UBLife Logo
Кино

“Харри Поттер” киноны одод одоо

“Харри Поттер” киноны одод одоо

Энэ сарын 25-нд Их Британийн жүжигчин ихэр Жеймс, Оливер Фелпс нар 40 нас хүрлээ. Тэд Харри Поттер киноны ах дүү Уизлигийн дүрээр дэлхийд алдаршсан билээ. Энэ киноны баатар хүүхдүүд бидний нүдэн дээр өсөж, том болсон. Одоо тэд хаана, юу хийж байна вэ?

Дэниел Рэдклифф — Харри Поттер

Дэниел Рэдклифф цувралын эхний хэсэгт тоглоод Гиннесийн номд хамгийн өндөр орлоготой жүжигчнээр тэмдэглэгдсэн. Дараа нь тэр Харри Поттерийн дүрээс салах гэж их хичээсэн. Одоо тэр Бродвей театрт тоглож, 2024 онд “Merrily We Roll Along” мюзиклээр шилдэг эрэгтэй жүжигчний Тони шагнал хүртсэн. Жүжигчин Эрин Дарктай хамтран амьдарч, Аарон гэдэг хүүтэй болсон.

Руперт Гринт — Рон Уизли

Кино дууссаны дараа Руперт Гринт хэсэг завсарлага авч, багын мөрөөдлөө биелүүлсэн. Тэрээр мөхөөлдөс зардаг фургон машин худалдан авч, хүүхэд багачуудыг дайлдаг болсон. Эргэн ирээд хэд хэдэн арт кино, телевизийн төсөлд оролцож, цуврал кинонд тоглосон. Сүүлийн үед жүжигчний ажлаа орхиж, бизнес эрхэлдэг болсон. Үл хөдлөх хөрөнгийн “Eevil Plan Properties”,  продюсерийн “Clay 10” компани байгуулсан. Жүжигчин Жоржия Грумтай хамт амьдардаг. Тэд хоёр охинтой.

Эмма Уотсон — Гермиона Грейнжер

Боловсролдоо ихээхэн анхаарсан Эмма англи утга зохиолын бакалавр болсон. Дараа нь Оксфордод суралцсан. 2014  оноос НҮБ-ын элч төлөөлөгчийн алба хашиж, жендерийн тэгш байдлын төлөө тэмцдэг. Одоо тэрээр олон нийтийн идэвхтэн, олон төсөл хөтөлбөрт оролцож байна. Гэрлээгүй байгаа.

Том Фелтон — Драко Малфой

Том Фелтон хэт сайн дүрдээ орсон тул хоёр жил дараалан “MTV Movie Awards”-ийн “Хамгийн хорон санаат дүр” шагналыг хүртсэн. Үүний хажуугаар үзэгчдээс маш их хараал, ерөөл хүртсэн учир жүжигчний замналаа хаях гэж хүртэл бодож байлаа. Одоо тэр Бродвейн театрт тоглож байна. Дуу зохиодог, гитар тоглодог. “Six String Productions” гэдэг студитэй. “Харри Поттер” киноны жүжигчин Жейд Гордонтой олон жил үерхэж байгаад салсан.

Жеймс, Оливер Фелпс - Уизли

“Харри Поттер” киноны дараа тэд 2021 он хүртэл кино ертөнцөд ажилласан. Дараа нь хэвлэл мэдээллийн төслүүдэд орж, подкаст хөтлөн, цэнгээнт нэвтрүүлэг хөтөлдөг болсон.

Роберт Паттинсон – Седрик Диггори

Роберт Паттинсоны анхны том дүр нь энэ киноны Седрик Диггори байсан юм. Харин дараа нь тэр вампир болж алдаршсан. Дуучин Сьюки Уотерхаустай гэрлэж, охинтой болсон.

Мэттью Льюис – Невилл Долгопупс

Кинонд тун бага тоглодог. Спортоор хичээллэж, олон нийтийн ажилд оролцдог.

Бонни Райт — Жинни Уизли

Лондон хотын коллежийг найруулагчийн мэргэжлээр төгсөж, “BonBon Lumiere” компани байгуулсан. Богино хэмжээний кино, хөгжмийн клип, зар сурталчилгааны бичлэг хийдэг. Нөхөртэй, 2023 онд хүү төрүүлсэн.

Кэти Льюнг — Чжоу Чанг

Харри Поттерийн анхны хайрын дүрийг бүтээсэн тэрээр дараа нь мэргэжлийн жүжигчин болсон. Кино, театр, телевиз гээд ажил маш их.

Харри Меллинг — Дадли Дурсль

Харри Меллинг жин хасаж, театр, кинонд байнга тоглодог болсон.

Альфред Энох — Дин Томас

Альфред Энох Оксфордод боловсрол эзэмшиж, театр, кино, телевизэд ажиллаж байгаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...