UBLife Logo
Улс төр

ТОЙМ | Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэхийг маргааш хэлэлцэнэ

ТОЙМ | Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэхийг маргааш хэлэлцэнэ

Даваа гарагаас эхэлсэн өдөр бүрийн дүүрэн мэдэгдлийн эцсийн цэг маргааш тавигдах уу гэдгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны аравдугаар сарын 10-ны өглөөний хурлаар буюу маргааш 08.30 цагт хэлэлцэхээр боллоо. Уг хурлаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх тухай хэлэлцэж хэрэв олонхоор шийдвэл 10.00 цагт УИХ-ын чуулган хуралдаж гишүүд шийдвэрээ гаргах юм.

Бодлого, шийдвэр гаргагчид үндсэн ажлаа огоорч, эрх баригч намын дотоод асуудал нь ийнхүү улс орны ажлыг гацаах хэмжээний болсноор цалин тэтгэмж, шатахуун гэхчлэн иргэд, олон нийтэд тулгамдсан өдөр тутмын асуудлууд шийдэл хүлээсээр байна.


УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж: Маргааш Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

Тэрбээр “Маргааш өглөө 08:30 цагаас ТББХ хуралдаж, Д.Сайнзориг нарын 50 гаруй гишүүнээс албан ёсоор тавьсан саналыг хэлэлцэнэ. Тус хурлаас гарсан санал дүгнэлтийг үндэслэж 10 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ. Үүний дараагаар 2026 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Ийм байдлаар тов дараалал гарсан байна.

Өчигдөр даргын дэргэдэх зөвлөл хуралдаад Ерөнхий сайдыг огцрох эсэхийг шийдвэрлэсний дараа Засгийн газрын гишүүнийг томилох, огцрох асуудлыг шийдэх нь зөв гэж үзсэн. Тиймээс Б.Энхбаяр гишүүнийг томилох эсэхийг дараагийн долоо хоногийн товд шилжүүлсэн” гэлээ.


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Нүүрсчид энэ хэдэн өдрүүдэд амь тавьж байна даа

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг маргааш УИХ-аар хэлэлцэхээр болсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоодын хэргийн сайдаар томилох эсэх асуудлыг хойшлуулсан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Айсан хүнд аргал хөдөлж байна даа. Нүүрсчид энэ хэдэн өдрүүдэд амь тавьж байна. Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томиллоо гэсэн чинь зарим нэг нь ухаан алдаж унах гэж байна. Энэ зүйл саяхан ил болоогүй. Админералтай холбоотой, холбоогүй гэж ярьж байна. 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн Засгийн газрын хурал дээр буюу Нүүрсний сонсгол болохоос 45 хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгаланд “Чи одоо болио гэж байсан. Д.Амарбаясгалан даргаа Монгол жижигхэн, хүн ам цөөн, наад Админералын асуудлаа өөрөө шийдээ, шийдэхгүй бол асуудалтай шүү” гэдэг зүйлийг ярьж байсан.

Хоёрдугаарт, 2023 оны есдүгээр сард Д.Амарбаясгалан гэж хүн социалист маягийн авлига үүсгэлээ гэдэг мэдээлэл Германы хэвлэл мэдээллийн сайт дээр гарч байсан. Ерөнхий сайд Засгийн газар дээр Ц.Чулуунзагдаа өөрөө зайлуул гэж ярьж байсан. Энэ нь би томилоогүй шүү, чиний томилсон хүмүүс асуудал үүсгээд байна шүү гэдгийг ил тод хэлж байсан.

Би хувь эзэмшдэггүй гэж л нотлоод байгаа. Хэн хувь эзэмшдэг гэж хэлээд байгаа юм. Өөрийнхөө нэрээр хулгай хийдэг хүн байдаг юм уу. Хууль хяналтын байгууллагад ажиллах боломжийг нь олгооч ээ. Бортээгийн ордыг Админералд компанид олгосон асуудал нь илт хууль бус болсон учраас хүчингүй болго гэсэн УИХ-ын шийдвэр гарсан.

