UBLife Logo
Newsfeed

Шинэ үеийн цахим залилан хэрхэн явагддаг вэ?

Шинэ үеийн цахим залилан хэрхэн явагддаг вэ?

Нийтлэлийг Монголын банкны холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй Монголын баримт шалгах төвийн “Цахим залилангийн эсрэг мэдээллийн аян”-ы тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд бэлтгэн нийтэлж байна


“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэдэг дээ. Цахим залилан ч мөн өдөр ирэх тусам хувьсан өөрчлөгдөж, улам боловсронгуй болж байна. Магадгүй та өөрийгөө “би цахим залиланд өртөхгүй” гэж бодож байж болох ч өнөөдрийн цахим орчинд ийм итгэл хамгийн том эрсдэл болж хувирах нь бий. Учир нь цахим залилан зөвхөн энгийн мессеж, линк биш болж, хиймэл оюун ухаан, хуурамч сайт, бодит мэт дүр эсгэсэн хаягууд ашиглан улам бодит болсон байна.

Цахим залилан ихэвчлэн “Facebook”, “Instagram”, “TikTok” зэрэг сошиал платформуудаар дамжин тархдаг бөгөөд хуурамч онлайн дэлгүүр, “giveaway”, сугалаа, урамшуулал гэх нэрийдлээр хэрэглэгчдийг хуурч, хувийн мэдээлэл болон мөнгийг нь авах зорилготой байдаг. Манай улсын хувьд 2025 оны судалгаагаар бүртгэгдсэн цахим гэмт хэргийн ойролцоогоор 80 хувь нь Facebook платформоор дамжин үйлдэгдсэн байна.

1.Үнэгүй шагнал аваарай залилан

Хэзээ нэгэн цагт та “iPhone хожлоо”, “үнэгүй бэлэг аваарай” гэсэн агуулгатай зургуудтай тааралдаж байсан уу? Мэдээж энэ бол цахим залилангийн нэг жишээ юм. Бэлгээ авах гэж хуурамч холбоос дээр дарж орвол таны хувийн мэдээлэл бүхий богино судалгааг бөглөхийн шаарддаг байна. Тиймээс энэ төрлийн хуурамч холбоос дээр дарж орохгүй байх, эх сурвалж нь тодорхойгүй судалгааг бөглөхгүй байхыг анхааруулж байна. Хувийн эмзэг мэдээллээ алдах өндөр эрсдэлтэй шүү.

2.OTP код авах

ОТР буюу нэг удаагийн нууц үгийн залилан. Гэмт хэрэгтнүүд банк эсвэл томоохон байгууллагын ажилтан мэт дүр эсгэж таны утсанд ирсэн нэг удаагийн нууц үгийг асуух замаар луйвар явагдана. Эсвэл таны дотнын хүн болж дүр эсгэж ч мэднэ. Хэрэв та өөрийн утсанд ирсэн нэг удаагийн нууц үгийг цааш дамжуулбал онлайн хаяг, банк гээд л маш олон хувийн мэдээллээ алдах эрсдэл үүснэ. Тиймээс дотнын хүндээ ч байсан утсанд ирсэн нэг удаагийн кодоо бүү өг.

3.“Байна уу, ээжээ” залилан

Хүн бүр өдөр тутамдаа хиймэл оюун ухааныг ашиглах болсон энэ цаг үед луйварчид ч дутсангүй. Тэд “voice cloning” буюу дуу хоолойг дуурайлган гаргах хиймэл оюуны технологийг ашиглан тан руу дуудлага хийж, мөнгө залилан авах шинэ хэлбэрийг бий болгож байна. Ингэхдээ таны хайртай дотнын хүний дуу хоолойг яг адилхан дуурайлган “Ээж ээ, би осолд орчихлоо”, “Утас эвдэрчихлээ” гэх мэт яаралтай нөхцөл байдал үүсгэсэн мэтээр ярьж, мөнгө шилжүүлэхийг шаарддаг. Хүмүүс ихэнхдээ дуу хоолойг нь таньж итгэсний улмаас эргэлзэлгүйгээр мөнгө шилжүүлж, хохирогч болох тохиолдол нэмэгдэж байна. 2026 он гарснаас хойш хиймэл оюунд суурилсан ийм төрлийн залилангийн тоо огцом өссөн нь анхаарал татаж байна.

