Азийн томоохон fast-fashion брэнд Shein анхны дэлгүүрээ Франц улсын нийслэл Парис хотод нээхээр болсноо зарлалаа. Парис дахь дэлгүүрийн нээлтийн дараагаар Дижон, Реймс, Гренобль, Лимож, Анжерс зэрэг таван хотод салбаруудаа нээх ажээ.
Тус брэнд маш хямд, загварлаг хувцас эдлэлээрээ алдартай боловч байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл, хүнд нөхцөл байдалд бага цалингаар хөдөлмөрийн мөлжлөг хийдэг зэрэг нь шүүмжлэлд өртдөг. Хэдий ажилчдынхаа нөхцөл байдлыг сайжруулна гэж амлалт өгдөг ч долоо хоногт дунджаар 75 цаг ажиллуулсан ч илүү цагийн нэмэгдэл тооцдоггүй нь ил болсон. 2008 онд анх Хятадад үүсгэн байгуулагдсан Shein компани дэлхийн 150 гаруй улс руу бараа бүтээгдэхүүнээ түгээдэг бөгөөд зөвхөн өөрсдийн вебсайт болон аппликейшнээр дамжуулан борлуулалт хийдэг байсан юм. Өмнө нь Мадрид, Парис, Нью Йорк хотуудад түр хугацааны поп-ап дэлгүүр ажиллуулсан тохиолдол байгаа хэдий ч байнгын биет дэлгүүр нээж байгаагүй.

Дэлгүүрээ нээх болсон тухай мэдэгдэлдээ “Франц бол дэлхийн загварын төв гэж хэлж болохуйц нөлөө бүхий зах зээлтэй орон. Одоогоор нээхээр зорьж буй эхний таван салбар дэлгүүр нь Францад 200 орчим ажлын байр бий болгоно. Мөн тус улсын худалдааны төвүүдийн үйл ажиллагааг сэргээх зорилготой” гэжээ.