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ явдал Чон Жи Хёныг Хятадын зах зээлээс бүр мөсөн гаргаж байгаа гэнэ. Гэрээ цуцлагдсаны төлбөр, зар сурталчилгааны зардал гээд нийт хохирол 200 сая юань давах шинжтэй.
Яг ямар үзэгдэл хятадуудын дургүйг хүргэсэн юм бол?
Юуны өмнө улс төрийн нэгэн уулзалт болж байгаа өрөөний хивс нь улаан өнгөтэй, дээрээ таван хошуутай байгаа нь БНХАУ-ын төрийн далбааг дүрсэлсэн гэж шүүмжилсэн.

Кинонд гарсан Хятадын Далянь боомтыг хог новшинд баригдсан, ядуу зүдүү хороолол болгож гаргасан гэжээ.

Чон Жи Хёны бүтээсэн гол баатар “Яагаад Хятад дайн хийхийг ингэж их хүсээд байгаа юм бэ” гэж хэлж байгаа нь БНХАУ-ыг дайнч, дарангуйлагч орон мэт дүрсэллээ гэж дургүйцсэн байна.

Хятад үзэгчид яагаад ийм туршлагатай жүжигчин зохиолыг нь анхааралгүй хятад орныг доромжилсон бүтээлд оролцов гэж гайхаж байгаагаа илэрхийлжээ.