Одоо бол нам хоорондын асуудал биш болсон. Нам дамнасан бүлэглэл хоорондын тулаан болж байна. Шоронд орох уу, орохгүй юу гэдэг тулаан болж байгаа.

Нүүрсний сонсгол олон нийтэд 2 жилийн өмнө шууд дамжуулагдсан. Маш нууцын тамгатай гэрээг нэг өдрийн турш ярьсан. А.Амундра гэж Монголын топ оффтэйкчин хүн, хэдэн их наядын гэрээ хийсэн. Энэ нөхрийг гэрчээр дуудаад ирээгүй. Голомтын Д.Баясгалан захирал ирсэн. Оффтэйк гэрээний төлбөрөөр орж ирсэн хэдэн сая ам.доллар Голомт банкны дансаар дамжуулагдсан боловч дансны хуулгаа өгөөгүй. Энэ гэрээний дүнгээс улсад учирсан хохирол нь хэдэн сая ам.доллар болсон бэ гэдгийг гаргаж ирж байгаа.

Тухайн үед зах зээлийн дүнгээрээ 110 ам.доллар хүрчхээд байхад 60 ам.доллараар хийсэн байна гэдгийг гаргасан. Энэ үнийг хэн тогтоогоод байгаа юм гэж Шерикжан гэж даргаас асуухад огт хариулаагүй.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Маргааш нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цахим хуудастаа мэдэгдэл гаргалаа.

Тэрбээр “Г.Занданшатар дарга аа, өөрийнхөө хийсэн оффтейк гэрээнүүдээ өөрөө тайлбарлаарай.

Уг нь улс төрийн намын даргын өрсөлдөөнд бид хоёр өрсөлдсөн юм. Аль ч ардчилсан улсад намын даргын төлөөх өрсөлдөөн байдаг энгийн л зүйл.

Харамсалтай нь, эхлээд хүний амь насанд хүрсэн гэж гүтгэсэн, няцаагдсан. Бортээг эзэмшдэг гэсэн, нэг ч хүрз нүүрс гараагүй нь нотлогдсон. Одоо бүр оффтейк гэрээ болоод явчихлаа. Ер нь “Бодь” группын оффтейк гэрээг хаацайлах гэж л нүүрсний сонсгол дээр Бортээг гэдэг зохиомол сэдэв гаргаж, сэдвийг сэдвээр дарах ажил хийгдсэн. Энэ нь улам бүр тодорхой болж байна.

Нүүрсний оффтейк гэрээнүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж, шууд гэрээ хийгдэхэд Улсын Их Хурлын дарга асан Г.Занданшатар та 2019, 2020 онуудад зөвлөмж гаргасан аюулгүйн зөвлөлийн гурван гишүүний нэг нь байсан төдийгүй Бодь группын оффтейк гэрээний хүрээнд төмөр замыг өргөн царигаар тавих ажлыг 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувьд Та өөрөө хариуцаж байсан шүү. Тэр үед би нам дээрээ л байж байсан.

Гэхдээ энэ маш сайн зүйл. Үнэнд их ойртож байна. Одоо дахиад нэг л алхчих, олон нийт ч энэ сэдэв дээр анхаарлаа битгий сулруулаарай.

Олон нийтэд явуургүй гүтгэлэг тараахаа одоо зогсоо. Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороон дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья” гэжээ.


УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Ил байгаа юмыг ил болголоо гээд худлаа сүржигнээд

