UBLife Logo
Дэлхий

100 саяын хөрөнгөтэй Ираны шинэ аятолла

100 саяын хөрөнгөтэй Ираны шинэ аятолла

Израилын халдлагаар Ираны шашны дээд удирдагч Али Хаменеи амиа алдсан билээ. Түүний орлогчийг буюу дараагийн удирдагчийг зарлах ажил арваад хоног үргэлжилсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Би шинэ удирдагчийг томилно” гэж томорсон бол Израилын тал “Хэн ч сонгогдсон бид устгах болно” гэж заналхийлж байлаа. Энэ бүх шуугиан, дайн дажин дунд Шийтийн дээд зөвлөлийн 88 төлөөлөгч шашны шинэ удирдагчаар алагдсан Хаменеи аятоллагийн хүү Можтаба Хаменеиг томилсноо зарлалаа. Ажлын анхны өдрөөсөө Израилаас амь насыг нь хөнөөнө гэсэн сүрдүүлэг сонссон тэрээр Хаменеи аятоллагийн хоёр дахь хүү юм. 1969 онд Ираны шашны томоохон төв Мешхед хотод төрсөн, 56 настай. Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпустай маш ойр харилцаатай бөгөөд 1987 онд дунд сургуулиа төгсөөд Исламын зэвсэгт хүчний эгнээнд элсэж байв. Можтаба Иран, Иракийн дайны төгсгөлийн үед цэргийн алба хаасан. 1988 онд түүний аав Али Хаменеи шашны удирдагчаар сонгогдсон юм.

Можтаба Хаменеи Ираны хамгийн нэр хүндтэй шашны багш нараар хичээл заалгаж, сургалт, семинарт хичээнгүйлэн оролцсоор шашны томчуудтай ойр харилцаатай болж чадсан байна. Нөгөө талаас аавынх нь нөлөө байсан нь ойлгомжтой. Тэрээр 2004 онд парламентын даргын охин  Голям-Али Адельтай гэрлэсэн. Гэхдээ олны өмнө нэг их гаралгүй, аавынхаа санхүү, мөнгөний асуудлыг хариуцаж байлаа. 2005 онд Махмуд Ахмадинежадыг Ерөнхийлөгч болсны дараа сөрөг хүчнийхэн түүнийг шашны удирдагчид, армийн томчуудтай нийлж, сонгуулийн будилаан тарьсан гэж буруутгаж байв.

2024 онд Ираны “Assembly of Experts”-ийн шинжээчид аятолла Хаменеин залгамжлагчийг сонгохоор хуралдахад тэрээр хүүгээ нэр дэвшигчдээс хасаж байлаа. Можтаба Ираны хатуу консерватив талын хүн, дотоодын болон гаднын дайснуудын эсрэг маш хатуу бодлого баримталдаг. Тэрээр Ираны Засгийн газарт ямар нэг албан тушаал хашиж байгаагүй ч нөлөөтэй.  2019 онд АНУ түүнд хориг тавьсан билээ. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр Можтаба Хаменеи хөрөнгө оруулалт хариуцдаг, Швейцарын банк дахь хадгаламжид нэвтрэх эрхтэй. Америкийн хоригт орсон ч Их Британийн тансаг дүүрэгт 100 сая ам.долларын үл хөдлөх хөрөнгөтэй гэнэ.

Эхнэр гурван хүүхэдтэй ч энэ удаагийн дайны эхний өдрийн бөмбөгдөлтөөр эхнэр нь алагдсан мэдээлэл байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...