Сурагч байхдаа бид хэзээ ч орж үзээгүй ч химийн лаборатот мөрдөх дүрэм цээжилж, угсарч үзээгүй цахилгаан хэлхээгээ физикийн хичээлийн дэвтэртээ хэдэн арван удаа зурдаг байсан. Улаанбаатар хотын захын дүүргүүд, хөдөө орон нутгийн сургуулиудад практик мэдлэг олгох боломж хомс, орчин бүрдээгүйг бид бүгд мэднэ. Магадгүй тийм ч учраас өнөөдөр бидэнд инженер залуус ховор байж болох юм. Чухам энэ асуудлыг шийдэхээр Юнител групп нийгмийн хариуцлагын хүрээнд цахим заагийг бууруулах, орон даяар тэгш боловсролыг олгох зорилгоор 2022 онд Дархан-Уул аймгаас эхлэн “Unitel STEAM HUB” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү хөтөлбөр нь сурагч хүүхдүүдэд робот угсрах, код бичих зэрэг инженерчлэлийн чадварт бодитоор суралцах боломжийг олгож байна. Хөтөлбөрийн хүрээнд сургалтын орчин, эд хэрэглэгдэхүүнүүдийг хангаж, багш боловсон хүчнийг бэлтгэсээр байна. Физик, химийн хичээлээрээ үздэг байсан онолыг бодитоор практикт хэрэгжүүлэх боломжийг олгож буй тус хөтөлбөр 2025 оны байдлаар Монгол улсын 21 аймагт үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл “Unitel STEAM HUB” хөтөлбөрийн ууган төв болох Дархан-Уул аймгийн сургалттай танилцъя.




"Unitel STEAM HUB" хөтөлбөрийн хүрээнд нийт 5 төрлийн сургалт явагдаж байгаа аж. Үүнд:
“RoboKIDS”- Дэлгэцгүй кодчилол
“RoboKIDS”- Дрон кодчилол
“RoboKIDS- Робот кодчилол
“CoderKIDS”- Кодчилол
“ElectroKIDS”- Цахилгаан хэлхээ, электроникийн суурь гэсэн сургалтууд багтаж байгаа бөгөөд сар бүр элсэлтээ авч байна.

“Unitel STEAM HUB” сургалтад хамрагдсанаар практик мэдлэгээс гадна олон төрлийн чадвар эзэмшдэг талаар хөтөлбөрийн багш Т.Энхжаргал онцолж байлаа. Тэрээр хэлэхдээ "Сургалтаар инженерчлэл, кодчиллын суурь мэдлэг чадварууд олгохоос гадна хүүхдийн техник бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, багаар ажиллах зэрэг зөөлөн ур чадварт суралцдаг" гэв. 6-14 насанд хүүхдийн сурах чадвар хамгийн идэвхтэй хөгждөг үе гэж үздэг. Тиймээс энэ үед шинэ мэдлэг эзэмшихэд тун тохиромжтой байдаг бөгөөд унших, бичих, тооцоолол хийх, хэл яриа, логик сэтгэлгээ зэрэг суурь чадварууд төлөвшдөг. Тиймээс хүүхдийг энэ насанд нэмэлт сургалтад хамруулж хөгжүүлэх тун ач холбогдолтой байдаг байна.



Дархан-Уул аймгийн "Unitel STEAM HUB" хөтөлбөрийн сурагчид олон ч амжилтыг үзүүлээд байгаа ажээ. Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан "Дрон Икс Монголиа 2025" дрон хөөргөх, кодчилох тэмцээний 10-14 насны ангилалд сургалтаа төлөөлж 8-9 насны баг хамт олон амжилттай оролцож хүрэл цомын эзэд болжээ. Мөн Олон Улсын Аварга Шалгаруулах, Дрон кодчилох тэмцээнд Бодьбуянт, Тэргэл нар амжилттай оролцож 4, 5-р байранд шалгарсан байна.
"Enjoy AI Робот кодчиллын тэмцээн 2025" улсын аварга шалгаруулах тэмцээнд 6-8 насны дэлгэцгүй кодчилол төрөлд Дархан-Уул аймгийн “Unitel STEAM HUB” хөтөлбөрийн сурагчид болох Содгэрэл, Амин-Эрдэнэ тэргүүн байр эзэлж, Шанхай хотод арван хоёрдугаар сард болох олон улсын тэмцээнд оролцох эрхээ авчээ.



Хүүхэд эрүүл хөгжил хамгааллын дэргэдэх “Unitel STEAM HUB” хөтөлбөрийн багш Т.Энхжаргал

Би Англи, Герман хэлний багш мэргэжилтэй. Байгууллагаас анх ийм хөтөлбөр хэрэгжиж байгаа багшаар ажиллах уу гэх санал тавихад их эргэлзсэн л дээ. Гэхдээ сэтгэл шулуудаж сургалтдаа суугаад, сертификатаа аваад өнөөдрийг хүртэл "Unitel STEAM HUB" сургалтын багшаар ажиллаж байна. Сургалт үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд зарим эхчүүд манай хүүхэд энд ирээд тоглоод байна даа гэж харах талтай байдаг байсан. Гэхдээ бид тоглоомоор дамжуулж сурагч хүүхдүүддээ практик мэдлэг олгож, хүүхдийн сонирхлыг татаж байгаа шүү дээ. Одоо бол эцэг эхчүүд их сэтгэл хангалуун байдаг.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ сонирхлыг бага наснаас эрж хайж, хөгжүүлэх нь чухал. Ирээдүйд мэргэжил сонгоход ч тухайн хүүхдэд хялбар болно. Түүнээс биш ахлах ангид ороход нь гэнэтхэн л “Чи ямар мэргэжилтэй болох юм бэ?”, “Юу сонирхож байна” гэж тулгах нь хүүхэд буруу шийдвэр гаргахад хүргэдэг. Мэргэжил сонгоно гэдэг амьдралын томоохон шийдвэрийн нэг шүү дээ.