4.”Deepfake” видео дуудлагууд

“Deepfake” видео дуудлагын залилан нь хиймэл оюун ашиглан хүний нүүр царай, дуу хоолойг бодит мэтээр дуурайлган, видео дуудлагаар хуурдаг шинэ төрлийн цахим луйвар юм. Залилан үйлдэгчид тухайн хүний олон нийтийн сүлжээнд байгаа зураг, бичлэгийг ашиглан AI-аар нүүр царайг нь хөдөлгөөнтэй болгож, яг өөрөө ярьж байгаа мэт дүр бүтээдэг. Дараа нь “дарга”, “найз”, эсвэл “гэр бүлийн хүн” болж дүр эсгээд яаралтай мөнгө шилжүүлэх, эсвэл нууц мэдээлэл өгөхийг шаарддаг. Видео дуудлага нь бодит мэт харагддаг тул хүмүүс амархан итгэж, шалгалтгүйгээр шийдвэр гаргах эрсдэлтэй. Ингэснээр хохирогчид санхүүгийн болон мэдээллийн томоохон хохиролд орох аюул үүсдэг.

5.Өндөр цалинтай онлайн ажлын зар

“Өндөр цалинтай онлайн ажлын зар” хэлбэрийн залилан нь ихэвчлэн Facebook, Instagram, Telegram зэрэг платформ дээр “гэрээсээ ажиллаад өдөрт 200,000₮–500,000₮ олох боломжтой” гэх мэт хэт өндөр орлого амласан зар хэлбэрээр тархдаг. Эхэндээ хэрэглэгчийг бүртгүүлэх, жижиг даалгавар хийх, эсвэл лайк дарж мөнгө олох мэт энгийн ажил санал болгодог бөгөөд энэ нь итгэл төрүүлэх зорилготой байдаг. Дараа нь “даалгавраа ахиулах”, “данс идэвхжүүлэх” гэх мэт шалтгаанаар урьдчилгаа төлбөр эсвэл нэмэлт мөнгө шаардаж эхэлдэг. Зарим тохиолдолд хувийн мэдээлэл, банкны дансны мэдээлэл авч ашиглах эрсдэлтэй. Эцэст нь хэрэглэгч мөнгөө алдах эсвэл мэдээллээ хулгайлуулах нөхцөл үүсдэг.

6.Хуурамч апп татуулах залилан

“Хуурамч апп татуулах залилан” нь хэрэглэгчийг бодит мэт харагдах хуурамч мобайл аппликейшн татуулах замаар мэдээлэл болон мөнгийг нь хулгайлах зорилготой цахим луйвар юм. Ихэвчлэн “банкны шинэ апп”, “урамшууллын апп”, “үнэгүй бонус авах апп” гэх мэт нэрээр Facebook, Telegram, мессежээр тараагддаг. Хэрэглэгч тухайн апп-ыг татаж суулгасны дараа нэвтрэх нэр, нууц үг, зарим тохиолдолд утасны мэдээлэл, банкны мэдээлэл оруулахыг шаарддаг. Ингэснээр залилан үйлдэгчид тухайн хүний аккаунт эсвэл санхүүгийн мэдээлэлд нэвтрэх боломжтой болдог. Зарим апп нь далд байдлаар malware суулгаж, утасны мэдээллийг ч шууд хянах эрсдэлтэй байдаг.

Тэгвэл эдгээр залилангаас хэрхэн сэргийлэх вэ?

  • Аливаа саналыг ямагт нягталж үзэх

  • Сэжигтэй линк дээр дарахгүй байх

  • Зөвхөн албан ёсны апп татах

  • Нэг удаагаа нууц үгээ бусдад дамжуулахгүй байх

  • Яарч шийдвэр гаргахгүй байх

  • Ямар ч үед дахин нягтлахыг зөвлөж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна