Ираны Төв телевизээс ДХЯ-ны албан ёсны мэдээллийг дамжуулж, саяхан болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдагчдын тоо Барууны хүний эрхийг хамгаалагч байгууллагуудын мэдээлснээс хавьгүй цөөхөн гэж дурдлаа.
Ираны ДХЯ-ны мэдээгээр нийт 3117 хүн энэ жагсаалаар амиа алджээ. Үүнээс 2427 нь энгийн иргэн байсан гэж мэдээлснээс үзэхэд үлдсэн нь цагдаагийн ажилтнууд байх гэсэн таамаглал гарч байгаа юм. Урьд өмнө Ираны Засгийн газраас алагдсан хүний тоог дарах, эсвэл огт мэдээлдэггүй байсан билээ.
Харин АНУ-д байрладаг хүний эрхийг хамгаалагч HRANA (Human Rights Activists) байгууллага 4902 хүн алагдсан гэж мэдээлээд байна. Энэ байгууллага мэдээллээ Ираны дотоодоос авдаг тул үнэний магадлал хамгийн өндөр. Одоогийн байдлаар Ираны засгийн газар интернетийг хааж, сэтгүүлчдэд ажиллах боломж олгохгүй байна. Нийт 26500 хүн баривчлагдсаны хэдэн хувийг нь цаазаар авах нь тодорхойгүй байна.
