UBLife Logo
Кино

Шулмын ангууч, хөлсний алуурчин Вин Дизелийн шилдэг 9 кино

Шулмын ангууч, хөлсний алуурчин Вин Дизелийн шилдэг 9 кино

Холливудын хүчирхэг эрчүүдийн нэг Вин Дизель 2028 онд “Fast Forever”, “Riddick: Furya” киноны зураг авалтаа дуусгаж, алдартай хоёр цувралаа өндөрлүүлэх гэж байна. Багад нь түүнийг хэрзгэр, туранхай гэж хочилдог байсан бол одоо тэр дэлхийн хамгийн үнэтэй жүжигчдийн нэг болжээ.

Марк Винсент Синклер 1967 оны долоодугаар сарын 18-нд Калифорнийн Аламида тйорогт төржээ. Удалгүй гэр нь Нью-Йоркт нүүж ирсэн байна. Вин ихэртэй, гэхдээ тэд хоорондоо огт төсгүй. Тэд төрсөн эцгээ хэзээ ч харж байсангүй. Хойд аав, ээж нь хүүхдүүдээ сайн хүмүүжүүлсэн юм. Вин өөрийгөө ямар үндэстэн гэж нэрлэхээ мэддэггүй. Учир нь түүний судсанд итали, ирланд, мексик, африк цус урсаж байгаа. Хойд аав Ирвин Винсент нь жүжгийн багш байсан бөгөөд Вин хүүг уран бүтээлч болоход ихэд нөлөөлжээ. Гэхдээ жүжигчин болох замд нь том саад тулгарсан юм.

Тэрээр зан ааш муутай, хичээлээ тасалдаг, хэл аманд байнга орно. Туранхай тул түүнийг “чийгийн улаан өт” гэж хочилдог байв. Ингээд өөрийгөө хамгаалж, дээрэлхүүлэхгүйн тулд Вин спортын танхимд очсон байна. 17 настайдаа тун булчинлаг болсон тул хэн ч дооглон, тохуурахаас эмээдэг болсон гэнэ. Энэ үеэс тэр сургуулийнхаа театрын тайзнаа гарч, жүжигт тоглодог болсон байна. 18 настайдаа шөнийн клубын хамгаалагч боллоо. Үсээ хусаж, Марк нэрээ Вин Дизель болгон сольсон юм. “Ажлын үеэр би ихэнхдээ зодолдож, охидтой танилцаж цаг өнгөрөөдөг байлаа. Ажлын бус цагаар бол тэнд бүжиглэж, бас охид найрах гэж очдог байлаа” гэж тэр дурссан.

Хамгаалагчийн ажлынхаа хажуугаар Вин Хантер коллежид элсэж, англи хэл, уран зохиол судаллаа. Холливудыг байлдан дагуулахаар Лос-Анжелест очсон ч худалдагчаас өөр ажил олж чадсангүй. Ийнхүү гэртээ харьсан ч од болох мөрөөдлөө орхисонгүй.

23 настайдаа анх кинонд тоглож үзлээ. Энэ бол “Awakenings” хэмээх драм бөгөөд Виний дүр хэт жижиг байсан тул нэр нь зарлал дээр байсангүй. Найруулагч болохоор шийдэж, “Multi-Facial” богино хэмжээний кино бүтээж, Канны кино наадамд оролцсон байна. 1996 онд  “Strays” кино найруулсан нь амжилт олоогүй ч алдарт Стивен Спилбергийн анхаарлыг татаж чадсан юм. Спилбергийн “Saving Private Ryan” кинонд жижигхэн ч тун тод цэргийн дүрд тоглосон. 2000 оны “Pitch Black” кино түүнд алдар нэр авчирсан билээ. Харин дараагийн “Галзуу хурд” кино Винийг дэлхийн дэвжээнд гаргасан юм.

Спорт, хоолны дэглэм

Вин Дизель хүчний дасгалаас гадна йог, жи-жицүгээр хичээллэдэг. “Залуу байхдаа би хамгийн хүндийг л өргөх гэж дайрдаг байлаа. Харин одоо ямар булчингаа хөгжүүлэх гэж байгаагаас хамааран дасгалаа сольж, тун их анхаардаг болсон. Бэлтгэл хийх нь ямар нэг дүрд тоглоход төдийгүй амьдралд ч хэрэг болдог. Би “Эрүүл биед саруул ухаан” гэсэн зарчмыг баримталдаг” гэж ярьж байв. Цаг зав муутай ч алгассан дасгалаа нөхөн хийдэг. 182 см өндөр. 116 кг болсон нь түүний хувьд дээд жин нь. Зураг авалтгүй үед жингээ 100 кг-д барихыг хичээдэг.

