Японы хамгийн том шар айраг үйлдвэрлэгч “Асахи” компани энэ долоо хоногт кибер халдлагад өртсөний улмаас дотоод системд нь доголдол үүсжээ. Үүнээс болж компанийн Япон дахь үйлдвэрүүдийн захиалга, нийлүүлэлт даваа гарагаас хойш зогсонги байдалд орсон байна.
Уг кибер халдлагаар хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдсан тохиолдол гараагүй бөгөөд компанийн олон улс дахь үйл ажиллагаанд нөлөөлөөгүй болохыг “Асахи” компани мэдэгджээ. Тус компани нь Японы хамгийн том шар айраг үйлдвэрлэгч төдийгүй Их Британид Fullers болон Peroni, Pilsner Urquell, Grolsch зэрэг дэлхийн брэндүүдийг эзэмшдэг. Түүнчлэн үйлчлүүлэгчид болон бизнесийн түншүүдээсээ хүлцэл өчсөн мэдэгдэл гаргасан юм. “Бид доголдол гарах болсон шалтгааныг идэвхтэй судалж, үйл ажиллагаагаа сэргээхээр ажиллаж байна. Гэхдээ одоогоор зогсонги байдалд байгаа үйл ажиллагааг эргүүлэн хэвийн байдалд оруулах хугацааг урьдчилан тооцоолох боломжгүй байгаа. Энэхүү доголдол нь зөвхөн манай Япон дахь системээс үүдэлтэй. Үйлчлүүлэгчдэдээ төвөг учруулсанд чин сэтгэлээсээ хүлцэл өчье” хэмээжээ. Компани 2024 оны тайландаа кибер халдлагыг дунд болон богино хугацаанд тулгардаг гол эрсдлүүдийн нэг гэж тэмдэглэсэн байсан юм. Ийм төрлийн халдлага нь брэндийн имижийг сүйтгэх хүртэл сөрөг үр дагаврыг учруулах магадлалтай гэж үзсэн байна.

Японы жижиглэн худалдааны томоохон сүлжээ “Life Cooperation’’ болон “Family Mart’’ дэлгүүрүүдэд Асахи шар айраг төдийгүй Фэмимару цай зэрэг бүтээгдэхүүний нөөц удахгүй дуусч магадгүй талаар анхааруулсан юм. “Асахи Групп Холдингс”-ын нийт борлуулалтын тал орчим хувь нь зөвхөн Японд байдаг ажээ.