УИХ-ын гишүүн П.Сайнзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Намайг харлуулах, гүтгэх үйл ажиллагаа нэлээд эрчимжиж байна. Миний бие 2022 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр "Жижиг Тавантолгой"-н бүрэн эрхт төлөөлөгчөөр /БЭТ/ томилогдсон. "Жижиг Тавантолгой" дээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай үүссэн мөргөцийг алга болгосон гэдэг асуудал байгаа. Төлбөр тооцооны асуудал байгаа. Хоёрдугаарт, Биржийн тухай хууль болон хил нөхцөлөөр нүүрсээ зарж, борлуулах ажлыг зохион байгуулах ажлыг хангах чиг үүргийг надад өгсөн. Намайг БЭТ-ээр очиход энэ компанийн олборлолтын үйл ажиллагаа тендергүй явдаг байсан. Зүгээр шууд гэрээ хийчихдэг байсан. Үүнийг би тухайн үедээ хөндөж, төлөөлөн удирдах зөвлөлд /ТУЗ/ асуудлыг хүргүүлсэн. Улмаар тухайн жилийн бизнес хөгжлийн төлөвлөгөөг ТУЗ-өөр батлуулаад тухайн жилийн хөрс суурилалт буюу нийт гаргах гэж байгаа нүүрснийхээ хэмжээнд тааруулан тендерийг хоёр багц болгон 340 тэрбум төгрөгөөр баталсан. Энэ тендерийг хуулийн дагуу зарласан. Энэ тендер дээр үнэлгээний хороо ажилладаг. Үүний дараа би баталгаажуулж гарын үсэг зурдаг. Харин ч энэ материал нууц биш, шилэн дансанд ил байгаа шүү. Ил байгаа юмыг ил болголоо гээд худлаа сүржигнээд. Хууль зөрчсөн зүйл энд нэг ч байхгүй.

Би аливаа зүйлд уужуу хандахыг хичээж байгаа. Миний чатад янз бүрийн дарамт шахалт үзүүлсэн, доромжилсон мессеж битүү. Үүнийг ямар ч байсан би даван туулна гэдгээ хэлж байсан. Хууль бус зүйлтэй тэмцэхэд тууштай байдал хэрэгтэй юм бол өнөөдөр энд зогсож байгаа надаас 2, 20, 200 дахин илүү гарна. Өөрсдөө Засгийн газрын тогтоол баталж, АМНАТ-аар дамжуулж нүүрс хулгайлчхаад эд нар шиг улайрч зогсож чадахгүй. Миний бичиг дээр гарын үсэг зурсан гишүүдэд их хэмжээний дарамт шахалт ирж байгаа. Тиймээс ТББХ-ны даргад миний өгсөн албан бичгийг ТББХ-ны хурал дээр тараагаач ээ, тэгэхгүй бол эдгээр гишүүдийг зүгээр байлгахгүй байна гэдэг хүсэлт өгсөн. Маш хэцүү байна" гэв.


УИХ-ын гишүүн Д.Ганбат: Харбины гэрээний сонсгол хийлгэхгүйн тулд гишүүдтэй ярьж, уулзаж янз бүрийн юм амласан байна

Мөн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар нүүрсний гэрээг хянан шалгах түр хороо байгуулахтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Гурван долоо хоногийн өмнө бидний зүгээс Харбины гэрээний түр сонсгол хийе гэдэг асуудлыг санаачилсан. Хуульд 32-оос доошгүй гишүүд гарын үсэг зурсан байх ёстой гэж заасан байдаг. Энэ тоо нь гүйцсэн. Энэ хугацаанд маш их үйл явдал өрнөлөө.

Энэ сонсголыг хийлгэхгүйн тулд гадна, дотноос УИХ-ын гишүүд руу утсаар ярьж, ирж уулзсан. Янз бүрийн юм амласан гэж байгаа. Гэхдээ олон шударга гишүүд байдаг учраас ард түмний мэдэх эрхийг хангаж зохих тооны гарын үсэг зурагдсан.

Өчигдөр Засгийн газраас нууцад байсан гэрээг бүгдийг нь гаргаж тавихаар боллоо. Манай улсын экспортын бүтээгдэхүүн уул уурхайгаас хамаардаг. Уул уурхайгаас 70-80 хувь гаргаж байж Монгол Улсын ажил амьдрал явдаг. Тэрний хамгийн гол хэсэг нь нүүрс байгаа. Нүүрс 60 хувийг нь эзэлдэг.

Удахгүй УИХ-ын дарга, УИХ-ын тамгын газарт энэ бичгээ өргөн барина. Хоног товыг нь тогтоож, энэ ондоо багтааж хийвэл засаж залруулах, юмыг сайжруулах боломж нь байгаа гэж үзэж байна” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.