UBLife Logo
Дэлхий

Санаэ Такаичи ирээдүйгээрээ дэнчин тавьж, парламентаа тараалаа

Санаэ Такаичи ирээдүйгээрээ дэнчин тавьж, парламентаа тараалаа

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи албан тушаалдаа ороод 3 сарын дараа парламентаа албан ёсоор тарааж, ирэх сарын 8-нд ээлжит бус сонгууль явуулах болсноо зарлалаа. Орон нутгийн мэдээллээс үзэхэд Такаичи энэ маягаар эрх баригч Либерал ардчилсан намын нөлөөг нэмэгдүүлж, өөрийн улс төрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болохыг зорьжээ.

Өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Такаичи өөрийг нь Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллуулах эсэхээ сонгогчид өөрсдөө шийдэх ёстой гэж мэдэгдсэн. Тэрээр “Ээлжит бус сонгууль хийх шийдвэр гаргахад хэцүү байлаа. Би Ерөнхий сайдын албан тушаалаараа дэнчин тавьж байна. Ард түмэн надад улс орноо удирдах итгэл найдвар өгөх, үгүйгээ өөрсдөө шийдэг гэж би хүссэн” гэж хэлсэн юм.

Ирэх сарын сонгуулиар сонгогчид парламентын доод танхимын 465 гишүүнийг сонгох болно. Одоогийн байдлаар Либерал ардчилсан нам хамтрагч намуудын хамт 199 суудалтай олонх байдалтай байгаа ч улс төр, эдийн засгийн том алхмууд хийхэд хүндрэлтэй байгаа. Харин Ерөнхий сайд нэр хүндээ ашиглан, энэ сонгуулиар Либерал ардчилсан нам дангаараа олонх болж чадвал, бусад намуудад буулт хийхгүйгээр бодлогоо хэрэгжүүлж чадах юм. Санаэ Такаичи Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд бөгөөд Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн дагагч. “Японы төмөр хатагтай” гэгдээд байгаа. Түүний Засгийн газар ирэх жилийн төсвөө 768 тэрбум ам.долларын хэмжээнд батлаад байгаа билээ. Инфляцтай тэмцэж, хэрэглээний татварын хэмжээг бууруулан, дэлхийн дөрөв дэх том эдийн засгаа сэргээнэ гэж амлаад байгаа юм.

Такаичи дотооддоо нэр хүндтэй байгаа ч БНХАУ-тай маш тааруу харьцаатай болоод байгаа. Ерөнхий сайд өнгөрсөн 11 дүгээр сард “Хэрэв Хятад улс Тайванд халдвал Токио өөрийгөө хамгаалахаар хүч хэрэглэж болно” гэж мэдэгдсэний хариуд Хятад улс Японы эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Японы далайн бүтээгдэхүүнийг авахаа больж, ард түмнээ Японд аялахгүй байхыг уриалсан. Мөн саяхан газрын ховор металл болон цэрэг, дайны салбарт хэрэглэж болох бүтээгдэхүүн экспортод гаргахаа зогсоосон. Ээлжит бус сонгуулиар Ерөнхий сайд үнэмлэхүй ялалт байгуулбал Хятад улс улам хатуу хориг тавих магадлал өндөр.

Өнгөрсөн 12 дугаар сарын судалгаагаар Санаэгийн засгийн газар сонгогчдын 60-80 хувийн дэмжлэгийг хүлээж байна. Гэхдээ парламент тарах мэдээлэл гарсны дараа сөрөг хүчний хамгийн том нам болох “Constitutional Democratic Party” нь “Комейто” намтай нэгдэж, шинэ нам байгуулсан нь ээлжит бус сонгуулийн дүнг хааш нь ч эргүүлж мэдэх саад болж байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.