Хувийн амьдрал

“Галзуу хурд” киноны хамтрагч Мишель Родригестой зураг авалтын үеэр хайр сэтгэлийн холбоотой болсон ч хэдэн сарын дараа салсан. Чехийн модель Павла Харбковатай хэсэг үерхээд салсан. Вин Мексикийн фотомодель Палома Хименестэй гэрлээд 20 жил болж байна. Тэд гурван хүүхэдтэй. 17 настай охин Хания, 15 настай хүү Винсент. Харин отгон охин Полингоо тэр нас барсан анд найз Пол Уокерийн нэрээр нэрлэсэн юм.

Вин Дизелийн шилдэг 9 кино

“Pitch Black”, АНУ, 1999 он

Төрөл: тулаан, зөгнөл

Найруулагч: Дэвид Туи

Гол дүрд: Вин Дизель, Рада Митчелл, Коул Хаузер

Энэ кино дэлхий дахинд Риддикийг танилцуулсан билээ. Нийт 4 анги гараад байгаа бөгөөд удахгүй “Riddick: Furya” сүүлийн анги дэлгэцэд гарна. Одоо зураг авалт үргэлжилж байна.

“The Fast and the Furious 1”, АНУ, Герман, 2001 он

Төрөл: тулаан

Найруулагч: Роб Коэн

Гол дүрд: Пол Уокер, Вин Дизель, Мишель Родригес

Доменик Торрето жинхэнэ баатар болсон. Вин Дизель “Галзуу хурд” киноны бараг бүх ангид тоглосон. 2013 онд түүний найз, гол дүрийн Пол Уокер ослоор амиа алдсан. Одоогийн байдлаар арван анги гараад байна. 2028 онд “Fast Forever” хэмээх сүүлийн анги нь гарах болно.

“xXx”, АНУ, 2002 он

Төрөл: тулаан

Найруулагч: Роб Коэн

Гол дүрд: Вин Дизель, Азия Арженто, Мартон Чокаш

Ксандер Кэйжийн дүрийг бүтээх гэж Вин олон сар бэлтгэсэн. Булчин шөрөмсөө чангалахаас гадна хэд хэдэн экстрим спорт сурах шаардлагатай болсон юм. Морь унаж, мотоцикл дээр үсэрч харайж сурсан. 2016 онд хоёрдугаар анги нь гарсан. Харин гуравдугаар хэсэгт тоглохоос Вин татгалзсан.

“A Man Apart”, АНУ, Герман, 2003 он

Төрөл: тулаан, адал явдал

Найруулагч: Ф. Гэри Грей

Гол дүрд: Вин Дизель, Лоренц Тейт, Тимоти Олифант

Мексикийн хар тамхины хууль бус наймааг зогсоохоор тэмцэх агент Шон Веттер гэмт бүлэглэлийн бай болно. Шоны эхнэр энэ дайнд алагдаж, харин тэр өшөөгөө авахаар мордох болно.

“The Pacifier” АНУ, 2005 он

Төрөл: инээдэм, гэр бүл

Найруулагч: Адам Шенкман

Гол дүрд: Вин Дизель, Лорен Грэм, Фейт Форд

Вин анх удаагаа инээдмийн кинонд тоглосон. Халагдсан тэнгисийн цэрэг таван хүүхэд харах ажилд томилогдоно.

“Find Me Guilty” АНУ, Герман, 2006 он

Төрөл: драм

Найруулагч: Сидни Люмет

Гол дүрд: Вин Дизель, Питер Динклэйж, Лайнас Роуч

Бүдүүн хочит дээрэмчин Жеки ДиНоршиогийн дүрд тоглохын тулд Вин 15 кг жин нэмсэн. Бодит амьдралаас сэдэвлэсэн кино.

“Babylon A.D.” Их Британи, Франц, АНУ, Чех, 2008 он

Төрөл: тулаан, зөгнөл

Найруулагч: Матьё Кассовиц

Гол дүрд: Вин Дизель, Мишель Йео, Мелани Тьерри

Хөлсний цэрэг Туроп Зүүн Европоос Нью-Йоркт нэгэн бүсгүйг хүргэх даалгавар авна. Бүсгүйн хойноос дэлхийн хамгийн харгис алуурчид хөөх ажээ.

“The Last Witch Hunter”, АНУ, Хятад, Канад, 2015 он

Төрөл: тулаан, зөгнөл

Найруулагч: Брек Эйснер

Гол дүрд: Вин Дизель, Роуз Лесли, Элайжа Вуд

Эхнэрээ алдсанаас хойш хэдэн зуун жилийн турш Колдер шулам ангуучилж байна. Орчин үед ч түүний дундад зууны арга барил хэрэг болох юм.

“Bloodshot”, АНУ, Хятад, 2020 он

Төрөл: тулаан, зөгнөл

Найруулагч: Дэйв Уилсон

Гол дүрд: Вин Дизель, Гай Пирс, Ламорн Моррис, Эйса Гонсалес

Рэй Гаррисон гэмт хэргийн золиос болж, эхнэрийн хамт амиа алдана. Гэвч нэгэн компани түүнийг амилуулж, робот болгон хувиргажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...