Ирэх 11 дүгээр сарын 9-нд Фүкүокад эхлэх Кюүшюү башёд монгол сүмочдын ирээдүй болсон нэгэн залуу анхныхаа тэмцээнд орохоор бэлтгэлээ базааж байна. Энэ бол Ганбатын Отгонбат. 21 настай, 197 см өндөр нуруутай, 173 кг жинтэй тэрээр Таманои дэвжээнд элсжээ. Таманои дэвжээний ояката бол хурц барилдаант озэки асан Точиазүма. Өндөр нуруунаас нь болоод Г.Отгонбатыг “Монгол Акэбоно” гэж нэрлэх шинжээч, сэтгүүлч ч бий.
Г.Отгонбат саяхан сүмо бөхийн шикона нэрээ баяр хөөртэйгээр хүлээн авч, нийтэд зарлалаа. Одооноос эхлэн түүнийг Тэншёояма Шёого хэмээн дуудах болно.

Г.Отгонбат өөрөө “Тэн – тэнгэр, Шёо – өгсөх, Яма – уул. Тэнгэрт сүндэрлэсэн сүрлэг уул гэсэн хүчирхэг нэр. Анд нөхдийнхөө хүч чадлыг нэгтгэн, улам өндөрт гарахыг хичээ гэсэн утгатай. Ирэх тэмцээнээс маэзүмо барилдаж эхэлнэ” гэж тайлбарлалаа.
Намрын тэмцээний үеэр болсон шинэ бөхийн шалгалтад 197 см өндөр гэж бичигдэн, “Хамгийн өндөр сүмоч” болсон. Дэвжээнийхээ бэлтгэл дээр жюүрёо зиндааны бөхчүүдтэй, энэ тэнцүү өрсөлддөг гэнэ. Тэгэхээр доод хэдэн зиндааг гэрлийн хурдаар туулаад гараад ирэх магадлал өндөр. Кюүшюүд Исэгахама дэвжээний шинэ монгол бөх Б.Очирсайхан мөн маэзүмо барилдах тул манай хоёрын барилдаан тун сонирхол татна.

Таманои ояката монгол шавийнхаа талаар “Тун ирээдүйтэй. Чанга гар гэдэг нь мэдэгддэг. Гэхдээ сүмо бөхийг сайн судлах, мэдрэх шаардлагатай. Манай бэлтгэл дээр ирсэн озэки асан Митакэүмитэй ч гар зөрүүлэн барилдаж байсан” гэж сэтгүүлчдэд хүүрнэжээ.

Тэншёояма Шёого – 2004 оны тавдугаар сарын 18-нд төрсөн. Хэнтий аймгийн уугуул. Багаасаа өсгөлүүн биетэй байсан тул 5 настайдаа сургуульд элсжээ. 2019 оны тавдугаар сард Японд ирж, Мэйтокү дунд сургуульд орсон. Toyo их сургуульд элсэж, Японы хошой аварга болсон ч голоос нь гарч, мэргэжилд орохоор шийджээ. Учир нь тэр анхнаасаа л сүмоч болох хүсэлтэй Японд ирж байжээ. Гэр бүл - аав ээж, ах эгч. Түүнийг Оогий гэж дууддаг. Хобби нь анимэ үзэх.
