UBLife Logo
Newsfeed
Нягталдаг бол COOL | Худал мэдээллийг таних 6 арга

Нягталдаг бол COOL | Худал мэдээллийг таних 6 арга

IRIM судалгааны хүрээлэнгээс 16-25 насныхны дунд хийсэн судалгаагаар залуучууд үнэн худал мэдээлэлд хоёуланд нь итгэдэггүй хандлага илэрчээ. Энэ нь хуурамч мэдээлэл тогтмол түгсээр юунд ч итгэлгүй болдгодог олон улсын судлаачдын дүгнэлтийг баталж байгаа аж. Тиймээс худал мэдээллийг хэрхэн таних хамгийн түгээмэл 6 аргыг танилцуулж байна.


Хэрэв бичвэрийн мэдээлэл бол:

1. Мэдээний гарчиг болон агуулга зөрж байгаа эсэхийг нягтлах

Тухайн мэдээн дээр дарж оруулах зорилгоор хэт сүржин хүний анхаарлыг шууд татахаар гарчиг өгдөг. Үүнийг "clickbait" гэж нэрлэдэг. Үзэлтээ өсгөх, зар сурталчилгаа харуулах зорилготой худал мэдээлэл түгээж байгаа хэлбэр.

Хэрхэн таних вэ?

Ихэвчлэн “ШОК!”, “ГАЙХАЛТАЙ!”, “ЧУХАЛ!”, “ХЭН Ч ИНГЭЖ САНАСАНГҮЙ!” гэх мэтээр давсалсан, хэтрүүлсэн гарчигтай байдаг. Харин агуулга нь танд тухайн сэдвийн талаар бүрэн гүйцэт мэдээлэл өгдөггүй. Тиймээс та заавал ч үгүй гарчиг болон агуулгын уялдааг шалгаж, нягталж байгаарай.

2. Эх сурвалжийг нягтлах

Мэдээллийг үнэн эсэхийг нягтлах хамгийн найдвартай арга бол энэ мэдээлэл хаанаас нийтэлсэн бэ гэдгийг тодруулах явдал.

Хэрхэн нягтлах вэ?

Мэдээлэл авч буй холбоосыг хамгийн түрүүнд ажиглах хэрэгтэй. Хэрэв:

  • gov.mn гэсэн байвал Засгийн газрын албан ёсны вэбсайтууд

  • edu.mn гэвэл Их дээд сургууль, боловсролын байгууллагын сайтууд байдаг.

Харин урт, утгагүй олон үсэг, тэмдэгт, тоо холилдсон байвал хуурамч вэбсайт байх магадлал өндөр байдаг.

3. Тухайн мэдээг уншаад сэтгэл хөдлөлд автаж байвал түр азнаарай.

Хуурамч мэдээлэл түгээгчид “Айх, гайхах” болон жигших, зэвүүцэх сэтгэл хөдлөлийг төрүүлдэг. Энэ нь ч тэдний зорилго. Тиймээс ямарваа нэгэн мэдээлэл уншаад хүчтэй мэдрэмж төрч байвал шууд итгэхгүй байх хэрэгтэй.

Бусад мэдээллийн сайтуудад ижил төстэй мэдээлэл орсон эсэхийг шалгаж үзээрэй. Хэрэв зөвхөн нэг сайтад л орсон мэдээлэл бол хуурамч байх магадлалтай.

4. Нягталдаг бол COOL аяны талаар аянд нэгдэх, түгээх

Массачусетсын технологийн институтийн судалгаагаар X (Твиттер) дээрх сая сая жиргээг судалж үзэхэд хуурамч мэдээлэл нь үнэн мэдээллээс 6 дахин хурдан тархдаг болохыг тогтоосон байна. Дээр дурдсанчлан байнга түгэх худал мэдээллээс үүдэн залуучууд үнэн мэдээлэл ч итгэхгүй хандлагатай болсон байна. Иймд залуусын хуурамч мэдээллийг таних, баримт шалгах ур чадвараар баталгаатай эх сурвалжийг олж түгээх зэрэг агуулгыг хүргэхээр “Нягталдаг бол COOL” бичил аяныг зохион байгуулж байгаа аж.

Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Зураг болон видео бол:

5. Зураг видеог сайтар ажиглах

Засварласан зургийг хэд хэдэн шинжээр ажиглаж болно. Хамгийн түгээмэл шинжүүд нь:

  • Гэрэл сүүдэр зөрж харагдах.

  • Хүний царай төрх, гар хуруу гаж харагдах

  • Текст эвдэрхий харагдах зэрэг шинжээр бид таньж болно.

Харин видео дээр:

  • Амны хөдөлгөөн болон дуу зөрөх

  • Хүний арьс өө сэвгүй, шаазан мэт харагдах

  • Толгой эргэх үед нүүр гажиж харагдах

  • Нүдээ анивчихгүй байх гэх мэт шинжээр бид таньж болно.

6. Хуурамч мэдээлэл танихад туслах хэрэглүүр ашиглах

  • deepai.org

  • Хиймэл оюунаар бүтээсэн хуурамч зургийг таних боломжтой.

  • decopy.ai

  • Тухайн зургийг яагаад юуны учраас, ямар шинжээр хуурамч зураг гэж дүгнэж байгааг нарийн тайлбартай гарган өгдөг.

  • mfcc.mn

  • Цахим орчинд өндөр хандалттай байгаа мэдээллүүдийг нарийн шалгаж үнэн худал, төөрөгдүүлсэн болохыг тогтоодог.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...