UBLife Logo
Newsfeed

The Boys цувралын дуртай дүрээр чинь чамайг шинжье

The Boys цувралын дуртай дүрээр чинь чамайг шинжье

Өчигдөрхөн The Boys цувралын төгсгөлийн тавдугаар бүлгийн эхний хоёр анги цацагдлаа. Үзсэн хүмүүс хэр их байна даа? Та бүхний дуртай дүрээр чинь ямар зан чанартай, ямархуу хүн байж болохыг тань шинжих гээд л. 😎

Билли Бутчер

Хэрэв таны дуртай дүр Билли бол чи сэтгэл татам, маш ухаалаг, төрөлхийн удирдах зан чанартай, зальжин бас сэргэлэн зантай нэгэн байх магадлалтай. Түүний адилаар амьдралын муу муухай гэж хэлж болох зүйлсийг үзэж туулсан байх магадлалтайгаас гадна, бүр түүнийгээ даван туулаад гараад ирсэн нэгэн байх магадлалтай. Тиймээс л одоогийнх шигээ ийм хүчирхэг байгаа хэрэг. Бас нэмээд чи хайртай, дотно хүмүүсийнхээ төлөө ёстой юуг ч хийсэн чадах нэгэн. Цаанаасаа л зөрүүд, дүрэм журамд үл захирагдах, эхлээд үйлдэл хийчхээд дараа нь асуудаг, ямар ч новшийн зүйл болсон дунд хуруугаа гаргачхаад л, яваад өгч чадах нэгэн.

Жон (Homelander)

Цувралын хамгийн комплекс дүр таны дуртай дүрээр сонгогдсон бол, тийм ээ, чи бусдаас ихээхэн өөр нэгэн. Аливаа зүйлийн өөр талыг үргэлж олж харахдаа сайн, бусдын анхаарал, хайр халамжийг ямагт хүсэмжилдэг, шударга, үнэнч зан чанарыг эрхэмлэдэг нэгэн. Мэдээж хэрэг маш хачирхалтай хошин шогийн мэдрэмжтэй, жаахан дарк талдаа сонирхолтой байх хандлагатай. Нэмээд нэг зүйлдээ үнэхээр гүн орж, сэтгэлээ бүхэлд нь зориулж чаддаг, нэг талаас донтсон мэт аливааг хүсэмжилдэг нэгэн байх хандлагатай. Гэхдээ хайрлагдах, хүлээн зөвшөөрөгдөх, ойлгогдох, бусадтай ойр байх гэсэн хүслээр дүүрэн. Хүмүүс чиний үгийг дагаж, хэлснийг чинь хийх нь олонтаа. Учир нь чи хатуу чанга үедээ үнэхээр л лазераар цоо шарах гэж байгаа мэт байж чадна. Бас сүүнд жаахан дуртай юу, үгүй юу? 🥛

Бэн (Soldier Boy)

Хэрэв дуртай дүр чинь Soldier Boy бол, тийм ээ хонгор минь, бид адилхан асуудалтай юм байна. 😆 Цаанаа нуугдсан ихээхэн гэмтэл, сэтгэлийн шарх, гутралтай байх хандлагатай ч өнгөн талдаа өөрийн сул талыг хэзээ ч харуулдаггүй, өрө нэгэн шиг байх хандлагатай. Заримдаа яг л энэ цаг үед багтахгүй, нийцэхгүй хүн мэт санагдана. Сэтгэл татам ч, хэрцгий, зөрүүд бас өөртөө итгэлгүй, бусдаас ихийг хүлээдэг байх хандлагатай. Гаднаа тоохгүй байгаа ч юм шиг, хатуу хүйтэн дүр эсгэлээ ч дотроо эсрэгээрээ. Яг үнэндээ маш хүчирхэг боловч зөв шийдвэр гаргах тал дээр ихээхэн алддаг. Сэтгэл хөдлөлөөс үүдэн шийдвэр гаргах гээд байх хандлагатай ч дотроо зөөлөн, ойлгох хүсэлтэй, цавын цаанаа ямар нэгэн зөөлөн зүйл байсаар буй.