Би ажилдаа ирэх их дуртай. Элсэлт их байсан ч, олон хүүхэдтэй байсан ч ядардаггүй. Хүүхдүүдийн код бичээд роботоо хөдөлгөж, дроноо анх удаа нисгээд баярлаж байгааг харах нь хамгийн сайхан нь. Сурагчдаа зааж чиглүүлж, сургана гэдэг нь их сэтгэл ханамжтай, аз жаргалтай ажил шүү дээ. Багш гэдэг бол мэдрэмж шаардсан ажил. Эцэг эхийнхээ албан шаардлагаар эсвэл өөрөө сонирхолтой болохоор ирсэн гээд л нэг ангид олон өөр сэтгэл зүйтэй, зан характертай хүүхдүүд сууж байгаа шүү дээ. Тухайн нөхцөл байдал бүрийг мэдэрч, тааруулж ажиллана ёстой болохоор мэдрэмж шаарддаг.
Хөтөлбөрийн суралцагч П.Дөлгөөн

Намайг Пүрэвсэнгийн Дөлгөөн гэдэг. Дархан-Уул аймгийн 18-р сургуульд сурдаг. Есдүгээр сарын эхээр “Steam Hub” сургалтад явж эхэлсэн. Анх энэ сургалтыг манай эгч санал болгож байсан. Ээж ч дэмжиж энэ сургалтад явах болсон. Анхандаа ойлгохгүй зүйлүүд гардаг байсан ч багшаасаа асуугаад сайн суралцаж чадсан. Сургалт дээрээ ирээд би код бичих хамгийн дуртай. Анх явж эхлэхэд сургалт маань гоё байсан, одоо ч гоё байна. Найзууддаа сургалт дээрээ сурсан зүйлээсээ хааяа зааж өгдөг. Мэргэжлээ яг сонгоогүй байгаа ч том болоод дизайны чиглэлээр ажиллахыг хүсдэг. Хамт сурч байгаа найзууддаа хичээгээрэй, тууштай байгаарай гэж хэлмээр байна.
Хөтөлбөрийн сурагч Б.Содгэрэл

Намайг Содгэрэл гэдэг. Есдүгээр сургуулийн ЗГ ангийн сурагч. “Unitel STEAM HUB” хөтөлбөрт хоёрдугаар ангиасаа сурч эхэлсэн. Дэлгэцгүй кодчилол сургалтын сурагч. Сургалтаараа төхөөрөмж кодчилон машин, робот хөдөлгөхийн сурч, тэмцээнд оролцож байгаа. Хамгийн бага цагт даалгавраа гүйцэтгэсэн нь ялдаг. Сая болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд багийнхаа хүүхэдтэй оролцсон. Манай багийн гишүүнийг Амин-Эрдэнэ гэдэг. Анхны тэмцээндээ бид хоёр даалгавраа 1 минут 39 секундэд биелүүлж 255 оноо авч түрүүлсэн. Түрүүлсэн гэдгээ мэдээд баярлаж, санаа амарсан. Одоо бид хоёр Шанхайд болох олон улсын тэмцээндээ бэлдэж байна. Бид хоёрын хамгийн дээд амжилт 59 секунд. Өөр улс руу тэмцээнд явна гэхээр их догдолж байна. Багшдаа олон зүйл зааж өгсөнд баярлаж байна. Бусад найзууддаа амжилт хүсье.
Хөтөлбөрийн сурагч А.Эрдэнэбаяр

Намайг Эрдэнэбаяр гэдэг. 18-р сургуулийн 3Г ангийн сурагч. Өмнөх зуны амралтаараа Робокид сургалтад явж эхэлсэн. Сургалтад дээрээ ирэх дуртай. Удирдлагаараа дүрс уншуулаад, кодчилоод роботоо хөдөлгөх их гоё. Ирээдүйн шүдний эмч болно гэж боддог.
Манай багийн хамтрагчийг Сүлдээ гэдэг. Бид хоёр дрон хөөргөх тэмцээнд аравдугаар сарын 20-нд ороод 8-р байран эзэлсэн. Бид нарт ийм гоё сургалтыг байгуулж өгсөн ах эгч нартаа маш их баярлалаа. Гоё зүйл зааж өгч байгаа багшдаа баярлалаа.



Одоо П.Содгэрэл, Амин-Эрдэнэ нар Шанхайд болох олон улсын тэмцээндээ бэлдэж байна. Монгол Улсаа төлөөлөн оролцох томоохон үүрэг хариуцлага хүлээсэн учир тэд өдөр бүр нэмэлт цагаар бэлдэж байгаа аж. Сургалтын багш Т.Энхжаргал ч бага насны хүүхдийн анхаарал амархан сарнидаг учир амжилт гаргахын тулд хүүхдүүдэд үүрэг өгч, дадал болтол нь бэлдэх хэрэгтэйг ярьж байв. Мөн тэд өдөр бүр гаргасан амжилтаа тэмдэглэн явдаг байна.

Бодит үр дүнг үзүүлж буй “Unitel STEAM HUB“ сургалтад хамрагдахыг хүсвэл та энд дарж бүртгүүлээрэй. Мөн тун удахгүй Улаанбаатар хотын захын дүүргүүдэд “Steam Hub“ сургалтыг байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ шүү. Монгол Улсын инженерүүд олон болж, бүтээн байгуулагч улс болоход тус хөтөлбөр ихээхэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Дархан-Уул аймгийн сургалттай танилцахыг хүсвэл дараах пэйжээр заавал зочлоорой.
