UBLife Logo
Newsfeed

Орчин цагийн хамгийн царайлаг, олны хүсэмжит 10 эрэгтэй жүжигчин

Орчин цагийн хамгийн царайлаг, олны хүсэмжит 10 эрэгтэй жүжигчин

Эдгээр жүжигчид “царайлаг” гэдэг ойлголтыг өөр өөрийн өнгө төрхөөр илэрхийлж, кино урлагт шинэ стандарт тогтоож байна. Зарим нь эмзэг, зарим нь догшин, зарим нь нам гүм атлаа хүчтэй. Харин бүгд нэг нийтлэг зүйлтэй нь өнөө цагийн соёл, үзэгчдийн төсөөллийг тодорхойлж буй одод юм.

1. Тимоти Шаламе (30 настай)

Тимоти Шаламе бол орчин үеийн кино урлагийн хамгийн өвөрмөц, сэтгэл татам төрхтэй жүжигчдийн нэг. Түүний нарийн, уян, дотоод мэдрэмжийг илэрхийлсэн жүжиглэл нь Call Me by Your Name, Dune, Wonka зэрэг бүтээлүүдээр дамжин дэлхий нийтийн хайртай жүжигчин болгосон билээ. Тэрээр уламжлалт “эршүүд” дүр төрхийг эвдэж, эмзэг атлаа гүн гүнзгий эр хүний дүрийг төлөөлж чаддаг гэдгээрээ онцлог бөгөөд хайр татам билээ. Сүүлд гарсан Marty Supreme бүтээлээрээ тэр өөрийгөө дахин нэг бататгаж чадсан юм.

2. Остин Батлер (34 настай)

Остин Батлер Elvis кинонд домогт Элвис Преслигийн дүрийг бүтээснээр жинхэнэ од болж чадсан. Түүний өндөр нуруулаг байдал, сонгодог төрх, тайзны харизм нь түүнийг зөвхөн жүжигчин биш, соёлын бэлгэ тэмдэг болгож байгаа гэхэд буруудахгүй. Тэр дүрдээ бүрэн “шингэж”, бие махбодь, сэтгэлзүйн түвшинд хувирч чаддаг нь түүний хамгийн том давуу тал.

3. Аарон Тэйлор-Жонсон (35 настай)

Kick-Ass, Avengers, Bullet Train зэрэг кинонуудаар танигдсан Аарон Тэйлор-Жонсон бол хүчирхэг, эршүүд төдийгүй зөөлөн, үзэсгэлэн гоо төрхийн илэрхийлэл. Гэхдээ тэр зөвхөн адал явдалт дүрээр хязгаарлагдахгүй, сэтгэлзүйн гүнзгий, драматик дүрүүдийг ч чадварлаг бүтээдэг. Түүний биеийн галбир, нүдний харц, өөртөө итгэлтэй байдал нь олон хүний сонирхлыг татдаг. Anna Karenina кинонд бүтээсэн дүрээр нь олон ч хүн сэтгэл татагдсан нь мэдээж.

4. Билл Скарсгард (35 настай)

Скарсгардын гэр бүлийн хамгийн нууцлаг, хамгийн зоригтой төлөөлөл бол Билл. It киноны Пеннивайзын дүрээр тэр айдас, татах хүч хоёрыг нэг дор илэрхийлж чадсан. Түүний өвөрмөц царай, урт туранхай төрх, этгээд харизм нь түүнийг зүгээр л “царайлаг” гэхээс илүү өөр түвшинд гаргадаг.

5. Николас Чавес (26 настай)

Николас Чавес бол шинэ үеийн од. Телевизийн драмуудаар дамжин хурдан хугацаанд олны танил болсон тэрээр залуу насны цэвэр төрх, байгалийн гоо үзэсгэлэн, ирээдүйтэй жүжиглэлтээрээ анхаарал татаж байна. Тэр бол ойрын жилүүдэд кино урлагт хүчтэй гарч ирэх магадлал хамгийн өндөр жүжигчдийн нэг. Grotesquerie, Monsters: The Lyle and Erik Menendez Story цувралуудад бүтээсэн дүрээрээ жинхэнэ утгаараа фэн бүрдүүлж, өөрийгөө өвөрмөц, сэтгэл татам өөр нэгэн гэдгээ баталсан гэхэд буруудахгүй.

6. Роберт Паттинсон (39 настай)

Роберт Паттинсон бол өнөө цагийн хамгийн агуу жүжигчдийн нэг гэж хэлж болно. The Lighthouse, Tenet, The Batman зэрэг олон киногоороо жинхэнэ уран бүтээлч жүжигчин гэдгээ баталсан. Түүний гунигтай, гүн бодолтой харц, үл баригдах имиж нь түүнийг нас ахих тусам улам сонирхолтой болгож байна. Түүнд ямар ч хил хязгаар гэж байхгүй мэт санагддаг нь гайхалтай.

7. Жейкоб Элорди (29 настай)

Жейкоб Элорди өндөр нуруу, хүчирхэг биетэй, анхаарал татам төрхөөрөө шууд танигддаг. Euphoria, Saltburn зэрэг бүтээлүүдэд бүтээсэн дүрүүд нь түүнийг зөвхөн романтик баатар биш, харин сэтгэлзүйн төвөгтэй, заримдаа харанхуй талтай дүрүүдийг чадварлаг гаргадаг жүжигчин гэдгийг харуулсан. Сүүлд Frankenstein бүтээлд тоглохдоо тэр байж болох хамгийн гэнэн, ариун харцыг бидэнд мэдрүүлж, хайрлах хамгаалах мэдрэмжийг тултал мэдрүүлсэн билээ. Цаашид ямар дүрүүд бүтээх бол гэдэг үнэхээр сэтгэл хөдлөм.

8. Том Блайт (30 настай)

Том Блайт The Hunger Games: The Ballad of Songbirds & Snakes кинонд залуу Кориоланус Сноугийн дүрийг бүтээснээр олны анхаарлын төвд орсон. Түүний тайван атлаа хүйтэн харц, дотоод зөрчилтэй дүрийг илэрхийлэх чадвар нь түүнийг тун сонирхолтой жүжигчин болгож байна. Одоо түүнийг цаашид ямар дүрүүд бүтээх бол гэдгээс хүн бүр сонирхож, ирэх жилүүдэд хамгийн өндөр хүлээлт тавьж буй жүжигчдийн нэг болж байна.

9. Пол Мескал (29 настай)

Пол Мескал бол “чимээгүй хүч”-ний илэрхийлэл. Normal People, Aftersun, Gladiator II зэрэг бүтээлүүдэд тэр энгийн, даруухан төрхтэй хэрнээ гүн мэдрэмж төрүүлж чаддаг. Түүний бодит, хэт хиймэл бус байдал нь олон хүний сэтгэлд хүрдэг. Тэр дүрд тоглож байна гэж биш, үнэхээр тэр дүр нь өөрөө гэдгээ бүрэн мэдрүүлж, киног мартуулж чаддаг жүжигчдийн нэг билээ.

10. Том Холланд (29 настай)

Том Холланд бол орчин үеийн хамгийн хайр татам супер баатар. Spider-Man цувралаар дамжин тэр залуу үеийн бэлгэ тэмдэг болсон. Түүний спортлог бие, эерэг энерги, даруухан зан чанар нь түүнийг зөвхөн жүжигчин биш, үлгэр жишээ залуу од болгодог билээ. Үзэн ядагч, эсэргүүцэгч гэх нэг ч хүнгүй жүжигчин ч гэж нэрлэж болохоор эерэг дүр төрхийг тэр бүрдүүлж чаджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.