Эрвинг (Black Noir)

Дуртай дүр чинь хэрвээ Блак Нуар бол дотор чинь уран бүтээлч, ямар нэгэн том зүйл нуугдаж байна. Гаднаа дуугүй, чимээгүй, маш нууцлаг. Хэнд ч өөрийгөө бүрэн нээдэггүй, ямагт тайлагдашгүй нууц мэт үлдэнэ. Гэсэн ч маш үнэнч, хийдэг зүйлдээ тун гарамгай, аливаа асуудал тарихаас хол байж чаддаг нэгэн. Гаднаа хүйтэн, сонирхохгүй байгаа мэт байлаа ч дотроо зөөлөн, хүүхдээрээ, сониуч нэгэн. Энд байгаа бусад ямар ч дүрээс илүүтэй хайрламаар, хамгаалмаар дүр хэдий ч ширүүн, хэрцгий байдлаараа бусдыг айлгаж чаддаг. Дотроо маш их зүйлийг тээж яваа, гүн асуудлуудтайгаа тэмцэж байгаа нэгэн байх хандлагатай. Гэхдээ төсөөлөл гайхалтай, нэмээд уран бүтээлч сүнстэй нэгэн.

Регги (A-Train)

Хэрэв сүүлийн ангийг үзсэний дараа тэр тусмаа, Эй-Трэйн таны дуртай дүр болсон бол алив нэг тэвэрчихье. Эготой, зөрүүд, дураараа, өрөвдөх сэтгэлгүй нэгнээс тэр өөрчлөгдөж чадсан билээ. Өөртөө итгэлгүй байдал, буруугаа хүлээхгүй байсан зан чанар нь аажмаар өөрчлөгдөж, гэмшил, бурууг мэдэрч байгаа нь дотроо ямар их зүйлийг бодож, ойлгож эхэлснийг нь харуулж чаддаг. Үргэлж дотроо тэмцэлтэй байдаг ч эцэст нь зөв зүйлийг сонгож чадах сэтгэлтэй нэгэн. Нэмээд, гэр бүл найз нөхдийнхөө төлөө зөв зүйл хийж чадна. Олон хүнд муу хүн мэт харагддаг ч, зарим нэгэнд нь сайнаар дурсагдан үлдэх ийм “саарал“ дүрүүд л амьдралыг хамгийн утгатай, үнэ цэнтэй болгодог хүмүүс байдаг билээ. Бусдад таалагдах гэж нэг талыг сонгох албагүйг, эцсэт нь өөрийнхөө зөв гэдгээр л явсан нь түүний онцгой тал билээ.

Серж (Frenchie)

Хэрэв дуртай дүр чинь Френчи бол чи маш үнэнч, аливаа зүйлийн арга учрыг олохдоо маш сайн, бас бусдыг ойлгох асар их сэтгэлтэй нэгэн. Үргэлж нөхцөл байдлыг ажиглаж, сайхан үг хэлэх бол хэлж, сэтгэлээ илэрхийлж чаддаг нэгэн. Яг л түүн шиг заримдаа аливаад жаахан түргэн хандах гээд байх хандлагатай ч үнэхээр итгэдэг хүмүүстээ хэтэрхий их анхаарал тавьдаг, тэднийг хамгаалахыг хүсдэг болохоор л тэр. Хурц, гүйлгээ ухаантай, маш их мэдлэг мэдээлэлтэй учир найзууддаа нэг бус удаа тус болж байсан нь ойлгомжтой. Багийн тоглогч учир ганцаараа тодрохыг огтхон ч хүсдэггүй зан чанартай. хэцүү зүйл тохиолдоход хүмүүс хэнд итгэж, зөвлөгөө авахаа, ярилцахаа сайн мэднэ. Чи шүү дээ.

