Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм

Ийм газар байдаг гэдгийг арай л удаан мэдсэнгүй явжээ.


Хөл үймсэн, завгүй хотын маань хаа нэгтээ заавал ийм газар байх хэрэгтэй санагддаг юм. Ороод гарахад сэтгэл, ходоод хоёр зэрэг цадаж, дайраад гарахад гартаа хоолтой гарч ирэх тийм л газар. Тайван суугаад хооллох боломжгүй өдрүүдийг алийг тэр гэх вэ. Гол нь тэр үедээ зөв газраа очоод амттайхан хоол идчихдэг бол юутай сайхан. 

Байршил: 

Салбар 1: Барилгачдын талбай. Хуучнаар Cola Kebab.

Салбар 2: Халдвартын 4 замын уулзвар. Хуучнаар Cola Kebab. Гэснээс хар багад л асан Coca Cola and Kebab гээд газар чинь рибрэндинг хийгээд ийм танигдахын аргагүй болчихсон юм байна лээ шүү. Энэ удаад бид хоёрдугаар салбараар нь зочиллоо.

Уур амьсгал: 

Өдрийн цайны цаг гэхэд тэндхийн уур амьсгал хэтэрхий нам гүм. Хүүхдээ дагуулсан хоёр ээж тайван гэгч нь суун хооллож байснаас гадна хэдэн залуу захиалгаа авч явахаар бэлдүүлж гарсан юм. Харин гал тогоо нь завсар зайгүй ажиллаж байсан нь хүргэлттэй учраас юм билээ. Захиалга өгөхөд хотын хаана ч 3000 төгрөгийн нэмэгдэлтэй хүргэдэг гэсэн.

Ая тух: 

Түргэн хоолны газрын онцлог болов уу. Тэндхийн сандал ширээ тийм ч тухтай биш. “Хурдан идээд гараарай” гэх шиг. Бас цонхны тавцан дагуух өндөр сандал ширээ нь гарцаагүй түргэн хоолны газрыг илтгэнэ. Хоолоо идээд л гарах гэхээс тэнд тухлан сууж, ая тухыг хайна гэдэг нь өөрөө тохиромжгүй л дээ. Мэдээж энэ бол тэдний онцлог. 

ЗурагТайлбар




Онцлох бүтээгдэхүүн: 

Флэйм нэрийн хоол, веган сэндвич, амин дэмийн цайг нь онцолмоор. Флэйм нэрийн хоол нь хонь, тахианы махны сонголттой. Дэргэд нь 100 гр шарсан төмс дагалдана. Би очиж жинлээгүй л дээ. Захиалгын ажилтны үгэнд үг дуугүй итгээд энэ яг л илүү ч үгүй дутуу ч үгүй сайхан 100 грамм төмс байгаа даа гэж бодон бодон идсэн юм. Захиалгаа хүлээн суухдаа амин дэмийн цайг нь уулаа. Сайхан цай байсан. Чихэр нь үл ялиг их юм уу гэмээр. Гэхдээ цайн дээр хөвөх органик чацарганууд нь үе үе аманд бяцрахдаа витамин C цацруулж, уруул чимчигнэн арааны шүлс асгарна. 

ЗурагТайлбар




Ингээд сууж байтал хоол гарчихлаа. Өөрөө очиж хоолоо авна. Ер нь тэнд өөрөө өөртөө үйлчилнэ. Идсэн хоолныхоо тавгийг ч өөрөө хураана. Тэр нь амар л даа. Тэгсэн яасан гээ. Би бүр хараад тэсэлгүй “Пүээ” гээд уулга алдчихсан. Үл ялиг бяслагандаа зунгааралдан тогтож ядах дэндүү их махтай флэйм. Флэйм гэхээр та бүхэн яг ойлгож байна уу? Ер нь бол хотдогны талхыг бодвол арай нимгэн, гриллдсэн талхны завсар мах, ногоо тэргүүтнийг хавчуулсан байдаг юм байна лээ шүү. Ингээд зурагчинтайгаа тохироод тахианы махтай флэймийг атгаж аваад ганц л хазсан. Тэр шүүслэг мах, гриллний амт, зөөлөн хэрнээ үл ялиг зажлууртай талх, зажилах зуур мэдэгдэх халапэно халуун ногоо нь гайхалтай байсан. Дараа нь тэр ногоотой сэндвич. Ногоотой ч гэмээргүй хурц, өег амттай. Дан ногоо идэж байгаагаа бодохоор нэг л эрүүл мэдрэмж төрүүлнэ. Зөрөөд “хэвтсэн” хөөрхөн хоёр сэндвич. Гриллны ором гараад бүүр янзын харагдана. Цезарь салат бас идсэн. Тэр бол яах вэ. Салат гэхээсээ илүү хоол шиг өег. Том, том нимгэн хэрчсэн тахианы мах нь хэтэрхий идэнгитэй байсан тул салат гэх утгаа алдсан шиг санагдсан. Уг нь сайхан ногоогоор баялаг байсан бол ч.

ЗурагТайлбар








Магтах зүйлс: 

Амттай, порц ихтэй хоолыг тийм үнээр идэж байгаадаа баярлаад л идээд байлаа. Үнэ нь үнэхээр боломжийн шүү.

Муулах зүйлс: 

Ариун цэврийн өрөө нь ариун байгаагүй ээ. Түргэн хоолны газрын ариун цэврийн өрөө гэхээрээ л муухай байх ёстой гэж үү. 

Хөгжмийн сонголт: 

Шилдэг монгол дууны жагсаалт явж байсан байх. Огт эрж хайж сонсож байгаагүй ч хар зөнгөөрөө дагаад дуулчихдаг дуунууд байдаг даа. Тэдгээр дуунууд л ар араасаа эгшиглэсээр байсан. 

Зөөгчдийн царай: 

Тэнд зөөгч байхгүй. Өөрөө өөртөө үйлчилнэ гэж хэлсэн дээ. Захиалгын ажилтан л байсан юм. Бүтээгдэхүүнээ сайн тайлбарлаж өгдөг. Хүн бүрд тэгж тайлбарладаг, эсэхийг мэдэхгүй ч надад бол хоолны цэсээ маш сайн тайлбарлаж өгсөн. Хамгийн гоё бүтээгдэхүүнүүдээ санал болгож байлаа.

Инстаграмд зураг хийхэд хэр үзэмжтэй вэ?

Хоолны зураг авах авьяас чинь л мэднэ дээ. 

Үйлчлүүлэхээс өөр юу хийх боломжтой вэ?

Хананд нь өлгөөтэй уран зургуудыг харж болно. 

Инстаграм: Flame_cafe_grill

Фэйсбүүк: Flame Cafe and Grill

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2021.08.19
Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"
2
2021.08.06
Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee
3
2020.09.07
Ширээн дээр | Нью-Йорк маягийн пиццаг Улаанбаатарт амтлах боломж
санал болгох
1
3 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.