АНУ-ын Сансар судлалын үндэсний газар (NASA) Artemis хөтөлбөрийнхөө хүрээнд хэрэгжүүлэх анхны хүнтэй нислэг болох Artemis II-ыг 2026 онд хөөргөхөөр төлөвлөж байна. Энэхүү түүхэн нислэгээр дөрвөн сансрын нисгэгч сарыг тойрон нисээд дэлхийд эргэн ирэх юм.

Artemis II нислэгийн багт NASA-гийн сансрын нисгэгчид болох Рейд Уайзман, Виктор Гловер, Кристина Кох, мөн Канадын Сансрын Агентлаг (CSA)-ийн нисгэгч Жереми Хансен багтжээ. Энэхүү нислэг нь ирээдүйд саран дээр дахин хүн буулгах, цаашлаад Ангараг гараг руу хүнтэй нислэг хийх урт хугацааны зорилгод бэлтгэх чухал алхам хэмээн NASA онцолж байна.

Ойролцоогоор 10 хоног үргэлжлэх Artemis II нислэгийг Флорида муж дахь NASA-гийн Кеннедигийн сансрын төвийн 39-р хөөргөх цогцолбороос 2026 оны дөрөвдүгээр сараас хэтрэхгүй хугацаанд хөөргөхөөр төлөвлөжээ.
Сансрын нисгэгчид дөрвөн өдрийн турш сар хүртэл аялж, сарны харанхуй хэсгээр явж, дэлхийгээс 370,000 км гаруй холдох нь.

NASA мөн олон нийтэд зориулсан сонирхолтой санаачилга зарласан байна. Artemis II нислэгийн үеэр Orion хөлөгт байрлуулах SD карт дээр хүмүүсийн нэрийг хадгалан сарыг тойруулж нисгэх боломжийг олгож байгаа юм. Нэр илгээсэн хүмүүсийн нэрс 2026 онд хөөрөх Orion хөлгийн хамт сансарт аялах болно.
“#SendYourName to the Moon” уриатай энэхүү аянд гэр бүлийн гишүүд, хүүхдүүд, тэр ч байтугай тэжээвэр амьтдынхаа нэрийг илгээх боломжтойг NASA сануулжээ.
Нислэгийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг nasa.gov сайтаас авах, эсвэл NASA-гийн мэдээллийн товхимолд бүртгүүлэн имэйлээр шууд хүлээн авах боломжтой. ЭНД дарж нэрээ бүртгүүлээрэй.

