За ингээд хөлбөмбөгийн 23 дахь удаагийн ДАШТ-ий эхний тоглолтууд болж, Мексик цуут "Ацтека" цэнгэлдэхдээ ӨАБНУ-ыг 2:0-ээр хожсон бол Гвадалахара хотноо БНСУ Чехийг 2:1-ээр хожлоо.
⚽️⚽️⚽️⚽️⚽️
Мексикийг хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн баг гэлтэй. Тэд найман удаа нээлтийн тоглолтод оролцсон хувьтай баг бөгөөд харин энэ удаа л нээлтийн тоглолтод анхны ялалтаа авлаа.
⚽️⚽️⚽️⚽️⚽️
Нээлтийн тоглолтыг дэнсэлсэн бразил шүүгч Вилтон Сампайо Өмнөд Африкийн хоёр, Мексикийн нэг, нийтдээ гурван тоглогчид "улаан жавтий" хүртээж, талбайгаас хөөсөн нь нээлтийн тоглолтын хувьд анхных боллоо.
⚽️⚽️⚽️⚽️⚽️
Өмнөд Африкийн шигшээ багийн дасгалжуулагч Уго Брүс нээлтийн тоглолтын дараа ДАШТ-ий түүхэн дэх хамгийн ахмад ( 74 нас, 62 хоног) насандаа багаа удирдсан дасгалжуулагч болов.

Гэвч түүний энэ түүхэн рекорд ердөө хэдхэн цагийн настай байлаа.
Учир нь Чехиагийн дасгалжуулагч Мирослав Коубек БНСУ-тай хийсэн тоглолтод багаа удирдахдаа 74 нас, 283 хоногтой байсан юм.
Сонирхолтой нь энэ рекорд ч бас урт наслахгүй бололтой.
Долдугаар сарын 14-нд Германы эсрэг тоглох Курасаогийн дасгалжуулагч Дик Адвокаат тэр өдөр 78 нас, 260 хоногтой байх ажээ.
⚽️⚽️⚽️⚽️⚽️
Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн тоглолтыг хүлээн авсан анхны цэнгэлдэх хүрээлэн нь Мексикийн Мехико хотноо байрлах "Ацтека" цэнгэлдэх боллоо. Өмнө нь 1970,1986 оны ДАШТ-ий нээлт энэхүү алдарт цэнгэлдэхэд болж байсан юм.
"Ацтека" нь мөн ДАШТ-ий шигшээ тоглолт буюу финалыг хоёр удаа хүлээн авсан цорын ганц цэнгэлдэх.
Далайн төвшнөөс 2200 м өндөрт оршдог, 87 523 хүний суудалтай , хөлбөмбөгийн "Хаан" Пеле гуравдахиа "Алтан дагина" хүртэж, аугаа Марадона "Бурхны гар"-аараа гоолдож, дэлхийн аварга болж байсан, хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн алдартай цэнгэлдэхийн нэг "Ацтека"-д яг 10 жилийн өмнө хөл тавьж байжээ.
⚽️⚽️⚽️⚽️⚽️
Хөлбөмбөгийн ДАШТ анх удаа гурван нээлтийн ёслолтой болох гэж байна. Анх удаагаа гурван улсад зохиогдож буй тул зохион байгуулагч улс бүр нээлтийн ёслол хийх юм. Өчигдөр Мексикт нээлтийн ёслол , эхний тоглолт болсон бол өнөөдөр (6.12) АНУ-ын Лос Анжелес, Канадын Торонто хотуудад нээлтийн ёслол болно.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
