Шикона хэмээх сүмо бөхийн нэр бол тун чухал зүйл. Учир нь зарим бөх зодог тайлсан хойноо ч энэ нэрээрээ дуудуулсаар байдаг билээ. Одоо ч бид Аса аварга, Хакүхо, Харүмафүжи гэж ярьсаар байдаг. Харин энэ сар хуучин Миягино дэвжээний бөхчүүдийн нэрийг сольж, бүгдэд нь Фүжи-тэй нэр өгсөн нь олны анхаарлын төвд байна.
“Рэйва эриний мангас” хочит Хакүоохогийн нэрийг Хакүнофүжи болгон сольсон. Тэрээр сэтгүүлчдэд “Тэмцээнд амжилттай барилдаж, шинэ нэрээ хүмүүст таниулна. Нэрээ солиод одоо л нэг юм Исэгахама дэвжээний бөх боллоо гэсэн бодол төрж байна. Кюүшюү башё өндөрлөсний дараа нэрээ солих шийдвэр гаргасан. 伯 буюу Хакү гэсэн ханзыг үлдээсэн учир нь нэгдүгээрт төрсөн нутгийн маань нэр, хоёрдугаарт их аварга Хакүхо багшийн өгсөн Хакүоохо нэрээ дурсаж явах хүсэлтэй. Нэрийн талаар Исэгахама оякататай ярилцаж, эцэст нь өөрөө шийдвэр гаргасан” гэж ярьсан байна.
