UBLife Logo
Спорт

Марафоны рекордыг шинэчилсэн шинэ АДИДАС пүүз

Марафоны рекордыг шинэчилсэн шинэ АДИДАС пүүз

Энэ сарын 26-нд болсон Лондоны марафонд түүхэн амжилтууд ээлж дараалан эвдэрч байлаа. Марафон гүйлтийн түүхэнд өмнө нь хэн ч, хэзээ ч 2 цагаас дотогш гүйж байгаагүй билээ. Тэгвэл энэ өдөр анх удаа 2 цагаас дотогш амжилтыг хоёр ч марафонч үзүүллээ. Этиопийн Йомиф Кейелча 1:59:.41 гүйсэн ч "дөнгөж" хоёрдугаар байр эзэлсэн. Учир нь Кенийн Себастьян Саве 1:59.30 амжилтаар Дэлхийн рекордыг шинэчлэн түрүүлсэн юм.

Себастьян Савегийн хөлд дэлхийн хөнгөн атлетикийн түүхэнд хамгийн хөнгөн “Adidas Adizero Adios Pro Evo 3” шинэ пүүз харагдаж байлаа. Энэ загварыг Лондоны марафоноос хэдхэн хоногийн өмнө гаргасан бөгөөд тэр дороо л түүхийн хуудсыг өөрчлөх тамирчны хөлд углагдсан байлаа. Дундаж жин нь 97 грамм бөгөөд өмнөх загвараас 30 хувь хөнгөрч, гүйлтийн үр ашиг 1,6% нэмэгджээ.

Шинэ загварын гол онцлог нь бүрэн шинэчлэгдсэн карбон систем юм. Өмнөх Energy Rods-ийг ENERGYRIM технологиор орлосон бөгөөд карбоныг уланд ашигласнаар түлхэлтийн хүч өөр болсон байна. 39 мм зузаантай ул нь тамирчны алхалт болгон дээр эрч хүчийг эргүүлэн өгдөг давуу талтай. Пүүзний дээд хэсгийг кайтсёрфингийн дарвуулаас санаа авч бүтээсэн нь хөлийг сайтар тулж, жингүйдэж байгаа мэт мэдрэмжийг олгоно. Улны урд хэсэгт Continental резин хийж өгснөөр өндөр хурдтай гүйх үед замтай сайн барьцалдаж, гүйлтэд тусална.

“Adidas” компанийн бүтээгдэхүүн хариуцсан дэд захирал Стефан Схолтен “Бид 3 жил ажиллаж байж, ийм хөнгөн пүүз гаргалаа. Хэдхэн хоногийн дотор албан ёсны тэмцээнд дэлхийн рекорд тогтооно гэдэг манай шинэ бүтээгдэхүүний чанарыг батлан харуулж байна” гэж мэдэгджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...