Кимико

Хэрэв дуртай дүр чинь Кимико бол чи зальжин, сэргэлэн, бас бусдыг хамгаалах сэтгэлтэй, өөрийгөө ч ихээхэн хамгаалж, болгоомжилдог нэгэн. Толгойгоороо шийдэх гэхээс илүү харин ч зүрх сэтгэлээ сонсдог нэгэн. Үүнээс болж заримдаа асуудалд ордог ч үнэхээр хийсэн үйлдэл бүр чинь хайраас үүдэлтэй байдаг. Нэмээд бусдыг өргөж, дэмжих хүсэлтэй, аливаад хөнгөн, нээлттэй хандахыг оролддог. Маш чадварлаг бас өөрийнхөөрөө байж чаддаг чинь үнэхээр янзтай. Ямар ч хэцүү зүйл туулсан хар бараан бүхэндээ шингээд, тэр чигтээ үлдээгүйд чинь баярлалаа. Харин ч хамгийн тодоос инээмсэглэж байдагт баярлалаа.

Марвин (Mother’s Milk)

Хэрэв дуртай дүр чинь М.М бол чи бусдыг ойлгох чадалтай, зөөлөн, маш тайван, хамгаалах сэтгэл ихтэй нэгэн. Яг л түүн шиг, чи найз нөхөд, хүрээллүүдийнхээ зүрх нь болсон нэгэн байдаг. Найз нөхөд, гэр бүлийнхээ төлөө юу ч хийсэн чадах нэгэн. Тэдний төлөө юуг ч асуултгүй хийж өгч чадна. Бүр юуг ч байсан шүү. Маш их зүйлийг туулаад гарсан ч энэ нь зүрх сэтгэлийг чинь бүдгэрүүлээгүй юм шүү, харин ч хэрэгтэй нэгэнд нь итгэж нээхэд бэлэн том сэтгэлийг бэлэглэжээ. Чамд итгэж, найдаж болохоо дотнын хүн бүхэн чинь мэдэж байгаа.

Хьюи Кэмпбелл

Хэрэв дуртай дүр чинь Хьюи бол чи өрөвч сэтгэлтэй, ухаалаг, үнэнч нэгэн гэдэг нь гарцаагүй. Бусдыг өрөвдөх, уучлах, ойлгох чадвар энд байгаа аль ч дүрүүдээс хамгийн өндөр нь. Яг л түүн шиг чи яаж яваад гэдгийг нь мэдэхгүй хачин сонин нөхцөл байдалд орох нь их ч бас түүнээсээ гарч чаддаг, бүгдийг өөрийн талд эргүүлэх чадалтай нэгэн. Уулзсан хэнтэйгээ ч найзлаад, ойлголцож чадах хүн. Хүмүүсийн сайн сайхныг түрүүлж хардаг, бусдад итгэх итгэл ч асар өндөр. Хэрэв чи л байгаагүй бол нөхцөл байдал улам муудаж болох байсан өчнөөн тохиолдлууд бий. Тиймээс ч нэг төрлийн ухаалаг, аливааг ойлгохыг хүсдэг нэгэн төдийгүй бас аврагч гэж хэлж болно. Гэхдээ бусдын ятгалгад хэт их автах гээд байх вий.

Энни (Starlight)

Хэрэв дуртай дүр чинь Энни бол чи аливаад сэтгэлээсээ ханддаг, харизмтай, өөрийгөө золиослож ч чадах хэмжээний хүч чадалтай нэгэн байна. Энни шиг, чи зөвхөн хувиа бодох биш, эргэн тйорноо, дэлхийг ч сайн сайхан газар байгаасай, илүү дээр байгаасай гэж хүсдэг нэгэн. Харин чи өөрт байгаа бүх зүйлээрээ түүний төлөө тэмцэж, явж чадах зоригтой нэгэн. Найз нөхөд, хүрээлэл чинь чиний шийдвэрийг харж, чамайг дагахад бэлэн байдаг. Учир нь чи хэзээ ч хувиа бодсон, тэнэг шийдвэр гаргахгүй гэж тэд мэддэг. Бусдад туслах хүсэл, аливааг өөрчлөх оролдлогууд, шударга бус зүйлд дуугүй өнгөрдөггүй зан чанар чинь гайхалтай. Аан, вэйп татдаг бол вэйпээ болиорой. Бас битгий бууж өгөөрэй. 😉

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна